Эх орны баруун хязгаарт байдал хүнд байна
2010.03.03

Эх орны баруун хязгаарт байдал хүнд байна

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ховд аймгийн Булган суманд ажиллав.president_baruun
Монгол Улсын баруун хязгаар, Монгол Алтайн нурууны өвөрт орших манай улсын хамгийн олон үндэстэн, ястны нутаг болсон Ховд аймгийн Булган суманд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 3-р сарын 1-ний өдөр ажиллалаа.

Тус суманд гамшгийн байдал удаан үргэлжилж байна. Цасны зузаан 60 см хүрч, хүйтний эрч 42 хэм хүрсэн хүнд нөхцөлд малчид өвлийг арай ядан давж, одоо нийт малынхаа 40%-ийг алдсан, сумын хэмжээнд өвс тэжээл бүрэн дууссан байдалтайгаар хавартай золгож байна. Нэг наст мал үндсэндээ хорогдож, одоогоор 80 гаруй мянган мал хорогдоод байгаа тухай сумын засаг дарга С.Баярсайхан ярилаа. Малчид түлээ түлшгүй болж байна. Тамирдсан мал хаврыг давах найдваргүй, малын хорогдол дахиад нэмэгдэх байх гэж сумын удирдлага хэлэв. Огт малгүй болж, ядуурах өрх айл олон байгаа гэлээ. Ерөнхийлөгчийг дагалдан ажиллаж байгаа, ХХААХҮ-ийн сайд Х.Золжаргал, малчдыг малжуулах төсөл бэлэн болсон, энэ хөтөлбөрт 7.5 тэрбум төгрөг зарцуулж, огт малгүй болсон өрхүүдэд 65 мал өгөхөөр тооцоолж байгаа гэж хэлсэн мэдээ малчдыг баярлуулж байлаа.

Одоо мөс хайлж, шар усны үер нүүрлэх магадлал өндөр болжээ. Саяхан Булган голын мөс хайлж, 10 гаруй айл усанд автсан. Ийнхүү онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбоотой нэгэн хүсэлтийг сумын удирдлага тавилаа. Тэр нь, суманд онцгой байдлын салбар ангитай болох хүсэлт. Алслагдсан сум учраас гамшиг тохиолдох бүрт аймаг руу дуудлага өгөх нь цаг хугацааны болон хүрэлцээний хувьд хүндрэлтэй байгааг тэд учирлаж байна. 3 сумын хэмжээний буюу 9500 гаруй хүн амтай харьцангүй том сум болох энэ нутагт сургуулийн байр дутагдаж байгаа юм байна. Мөн сумын эмнэлгийг нэгдсэн эмнэлгийн хэмжээнд хүргэх шаардлагатай байгаа гэж орон нутгийн удирдлага танилцуулав. Нутгийн захиргааны ордон барихад шаардлагатай байгаа 400 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг олоход дэмжлэг үзүүлэхийг Ерөнхийлөгчөөс хүсч байлаа.

Эдийн засгийн хувьд Булган сум харьцангүй бие даасан нутаг. Хилийн 2 гарцтай, суманд 40 ААН үйл ажиллагаа явуулдаг, худалдаа наймаа хөгжиж байгаа, төсвөө өөрсдөө бүрдүүдэг сум юм. Өнгөрсөн жил жижиг дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 5 сая төгрөгийн зээл авсан иргэд хорголжин болон тэжээлийн үйлдвэр ажиллуулахаар ажиллаж байгаа юм байна.

Хүнд хэцүү цаг үед газрын хол, байгал цаг агаарын бэрхшээлтэй байгаа гэлтгүй ирж сэтгэл санааны дэмжлэг үзүүлж, малчидтай уулзан, тэдний санаа бодлыг сонсож байгаад талархаж байгаагаа хязгаар нутгийн иргэд илэрхийлж байлаа. Булганчууд, баруун хязгаарынхны адил баруун бүсийн нэмэгдлийг олгож өгөх, эрчим хүчний асуудлыг найдвартайгаар шийдэх, дутагдалтай байгаа эмч багш нарын асуудлыг шийдэх зэрэг бүс нутгийн тулгамдсан асуудлуудаас гадна, оюутны сургалтын тэтгэлэг, банкны өр зээл, бэлчээрийн мал аж ахуйн шинэ бодлого зэрэг асуудлуудаар Ерөнхийлөгчид асуулт тавьж хариулт авлаа.

“ Баруун бүсийн нэмэгдэл байх ёстой, энэ талаар нааштай шийдвэр гарахыг бүх талаар дэмжиж ажиллана. Оюутны сургалтын төлбөрийг дээд боловсролын чанар, санхүүжилт, ажлын асуудалтай цогцоор нь шийдэх шинэ хуулийн төсөл бэлэн болсон, иргэдээр хэлэлцүүлэгдэж байгаа. Мал аж ахуйн цоо шинэ бодлого хэрэгтэй байгааг нөхцөл байдал харуулж байгаа учраас бүгдээрээ хамтраад шийдэл ольё. Эрчим хүчний тулгамдсан асуудлуудыг шийдэх хүрээнд засгийн газрын холбогдох хүмүүстэй ярилцаж, холбогдох үүрэг чиглэлийг өгөх болно” гэсэн томьёоллоор Ерөнхийлөгч дэлгэрэнгүй хариулт өгсөн юм.

Ерөнхийлөгчийг Ховд аймгийн Булган суманд иргэдтэй уулзалт хийсний дараа Алтай , Үенчийн зааг нутгийг зорив.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.