2023.06.16
Ц.Туваан: Эмч нарын нийгмийн асуудлыг хэрхэн шийдэх вэ
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.16/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар УИХ дахь цөөнхийн бүлгээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандан асуусан "Xүн амыг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах ажлын явц, үр дүнгийн талаар" мэдээллийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг чуулганы хуралдаанд танилцууллаа.
Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
Эрт илрүүлэг хэзээ дуусах вэ. Тавигдсан санхүү мөнгө нь юу болж байна вэ? Өндөр настнууд сумын эмнэлгээсээ урилгаа аваад, ирээд үзүүлье гэхээр үзэж өгөх эмнэлэг байхгүй. Аймагт үзлэгийн урт дараалал үүссэн. Энэ асуудалд ямар бодлого барьж байгаа вэ? Эрт илрүүлэгт хамруулах тал дээр яамны бодлого ямар байна.
Сумын эрүүл мэндийн төв дээр нэлээн асуудлууд байна. Гүйцэтгэлийн санхүүжилт дээр ч би шилжилтийн зохицуулалтын горим оруулж ирээч гээд хэлж байсан. Чинзориг сайд сумын асуудлыг нэлээн ярьж эхэлсэн. Сумын төв, алслалт, улсын төсөв дээр суух мөнгө гээд энэ асуудлууд ямар шатандаа байна вэ?
Бид хэд нэг хэсэг төсөв дээр тавиад гүрийлгээд явсан шүү дээ. Анх таны ярьж байсан бодлогууд чинь ямар шатандаа явж байгааг тодруулна уу? Хугацаа яваад буй.
Суманд ажиллах боловсон хүчний дутагдал зөндөө болсон. Улаанбаатартай ойрхон аймаг, сумдын хувьд гэхэд их эмчгүй 4-5 сум байна. Үүнийг яах ёстой юм бэ? Сумын Засаг даргаас эхлээд Их Хурлын гишүүд бид хүртэл хайгаад явж байна шүү дээ. Уг асуудалд ямар бодлого хэрэгжүүлэх юм. Бага эмчийн шийдэж чадахгүй асуудал үүсвэл яах вэ? Үүн дээр ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байна вэ?
Асуудал тодорхой шүү дээ. Гэр бүлийн хоёр хүн эмчээр ирдэг юм. Нийгмийн асуудал буюу байр сууц хэцүү. Нэг айлын хашаанд гэр барих уу? Айлын байшин түрээслээд ажиллана. Хоол унднаас эхлээд хүнд нөхцөл бий. Алсдаа эмч нарын нийгмийн асуудлыг шийдэх тал дээр яамны ямар бодлого байна вэ?
Гүйцэтгийн санхүүжилтийн талаар хөдөө орон нутгийн иргэд ярьж байна. Бид нарыг тоохгүй байна. Хуучны эмнэлгийн, эмч нарын тогтолцоо, хандлага өөрчлөгдчихлөө. 1,2-р шатлалын эмнэлгийн эмч нар тоож хүлээж авахгүй байна. Иргэдээ мөнгө гэж хардаг боллоо гэж сүүлийн үед их яригдах боллоо. Тиймээс яамныхан үүнийг анхаараарай.
Түүний асуултад Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хариуллаа.