2023.06.29

С.Одонтуяа: МАН дарангуйлдаг, хүч түрдэг, намын үзлээр шударга бус ханддаг байдлаа зогсоох ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.29/ үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд "Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг чөлөөлөх тухай" УИХ-ынэ тогтоолын төслийг хэлэлцлээ. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Ц.Нанзаддоржыг өөрийн хүсэлтээр Үндсэн хуулийн цэцийн гишүүний үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжсэн байна.

Эл асуудлаар гишүүд байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

Би санал хэлье. МАН Их Хурал дээр олонх байна. Бүх л юманд засгийн эрх барьж байна. Эрх мэдэл нь их багаддаг юм шиг байгаа юм аа. Олон ургальч үзэл, олон намын угшил байж хууль тогтоомж бүх зүйл чинь шударга болно шүү дээ.

Энэ зааланд шударга ёс яриад байдаг хэрнээ гаргаж байгаа шийдвэрүүд нь дандаа шударга бус. Би мэдэж байна. Нанзаддорж өөрөө өргөдлөө өгөхөөс илүү өгүүлсэн юм. Хуучин Ардчилсан намын угшилтай гэсэн хүмүүсийг өргөдлийг нь хүчээр өгүүлээд байдаг. Гэтэл МАН-ын угшилтай хүмүүсийн тэтгэврийн нас нь болоод чөлөөлөх үндэслэл болчихсон байхад ерөөсөө чөлөөлдөггүй.

Энэ чинь нийгэмд шударга бус байдлыг харуулж байгаа хэрэг. Аливаа юм хэтрэхээрээ, бялуурахаараа болдоггүй шүү гэдгийг дэд даргын хувьд хэлчихье. Өөрөө өргөдлөө өгсөн юм гэнэ лээ гэсэн хүүхэд хуурч байгаа мэт энэ үйлдлээ болих хэрэгтэй. Эрх барьж буй намынхан хэтэрхий хүч түрсэн, гаргаж байгаа шийдвэрүүд нь улс төрийн захиалгаар ажиллаж болохгүй шүү дээ.

Үр хүүхэд, хойч үедээ шударга нийгмийг үлдээе л гэж ажиллаж байгаа. Тиймээс цаашдаа дарангуйлдаг, хүч түрдэг, намын харьяаллаар нь өргөдлийг нь өгүүлдэг байддлаа болих ёстой. Та нарт эрх мэдэл багадаагүй. Харин ч ихдэж буй. МАН мөрийн хөтөлбөрийнхээ дийлэнхийг нь биелүүлээгүй байгаа шүү дээ. Ард түмний амьдрал ямар байгаа бил ээ? Дандаа албан тушаалын хойноос хөөцөлдсөн байх юм.