Н.Алтанхуяг: АН 20 жилийн хугацаанд хангалттай хэмжээний сорилт шалгалтыг туулсан
2010.03.15

Н.Алтанхуяг: АН 20 жилийн хугацаанд хангалттай хэмжээний сорилт шалгалтыг туулсан

-АН-ын дарга, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд Н.Алтанхуягийн МҮТВ-ийн “Эвлүүлэггүй яриа” ярилцлагын хөтөлбөрт сэтгүүлч Б.Оюунчимэгтэй хийсэн ярилцлага-
-Эдийн засгийн хүрээний асуудлаас тантай яриагаа эхэлье гэж бодож байна. Өнөөдөр Оюутолгойн төслийн хэрэгжилтийн талаар янз бүрийн яриа байна. Гэрээг буруу хийсэн тухай их ярьж байна л даа. Энэ нь үнэхээр итгэл байна уу? Гадны хөрөнгө оруулагчидтай хийсэн нэвтрүүлэг манай телевизээр явсан. Эхлэл нь тавигдахгaltanhuyag_01үй удаж байна гэх юм. Таны бодлыг сонсъё.
-Оюутолгойн гэрээ хоёр ч их хурлаар хэлэлцэгдэж хэд хэдэн Засгийн газар дамнаж байж батлагдсан. Баталсан гэдэг бол Оюутолгойд хөрөнгө оруулах хөрөнгө оруулагчаа оллоо, одоо ажлаа эхэлж болох нь гэсэн үг юм. Тэр завсар зарим тодорхойгүй, техник эдийн засгийн үндэслэл дээр нь тодруулмаар зүйлс их байсан. ЭБЭХЯ дээр ирээд зарим нэг зүйлийг тодруулах хэрэгтэй юм байна гээд буцаагдсан байгаа. Үүнийг  нь “Оюутолгойн гэрээ буцаагджээ” гэж ойлгоод байна. Гэрээ буцаагдаж байгаа хэрэг биш шүү дээ. Нэгэнт Засгийн газраар батлагдсан зүйл дээр тийм асуудал байхгүй. Харин техник эдийн засгийн үндэслэл гэдэг нь байгаа нөөцөө зөв тодорхойлж уу үгүй юу гэдэг дээр нягталж яамны тоо баримт дээр тулгах гэж түр буцаасан хэрэг. Түр буцаасан гэдэг маань тодруулчихаад буцаан хэлэлцэнэ гэсэн үг л дээ.
-Энэ бүхэнд хугацаа алдаад байгаа юм биш үү?
-Хугацаа алдах юм байхгүй. Бид нар мэдээж хамтраад ашиглаж байгаа юм чинь ядаж бүрэн бүтэн хэмжээндээ тооцогдож байна уу үгүй юу гэдэгт хяналтаа тавих нь зөв. Оюутолгойг ашиглах компани ерөнхийдөө 2010 оныхоо төлөвлөгөөг гаргачихсан, түүгээрээ 780 сая долларын хөрөнгө оруулалт хийнэ гээд төлөвлөчихсөн ий дагуу эхнээсээ хийгээд эхэлчихсэн байна. Манайхан ч мэдэж байгаа. Ойр тойрныхонд нь Оюутолгойд ажилд орж байгаа жишээ их бий байх. Саяхан нэг хүн надаас “Оюутолгойд хүн авч байгаа гэнэ. Асууж өгөөч ” гэсэн. Асууж үзтэл “болно оо, дараалалд орно, ирэх 6-р сарын нэгнээс хүнээ авч эхэлнээ гэж байсан. Тэгэхээр ашиглалтад ороод эхлэхээр маш олон ажлын байр бий болно. Цаашид ч нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэж байсан. 780 сая доллар гэдэг ер нь боломжийн их мөнгө л дөө. Триллион гаруй төгрөг болж байгаа юм.
-Оюутолгойн гэрээ хийгдэж ажил эхлэхээр тийшээ үйлчилгээ хангалтын ажил хийх нэрээр шударга бус сонгон шалгаруулсан тендер их болох юм гэсэн яриа явж байна. УИХ-ын гишүүд нэг нэг компанитай, тэдгээр дарга нарынх нь компани л ажиллах юм гэнэ гэсэн үнэн худал нь мэдэгдэхгүй яриа их гарч байна аа. Хардах эрх хэнд ч байх л даа. Энэ ярианаас иргэдэд эргэлзээ төрж байгаа байх. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Тэгэхээр ажил явж байгаа нь таны хэлж байгаа хоёр ч зүйлээр батлагдаж байна шүү дээ. Нэгдүгээрт ажлын байр бий болж, хүмүүс очерлож байна. Би энийгээ хийнэ, чи энийгээ хий гээд ярьж байгаа бол ажил эхлээд явж байна гэсэн үг л дээ. Бид жаахан юман дээр дотроо ойлголцоод зохицоод хийчих хэрэгтэй. Өмнө нь хаана ч байгаагүй 780 сая триллион/ ? /төгрөг орж ирж байгаа. Тэр триллион төгрөгний нэлээд хэсэг нь хөрөнгө оруулалт байгаа. Тэгэхдээ тэр хөрөнгө оруулалтан дээр өрсөлдөөд болдог бол монголын компаниуд дийлэнхийг нь авч байвал сайн л даа.
-Харин тийм, бид бие биенээ ойлголцохгүй байгаагийн гол шалтгаан бол ил тод биш, тэнд тэгж байгаа гэнэ шүүгэсэн сураг ажгийн мэдээлэл байгаатай холбоотой байх шиг байна. Жишээлбэл тэнд ажиллах компаниудыг тодорхой тендер зарлах үйл явцыг хянаж байгаа газар байна уу
-Тэр бол миний бодлоор эхлээгүй байгаа. яагаад гэвэл монгол улсаас удирдах зөвлөлд нь гурван хүнээ оруулдаг. Тэр хүмүүсээ оруулаагүй байна. Удирдах зөвлөлд хүмүүсээ оруулаагүй байхад тендер зарлагдаж үйл явц эхлээгүй. Бусад ажлууд нь явагдаж эхлээд байна. Ер нь бол ийм хэмжээний бүтээн байгуулалт хийгдэнэ гэдэг нь ил тод тендер зарлагдаж байж шийдэгдэх ёстой.
-УИХ завсарлаад гишүүд тойрогтоо очиж ажиллах үеэр иргэд сонгогчдын асууж байгаа зүйл бол нөгөө л 2.5 сая төгрөг. Энэ мөнгийг өгөх боломж байгаа юу? Тодорхой хариу өгөх цаг болсон уу?
-Би сайхан Бор–Өндөрийн иргэдтэй уулзсан. Энэ мөнгийг өгч чадах уу үгүй юу гэдгээ хэлээч гэсэн асуулт их тавигдсан. Тэгэхээр Хамтарсан засаг байгуулагдсан гол зорилго бол ямар ч байсан ард түмнийхээ ахуй амьжиргааг дээшлүүлэх. Манай намын амласан 1 сая, МАХН-ын амласан 1.5 сая. Үүнийг өгөхийн тулд хамтарсан Засгийн газар байгуулсан. Үүнийгээ өгч эхэлж байна. Яаж өгч эхэлж байна вэ гэхээр монгол улсын иргэн бүр 120.000 төгрөг авах боломжтой боллоо. Үүний 70.000 ахмадууд хүүхдүүдэд өгөөд эхэлсэн шүү дээ Залуус ч одоо 70.000 авах боломжтой.  .Үлдсэн 50.000 төгрөгийг 7-р сараас хойш олгоод эхэлнэ. Ардчилсан нийгэм гээд хүн бүхэн дураараа ярьж буруу ойлголтыг нийгэмд их үүсгэж байна л даа. Эндээс ойлголтын зөрүү үүсээд байна шүү дээ. Хүүхдэд өгч байсан мөнгийг хаслаа л гээд байна. Гэтэл иргэн тус бүрт 120.000 төгрөг өгөхөөр боллоо. Би тодорхой жишээгээр ярья. 3 хүүхэдтэй, 5 ам бүлтэй айл байлаа гэж бодъё. Өмнө нь жилдээ 3 хүүхдийн мөнгө гээд 400-аад мянган төгрөг авдаг байсан бол одоо эцэг эхийнх нь мөнгө нэмэгдэн 600.000 болж өрхийн орлого 200.000 төгрөгөөр нэмэгдсэн байна. Гэлээ ч хүмүүс энэ мөнгийг бага байна гээд л шүүмжилж байна. Учир нь өмнө нь баахан том мөнгөний сураг дуулчихаар хүмүүст их мөнгөний хүлээлт байгаад байдаг. Тэгэхээр хамтарсан засаг байгуулах гээд явж байгаа гол зорилго бол зөвхөн сая сая төгрөг өгөх биш, ер нь монголчууд хамтраад юу хийж болох юм,эдийн засгаа хөгжүүлж, хүн амынхаа ахуй амьжиргааг дээшлүүлэх чиглэлд хамтарсан дээрээ жаахан боломжийн юм хийчихье гээд байгаагийн эхлэл нь 120.000 төгрөг. Монгол улсын хэмжээнд 1 сая хүүхдэд 130 тэрбум төгрөг өгдөг байсан бол одоо хүн бүрт 120.000 төгрөг өгөхөөр тэрнээс 3 дахин их мөнгө буюу 340 гаруй тэрбум төгрөг энэ санд цугларч байна.

Үүнийг ч бид бас бага байна гэж үзэж байгаа. ирэх 2011 онд нэмэгдүүлэх боломж бий. Олон жил бухамдаж байж ганц ордыг л ашиглалтад орууллаа шүү дээ. Одоо тэгвэл Тавантолгой гээд нүүрсний том орд байна. Энэ ордыг ашиглах асуудлыг энэ хаврын чуулганаар хэлэлцээд баталж чадвал эндээс дор хаяхад …Сая Оюутолгой ашиглалтад ороход урьдчилгаа гээд 100 сая доллар авсан шүү дээ. Энэ нь 140 орчим тэрбум төгрөг. Тэгэхээр 140 орчим тэрбум төгрөгнөөс 10 дахин их мөнгийг урьдчилгаа төлбөр байдлаар энэ нүүрсний ордоос авах боломж бий. Гэх мэтчилэн ураны орд гээд олон ордууд байна. Ер нь бол хамтраад байгаа юмаа зохих хэмжээний хөдөлгөөнд оруулаад монголын баялгийг өнөөдрийн монголчууд хувь хүртэх эрхтэй гэсэн ийм бодлого үйл ажиллагаа явж байна. Ер нь сонгуулиар их том мөнгөнүүд амлаж, энэ нь их том хүлээлт үүсгээд, сая төгрөг авна гэж бодож байсан хүнд 120.000 төгрөг очихоор жижиг харагдаад байна л даа. Гэхдээ засгийн газар хамтарсны хүчинд ойрын 2 жилд өгөх боломж бий. Харин өгөхийн тулд ажлуудаа хийх хэрэгтэй. Уурхайнуудаа ашиглалтад оруулж тодорхой хэмжээгээр нүүрсээ юмуу алт уранаа ашиглахгүйгээр мөнгө бий болохгүй, ажлын байр бий болохгүй. Хойшид бол улс төрийн намууд мөнгө амлах явдлаа зогсоох ёстой гэсэн хуулийн төсөл явж байна. Харин анхаарах зүйл бол мөнгө амлахгүйгээр, өгөхгүйгээр цалин хөлс нь боломжийн байх нөхцөлөөр хангах. 500-1 сая төгрөгийн цалинтай ажлын байрыг бий болгох асуудлыг засгийн газар бодлого болгож ажиллах хэрэгтэй. Бэлэн мөнгө өгдөг асуудлын оронд иргэнийхээ эрүүл мэнд боловсролд хөрөнгө оруулалт хэлбэрээр шийдвэрлэж, хүн амаа орон сууцжуулах асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байна.
-Орон сууц гэж гэснээс орон сууц санхүүжилтийн корпараци засгийн газраас зөвшөөрсөн 1 м2 нь 600 мянган төгрөгний байр авах боломж алга гэж яриад байна. Энэ маань бас хий яриа тайлбар хэлэх шаардлага гарах вий дээ?
-200-аад тэрбум төгрөг гаргаад өгсөн байгаа. ЗТБХБЯ,НХХЯ, үүнийг зохицуулаад явж байгаа. Харин засгийн газраас 650.000 төгрөг гэж хязгаарлаж өгсөн. Ялангуяа нэг саяас дээш үнэтэй байрыг төсвийн байгууллагын ажилтан аваад буцааж яаж төлөх вэ гэдэг үүднээс ийм саналыг засгийн газар тавьсан. Иймээс харьцангуй өртөг багатай.
-Тэр 650 мянгын үнэтэй байр нь ховор байгаад байгаа биш юм уу? Ердөө 20-хон ширхэг байр байгаа гэнэ гэсэн яриа байсан. Байрлал нь ч гологддог юм биш үү?
Хоёр талтай л юм, яагаад гэвэл сүүлийн 2, 3 жилд Монголд байрны үнэ нэмэгдээд тэнгэрт хадлаа шүү дээ. Үүнийгээ дагаад барилга барьдаг компаниуд мөнгө олох гээд тэр чиглэлээрээ ч нэлээд их юм хийсэн. Тэр хийснийг нь өнөөдөр 650 мянгаар авъя гэхээр дургүйцээд байна. Бодож байснаас нь хавьгүй доогуур үнэ хэлэхээр хэсэг нөхөд дургүй байгаа нь үнэн. Тэр дургүй байгаа гээд бүгдийг нь заавал саяар ав гээд шахах хэцүү. Төрийн албан хаагч, төсвийн цалинтай хүмүүс метр кв-ыг нь саяар ав гэж засаг хэлэхэд бас хэцүү биз дээ. Тиймээс хоорондоо ярьж ойлголцоод 650 болдоггүй юм бол 680, 700 мянгаар авахгүй юу? Гол нь нөгөө хүн нь хэдэн жилийн хугацаатай төлөх юм, үүнийгээ аль аль талаасаа бодолцох ёстой. Барилгын компаниуд ч бодолцох хэрэгтэй.
-Өчигдөр 25 дугаар суваг телевизээр нэлээд хэдэн улсын их хурлын гишүүд суучихсан ярьж байна лээ. Төрийн албан хаагчид гээд та сая яриад байна л даа, эд чинь нийлээд 140 мянган хүн л байна шүү дээ. Гэтэл төрийн албан хаагчидаасаа дор бага цалинтай хувийн хэвшлийнхэн ч бас байранд оръё л гэж бодож байгаа. Тэд маань яах вэ?
-Ер нь бол иргэдээ л орон сууцаар хангах тухай л яриад байгаа шүү дээ. Төрийн албан хаагчдыг эхний ээлжинд гэж байгаа. Төрийн албан хаагчдын хувьд 4000 орон сууцны боломж байгаа тухай ярьсан. Одоо яг ингээд банкан дээр яваад очиход төрийн албан хаагчдын цалин хөлс бага, энэ нь шууд харагдаж байгаа хэдий ч хувиараа ажил эрхэлж байгаа хүмүүсээс илүү тод ойлгомжтой харагддаг. Хувиараа бизнес эрхлээд мөнгө олж байгаа иргэд банканд мөнгө олдог нь тодорхой, эрсдэл хүлээх чадвартай нь тодорхой байвал хэнд нь ч татгалзах зүйлгүй. Энэ л тодорхой байвал заавал төрийн албан хаагч гээд байх юм байхгүй, иргэдэд нээлттэй. Ер нь боломжтой иргэн орлогоо тодорхойлоод банкинд боломжоо харуулж чадвал байртай болох боломж байж л байгаа. Ер нь бид 100 мянган ОС хөтөлбөрийг хэрэгжүүлснээр иргэдийн байртай болох боломж илүү нэмэгдэнэ. Одоо өгч байгаа нөхцөл гайгүй байгаа шүү дээ. 30 гаруй жилийн хугацаанд байрныхаа зээлийг төлчихнө, ямар асуудал тулгараад байна вэ гэвэл эхлээд урьдчилж, мөнгө төлөх ёстой шүү дээ. За тэгвэл үүн дээр нь төр дэмжлэг үзүүлье. Энэ мэтчилэн тал талаасаа хамтраад иргэдээ байртай болгоё, орон сууцтай болгоё, ажлын байртай болгоё гэсэн энэ чиглэлийн бодлого эхлээд явж байна.
-Яагаад Хамтарсан Засгийн газар байгуулах болсноо та яриан завсартаа тайлбарлалаа. Тэгвэл бас буруушааж байгаа, хоёр намын албан тушаалын наймаа гэж үзэж байгаа, огцрох хэрэгтэй гэсэн байр суурь бас энд тэнд байна.ер нь ч монголчууд улс төрд их ач холбогдол өгөх юм. Энэ хаварын үйл явдал ч  нэг юм болох нь байна шүү гэсэн хандлага байгаад байна. Та үүнийг юу гэх вэ?
-Би бол санал нэг байна. Чадахгүй бол огцорно биз дээ. Тэнд заавал байгаад зууралдаад байх хэрэггүй биз дээ. Эцсийн эцэст хамтарсан байна уу хамтраагүй байна уу энэ зааг төрийн үйл ажиллагаанаас хэн хожих юм бэ гэдэг нь чухал. Үнэхээр та нарын ахуй амьдралд дэмжлэг болж байна уу гэж олон нийтээс асууж болно шүү дээ. Одоо цаашдаа юм хийвэл  болж байна гэвэл ажиллана. Үнэхээр болохгүй байна, сөрөг хүчин болоод сөргөлдөөд байх нь чухал юм байнаа гээд байгаа бол больж бас болно. Бидний анх бодож байсан бодол итгэл үнэмшил юу байсан бэ гэвэл бид 20 жил улс төрд явж ирлээ. 20 жил сөрөг хүчин яадаг билээ гэдгийг мэдлээ шүү дээ. Энэ тэмцэлдээн дундаас 100 сая доллар байтугай 1 сая доллар ч босохгүй байлаа. Ганц сая доллар ч байхгүй юм бол ингэж хэрэлдэж суух шаардлага байдаг ч юмуу үгүй юу. Тиймээс хамтраад ажиллая, гагцхүү эндээс олон нийт л хожих ёстой гэсэн итгэл үнэмшил байсан.

Хэрвээ олон нийт хожихгүй л байгаад байгаа бол эргээд ярья л даа. Тийм учраас итгэл үнэмшил бол хатуу байгаа. Эндээс цөөхөн монголчууд хожих ёстой. Хүн бүр ажлын байртай болох ёстой, авдаг цалин хөлс нь нэмэгдэх ёстой, орон сууцтай болох эхлэлийг тавих ёстой. Тэгээд бид ерөнхийдөө гадны хүнийг харах биш, монголдоо сайхан амьдрах хэрэгтэй. Оюутолгой гэнэ үү, Тавантолгой гэнэ үү хамаа алга. Ямар нэгэн ажлын байртай болох нь л чухал. Хүмүүсийн амьдралын гүн рүү орьё. Төвд суучихаад 30 тэрбум тараасан тухай биш тэд нь тэр аймагт, тэр суманд очсон, хэн хэн гэдэг ямар хүн авч вэ гэдгийг мэдээд юу нь болж байна, юу нь болохгүй байна вэ гэдгийг мэдэж байх нь зүйтэй юм байна. Бор-Өндөрийн иргэд л гэхэд манайд 77 сая төгрөг ирсэн юм уу гээд гайхаад мэдэхгүй байна лээ. Орон нутгийн удирдлага, хариуцсан хүмүүс нь иргэддээ энэ талын мэдээллийг өгөх хэрэгтэй л дээ. Би удирдлагад нь хэлсэн. Ер нь аль ч аймаг, орон нутагт жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төсөвт мөнгө очиж байгаа. амжиргаагаа дээшлүүлэх, орлогоо нэмэгдүүлэх, бизнес эрхлэх хэн ч байсан орон нутгийн засаг захиргаандаа хандаж болно шүү.
-Одоо таньтай намын талаар ярилцъя гэж бодож байна. Таныг намын даргынхаа ажлыг өгөх гэж байна гэж сонссон. Хэр үнэний хувьтай яриа вэ?
-Өнөөдөртөө өгье, барья гэж бодоогүй л байна. Эртээд Дундговь аймагт сайн малчны шагнал өгөх гэж яваад замдаа нэлээд даарч, 2, 3 хоног бөөр өвдөж, нүүр нүд хавагнасан. Түүнээс үүдсэн үү, тийм яриа гарсан байна лээ. 50 гарч байгаа хүн даараад 2 өдөр нүд нь хавдаж болно шүү дээ. өгөх барих асуудал байхгүй байна. Энэ байдлыг л жаахан хөгжүүлээд ярьчихаж л дээ. /инээв/
-Танай нам дотор Ардчилсан хүчний холбоо гээд нэг фракц бий болжээ. Ардчилсан нам фракцалдаг намуудын нэг л дээ. Ийм байх нь хэр зөв юм бэ?
-Таны хэлсэн үгэн дотор нэг буруу үг байна. Ардчилсан хүчний холбоо гэдэг нь фракц биш, төрийн бус байгууллага юм. Энэ төрийн бус байгууллага яагаад манай намтай холбоотой болоод байна вэ гэвэл манай намын хүмүүс даргыг нь, орлогч даргыг нь хийгээд явж байна. Би хүмүүстэй нь уулзсан. Зөв зүйтэй юм ярьж байна лээ. Би үүнийг хувьдаа их дэмжсэн. Яагаад гэхээр өмнө нь намын харъяалалтай байсан хүмүүс төрийн албанд очдог шүү дээ. Төрийн албанд очоод хууль бусаар халагдах, хууль бус янз бүрийн дарамтанд орох асуудал үүсч байна. Энэ нь эргээд намын харъяаллаараа болчихдог. Иймээс энэ хүмүүсийн эрх ашиг зөрчигдөж байна. Энэ дээр анхаарал тавьж ажилладаг төрийн бус байгууллага бий болгоё гэж байсан. үүнд буруу байхгүй. Яагаад болохгүй гэж? Одоо ТББ-ын бүртгэлийг би хариуцаж байгаа. тэргүүн шадар сайдын харъяанд байдаг агентлаг, тэнд ноднингийн байдлаар дунджаар 1000 гаруй ТББ бүртгүүлсэн байна лээ. Яагаад Монголын иргэд эвлэлдэн нэгдээд нийгэмд болохгүй байгаа тэр ажлуудыг хийхийн төлөө санаа тавьж болохгүй гэж? Ганцхан тавьсан зорилгынхоо төлөө л нэгдэж ажиллах учиртай. Засгийн газрын бодлого ч гэсэн тийм шүү дээ. Төрийн байгууллагын хийж чадахгүй байгаа зарим ажлыг ТББ руу шилжүүлж болохгүй юу байх вэ? тэд илүү үр дүнтэй яг эздэд нь хүргэж үйлчилсэн харагддаг. Зөвхөн төрөөр, түшмэлээр дамжиж байж л ажил болдог гэсэн ойлголт байхгүй болоод байна шүү дээ. Энэ агуулгаараа Ардчилсан хүчний холбоо хийх гэж, хийхийг зорьж байгаа зүйлс нь Монголын нийгэмд хэрэгтэй зүйлс.
-Хүмүүсийн хувьд ардчилсан нам дотор хэд, хэдэн фракц байгаа, тэдгээр нь зөрчилдөж байна гэсэн ойлголт байгаад байдаг. өнөөдөр ардчилссан хувьсгалын 2 дахь үе шатны тухай дахиад хувьсгал хэрэгтэй байгаа тухай олигархи бүлэг хүчээ аваад байгаа тухай яригдаж байна. Энэ цөөхөн хүн амтай Монгол улсад олигархи бүлэг хүчээ аваад ирэхээр ядуу, хоосны ялгаа гаарч, айхтар том аюул тулгарч байгаа юм биш үү?
-Үгүй яахав, янз бүрийн яриа хөөрөө гарна шүү дээ. Иймэрхүү яриа гардаг нийгмийг л бид бий болгосон байхгүй юу? Хорин жилийн өмнө иймэрхүү яриа гарвал базарваань, таминь тэр хүний толгой маргааш нь л байхгүй болно, одоо бол яриа хөөрөө гардаг, янз бүрээр хардаг, тэр ч байтугай та бид 2 энд байгаа хар үзгийг 2 талаас нь хараад янз бүрээр тайлбарлаж болно. Та үзэг гэхэд би үзэг шиг юм уу гэх жишээтэй. Яахав нэг ижил юмыг өөр өнцгөөс хараад ярилцах нээлттэй, үүний  л төлөө АН гарсан, энэнээсээ буцахгүй. Хүний эрх чөлөө, хувь хүний эрх чөлөө гэдэг бол үүнийг хэлээд байгаа юм. Тийм учраас олон өнцгөөс хараад, яриад байгаа юмыг буруу гэхгүй, харин түүнээсээ санаа оноо аваад зөв болгоод явах ёстой. Буруу хийгдэж байгаа юмыг бас ярьж болно шүү дээ. Аль эсвэл нөгөө хүн буруу ойлголттой байж болно.
-Хувь хүний хувьд АН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар хэд хэдэн удаа сонгогдон ажиллаж байлаа. Одоо АН-ыг өдий үед нь тэргүүлээд явж байна. Хувь хүний хувьд энэ яриа хөөрөө, энэ олон санал бодлын зөрөлдөөн намын даргын хувьд танд ямар байдаг вэ?
-Иймэрхүү зүйл хэвийн л үзэгдэл шүү дээ. Байх л асуудал, яагаад байж болохгүй гэж.
-Таны ажилд ямар нэгэн байдлаар саад болохгүй юу?
-Ярь гэж ам, бод гэж толгой заяасан болохоор эвтэйхэн ярьж хөөрөөд ойлголцвол болно л доо. Монголчууд бид чинь нэг хэсэг нь саран дээр нэг хэсэг нь дэлхий дээрээ байгаа хүмүүс биш биз дээ. Нэг нам дотроо байтугай нөгөө намтайгаа ч хамтраад ажиллаж болж л байна шүү дээ. Намын асуудлыг хамтраад ярилцахад болохгүй юм юу гарахав. Манай намыг хүмүүс гаднаас нь хараад дүгнэдэг юм. Аль 90-ээд оноос л зөрчилдөөнтэй гэж харж, дүгнэдэг байсан. Хүмүүс аливаа нэг юманд дасал болчихоод манай намыг зөрчилдөөнтэйгээр харж дүгнээд байгаа хэрэг. Уг нь манай байдал их зөв юм шүү дээ. Аливааг 3 өнцгөөс биш, 30 өнцгөөс харж байгаад шийдвэр гаргах юм бол даацтай шийдвэр гарна гэж бодож байна. Намын дарга гэж нэг л хүн байдаг. Гэтэл би чинь бүхнийг хардаг, бүгдийг мэддэг мэргэн түргэн лам биш шүү дээ. Ингэхээр надад олон хүний олон санаа бодол их хэрэгтэй болдог. Тойруулаад тавьсан энэ 3,4 камераар би 3,4 өнцгөөс янз бүрээр харагдаж байгаа. Нэг талаасаа гайгүй ч юм шиг, нөгөө талаасаа сорвитой ч юм уу гэх мэт. Ийм юм байдаг гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр бид үүн дээр эмзэглэдэггүй ээ. Ардчилсан нийгэм байна гэдэг чинь ийм олон санаа бодол байгааг хэлээд байгаа юм. Энийг зөв зохицуулаад явдаг ухаалаг зохицуулалт л бидэнд хэрэгтэй. Намайг намын дарга болоход манайхан надаас асууж байсан. –Энэ фракцуудыг яах гэж байна вэ ? гэж. /Уг нь фракци гэдэг чинь зөвөөр ойлгож байвал байж байх л ухагдахуун, сүүлийн үед фракц гэдгийг буруугаар ойлгох нь их боллоо. Нийгэмд янз бүрийн үзэл бодол байдгийг л илэрхийлсэн ойлголт л доо.

Би намынханхаа нөхдөд нэгдүгээрт: Би фракц гэдгийг алга болгоно оо, устгана, эсвэл нэгэн адил болгоно гэж ярихгүй ээ. Хоёрт гэвэл: тийм юмыг бордоод тэжээгээд байхгүй шүү, яахав санаа оноогоо солилцдог хэсэг байвал байж л байг гэсэн. Эцэст нь бид нэг л зорилгын төлөө явж байгаа юм чинь хамтраад асуудлаа шийдэж чаддаг байя. Нэг юмны төлөө явж байгаа юм шиг хэрнээ өөр байгаад байдаг хэсэг бас байдаг л даа. Нэг онигоо байдаг даа. чоно туулайг “туулай чи яагаад малгай өмссөн юм бэ” гээд зодчихдог. Дараа нь туулай чонотой тааралдаад малгайгаа авсан чинь “Туулай чи яагаад малгайгаа өмсөөгүй юм бэ” гээд л дахиад зодчихдог. Үүнтэй адил тохиолдлууд яахав тун бага л даа. Гэхдээ байдгийг үгүйсгээгүй. Ер нь АН 20 жилийн хугацаанд хангалттай хэмжээний сорилт шалгалтыг туулсан нам. Нэгэн түүхийг эргэн санах хэрэгтэй. 2000 оны сонгуулийн дараа АН парламентад ганцхан суудал авсан шүү дээ. Энэ юуны үр дүн байв? Энэ бол ойлголцоогүй, эвдрэлцээд хагаралдаад явсны үр дүн. Бид энэ бүхнээсээ сургамж авдаг. Хангалттай сорилт шалгалт давчихаад алдаагаа давтаж болохгүй шүү дээ. Бид хангалттай туршлагатай болсон тул өнөөдөр тийм юм болно гэж бодохгүй байна. Яагаад гэхээр бид өнөөдөр ухаантайдаа биш, олон юмыг мэдэрч туулж давлаа шүү дээ. Бор зүрхээрээ энэ бүгдийг туулаад гарсан. Олон ч алдаа хийсэн. Хийх хийхдээ бүр угсруулаад л хийж байлаа. Үүний үр дүнд аливаа юмыг арай л өөрөөр хардаг болсон юм болов уу. Наанатай цаанатай хардаг болсон гэх үү дээ. Одоо бол бид ойлголцоод явж чадаж байна.
-Үүнээс үүдээд нэг юмыг асуухгүй өнгөрч болохгүй байх. АН-ыг үүсгэн байгуулсан туршлагатай анхны томоохон лидерүүд, хуучны акулууд нь залууст зайгаа тавьж өгөхгүй юм аа гэсэн яриа хөөрөө байна уу? Энэ тал дээр таны бодол?
-Би чинь лидерүүдийн ар талд гарч ирсэн хүн шүү дээ. АН-ыг Алтанхуяг байгуулсан юм шиг буруу ойлголт өгөөд байна уу даа. /инээв/ Манай АН-ыг байгуулсан мундаг лидерүүд байгаа. одоо ч байна. Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж, Р.Гончигдорж, Б.Баабар гээд л. Тйимээ би чинь тэднээсээ хойно улс төрд орсон хүн. Аливаа юм өөрчлөгдөж шинэчлэгдэж явах ёстой байдаг. Би ийм зүйлийг дэмждэг. Гэтэл гурван залуу ирчихээд л Бат-Үүлд хандаад “Зайгаа тавь аа” гээд байвал яах уу. Яавч сайн зүйл биш ээ. Ядаж тэр хүний хэмжээнд хүрч, ядаж л дөхөж, түүнээс сурч байж ийм зүйлийг ярих байх. Түүнээс биш нэг нь зай тавь гээд нөгөө нь гарч ирээд л суучихдаг тийм хийсвэр ойлголт биш ээ. Залуус өөрөө зүтгэж байж л олны дэмжлэгийг авна. Эцсийн эцэст монголын нийгэм яаж өөрчлөгдөх юм. Заавал залуу хөгшиндөө асуудал байгаа ч юм биш. Олон түмний дэмжлэг гэж нэг юм байна.  Манай намын хувьд үндэсний зөвлөлдөх хороо 200 гаруй гишүүнтэй, жилдээ нэг хуралдаад 3/1-ийг нь өөрчлөх боломж олгодог. Энэ бүхнээс харж байхад гадна нь байгаа залууст их хэцүү өндрийн харайлт юм шиг харагддаг шиг байгаа юм. Тийм юмыг бол бид харах хэрэгтэй л дээ. Заавал ҮЗХ-нд орж байж, улс төрч болдог юм уу. Өнөөгийн залууст өөрийгөө таниулах олон боломж байна. Олон нийтийн олон байгууллага байна. Гэхдээ АН залуусыг дэмждэг олон олон бодлого явуулдаг нам шүү дээ.
-Хамтарсан засгийн газарт 3 дах хүчин болж парламентад сууж байгаа төлөөлөлтэйгээ та бүхэн их бага хамтраад байна уу даа?
-Магадгүй л юм. Гэхдээ бид ярьдаг аа. ИЗН, Ногоон намтай ярьж хөөрдөг зүйл бий. Нөгөө төлөөс хамтарчихаад МАХН,АН хоёр яг адилхан болсон мэ харагдаад байж магадгүй. Угтаа бидний санал нийлэхгүй асуудал зөндөө байгаа. Яагаад санал нийлдэггүй асуудалтай мөртлөө дээрээ очихоороо нийлээд байгаа юм гэж асууж болох юм. Бидэнд бол нэг л сонирхол байгаа. 20-иод жил сөрөг эсрэг нам гээд нэг нь юм хийх гэхээр нөгөөх нь дэгээдэж унагаад яваад байсан. Одоо болъё оо. Санал нийлж болдог асуудлуудаа жагсаагаад юм хийе гэж нэгдсэн. Жагсаасны хүчинд юм хийсэн. Оюутолгой, Тавантолгойг баталлаа. Ард түмнийхээ ахуй амьжиргааг дээшлүүлье, үйлдвэржүүлэх бодлого явуулъя, хүүхдүүддээ боловсрол олгоё, мэргэшүүлье гэх мэт. Энэ жагсаасан хэрэгжүүлж байгаа бүхэн хамтарсан ЗГ-ын давуу тал юм. Энэ мэтчилэн голдуу асуудал дээрээ нийлж байна. Харин албан тушаал дээр бол үгүй юм.

Өмнө нь бид бас хамтарсан ЗГ байгуулаад хүнд үеийг туулж үзсэн шүү дээ. Тэр үед би Сангийн сайд байсан. Сайн мэднэ л дээ. Тэгээд энэ удаад хамтарсан ЗГ байгуулахад их сургамж авсан байсан болохоор хийж болох шийдэж болох асуудлуудаа л өмнө нь барьж, хамтарч, шийдэж хийх хэрэгтэй юм байна. Ойлголцохгүй юмаа л яриад байвал хоёр тийшээ хараад суучихмаар юм билээ л дээ.
-Нээрээ өмнөх хамтарсан ЗГ-ын түүх “happy end” төгсгөлтэй байгаагүй л дээ. Энэ удаагийн хамтарсан ЗГ-ын төлөвийг та ямраар харж байна вэ?
Хамаагүй хол эсвэл буруу зөрүү харчих вий гэхээс айж байна. Өмнөх хамтарсан ЗГ-ын төгсгөл сайн байгаагүй учраас би намын дарга болчихоод энэ ЗГ-т МАХН-тай хамтарч ажиллах шийдвэр гаргах үед надад бол хэцүү л байсан. Яагаад гэхээр би хамт орж суугаад явж байгаад огцорсон шүү дээ. Дахиад ийм юм угтвал яана. Хэрэгтэй хэрэггүй асуудлаас болж байнга хоорондоо хэрэлдвэл яана. Тэгвэл ёс зүйн хувьд хамтарсны ямар хэрэг байх билээ. Жил болоод л дахиад юу ч хийсэн юмгүй салвал яана даа гэсэн болгоомжлол надад бол байсан. Яагаад ч юм олны эрх ашгыг бодож ажлаа бодсон. 20 жилийн туршлага энэ л үед хэрэгтэй байсан. Гэхдээ энэ бүхнийг ганцхан Алтанхуяг гэж хүн шийдэхгүй шүү дээ. АН-ын гүйцэтгэх зөвлөл, ҮЗХ-роо яриад ерөнхий байдлыг үзэхэд зөвхөн бидний биш бас нийгмийн хүсэл энд байсан юмаа. Одоо жилийн дараа эргээд ард түмэн дүн тавих эрхтэй. Буруу зөрүү явсан бол засч залруулах хэрэгтэй. Хэлж ярьж байх биш, бид очиж ард түмнээ сонсч байх учиртай.
-Төгсгөлд нь та үзэгчдэд хандаж, иргэд энэ мэдээллийг авч, хардсан ч зөв хардаж гэдэг юм уу даа, тийм юм шаардлагатай байгаа учир иргэд бид өөрсдөө яах юм бэ?
Ер нь амар хялбар юм байхгүй шүү дээ. Бид хэн нэг Алтанхуяг гэдэг хүнд амар хялбар байна уу, эсвэл энэ хүнд зохимжтой байна уу гэсэн тухай яриагүй. Олон хүмүүст, ялангуяа 2.7 сая Монголчуудад хэрэгтэй байна гэсэн юмыг л төр засаг хийх ёстой. Түүнийг хамтраад хийж чадна гэвэл хамтраад л хийх ёстой. Дангаараа хийх бол дангаараа л хийнэ. Хорин жилийн өндөрлөгөөс харахад Алтанхуяг гэдэг хүнийг өөр сонголт хувьдаа олж харахгүй л байна. Бид ч намаараа л үүнийг ярилцаж шийдсэн юм.
- За баярлалаа. Энэ удаагийн эвлүүлэггүй ярилцлаганд орж сэтгүүлч миний асуултанд хариулсан таньд баярлалаа.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.