УИХ дахь АН-ын бүлгээс "Долоон жил далан худал" агуулгаар хэвлэлийн хурал хийв
УИХ дахь Ардчилсан Нам(АН)-ын бүлгээс "Долоон жил далан худал" агуулгаар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. /2023-07-06/
Тодруулбал УИХ-ын гишүүн С.Ганбаатар, О.Цогтгэрэл, А.Адъяасүрэн, Ш.Адьшаа нарын 10 гишүүн чуулганы танхимын үүдэнд мэдээлэл хийв.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, "Монгол Улсын өрийн дарамтыг 2016, 2020 онд бууруулна гэж МАН-ын эрх баригчид амлалт өгсөн байдаг. Гэтэл бодит нөхцөл байдал ямар байна вэ. Өнгөрсөн онд зөвхөн Засгийн газрын өр гэхэд найман их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. Нөгөө алдартай Чингис бондоос ч их мөнгөөр нэмэгджээ. Энэ их өрийн цаана бүтээн байлуулалт бий болсон байх ёстой. Улаанбаатар хотод жаахан бороо ороход ямар нөхцөл байдал үүсэв. Улаанбаатар хотод манай улсын нийт хүн амын тал хувь нь амьдардаг. Гэтэл өнөөдөр Монгол Улсын нийт хүн амын тал нь өтгөн шингэнтэйгээ холилдоод л байж байна. МАН-ын аз жаргалтай Улаанбаатар хөтөлбөр биелсэн үү" гэв
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, "Хүний эрх, эрх чөлөө, ардчиллын үнэ цэнийг Монгол Улсын Үндсэн хуульд заасан байдаг. Үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрх хумигдвал Монголын ардчилал аюулд орно. Монгол хүн ирээдүйд итгэх итгэлээ алдана. Үүнийг эрс эсэргүүцэж, хэвлэлийн эрх чөлөөг хумих асуудалд монголчуудтай хамт байр сууриа илэрхийлнэ" гэлээ.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, "Зээлийн хүүг бууруулж сарын нэг хувиас хэтрүүлэхгүй болгоно гэж МАН-ынхан амлаж байсан. Тэгвэл одоо нэг хувийн хөнгөлөлттэй зээл олгож байна уу, огт байхгүй. Эрээ цээргүй худал ярьж байгаа нь мэдэгдэж байгаа юм. Монгол Улс эргээд социализмдаа орох гэж байх шиг байна. Төрийн гар, хөл бизнес рүү орчихсон. Энэ агуулгаар хувийн хэвшлийг элгээр нь мөлхүүлсэн. Айл бүр, хүн болгоны орлогыг төр булаан авч байна. Өнөөдөр сарын нэг хувь байтугай жилийн 20.4-өөс доош хүүтэй зээл авч байгаа бизнес байхгүй. Дээр нь орон сууцны зээл өгөгдөхгүй зогссон. Энэ бүхнийг санах ой болгож, эрх баригчдад хэлэх нь зүйтэй. МАН 7,000 худал амлалт өгдөг, ярьдаг. Хамгийн шигшмэл 70 худлыг ярихад л өнөөдрийн дүр төрх харагдана" гэлээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа, "Анх 150 ажлын байр бий болгоно гэж МАН-ынхан амласан. Долоон жилийн хугацаанд ярьсан далан худлын нэг нь яах аргагүй ажлын байр. Эх орондоо амьдрах боломжгүй болсон залуус бүгд гадагш дайжиж байна. Өчигдөр Японы телевизээр зөвхөн 2021 онд Монгол Улсаас 97,981 хүн гадаад руу ажил хайж гарсан талаар мэдээлсэн. Дэлхийн шившиг болж байна. Энэ тоо 2022 онд илүү гарсан байгаа. Өмнө нь залуус мөнгө олж, ар гэрээ тэжээх гэж гадаад руу явдаг байсан бол одоо эрүүл, аюулгүй орчинд амьдрахын тулд гэр бүлээрээ явцгааж байна. Хоёрхон хоног бороо ороход Улаанбаатар хот ямар байдалтай болов. Энэ бол авлигыг илчилсэн үер. Монгол Улс эзэнгүй айл шиг болж байна. Амлалтаа биелүүлээгүй МАН-д сануулж байгаа юм. Үзэл бодлоо илэрхийлсэн болгон ялтан болсоор байна. Нэгдсэн Үндэстний Байгууллагын шинжээчдийн судалгаагаар Монгол Улсын баривчилгааны 98 хувь нь шүүхийн шийдвэргүй байна гэж гарчээ. Бид шившиг болж байна" хэмээн хэлэв.
УИХ-ын гишүүн Д.Ганбат, "Гуравхан хоног бороо орсны дараа нийслэлд юу болж байгааг та бүхэн харж байна. Монголчуудад дундаж давхарга гэж байхгүй болчихлоо. 80-90 хувь нь улны бид хэд. МАН-ын засаглалын үед цөөн хэдэн компани, дарга нар дээр очоод зогссон. Байнга улсаас тэжээгддэг хэдэн компанитай. Боловсролын индексээр ухарчихсан. Чадан ядан арай гэж англи хэлийг хуульд орууллаа. Есөн өдөр хүлээгээд хоосон хонов гэдэг шиг юм боллоо. Одоо найм дахь жилдээ зүгээр хурал, цуглаан яриад өнгөрөөх нь илт байна. Алдагдсан долоон жил боллоо. Амьдралдаа хийж, бүтээж босгосон зүйл алга" гэв.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, "2016 онд монголчууд 15 сая төгрөгийн өртэй болчихсон. Тухайн үед гэдсэнд байгаа хүүхэд чинь хүртэл 15 сая төгрөгийн өртэй боллоо гэж ард түмнийг айлгаж байгаад сонгуульд ялсан. Харин өнөөдөр тэд монголчуудыг 35 сая төгрөгийн өртэй болголоо. Өнгөрсөн онд л гэхэд таван их наяд төгрөгийн өр тавьсан. Ганцхан жилд ийм хэмжээний өртэй болсон. Тэр мөнгөөр ямар бүтээн байгуулалт хийв, иргэдийн амьдралд хэрхэн яаж нөлөөлөв. Энэ бол идэж уусан, хулгайлж гувчуулсан мөнгө. Ард түмэнд очих ёстой мөнгө албан тушаалтнуудын гарын салаагаар урсаж алга болсон" гэлээ.
УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, "Монголын ард түмний үндсэн эдийн засаг мал, аж ахуй дээр тогтдог. Гэтэл 300,000 орчим малчдын төлөө МАН юу хийв. Анх боловсруулах үйлдвэр барина гэж амлалт өгч гарч ирсэн. Малын бүтээгдэхүүнийг үнэд оруулж, малчдын амьдралыг сайжруулна гэж амласан. Тэр байтугай жилд 10 сая толгой малын түүхий эд боловсруулах цогцолборыг Дархан хот болон бүсийн төвүүдэд байгуулна гэсэн. Гэтэл өнөөдөр малчдын хотонд малын арьсны хогон овоолго бий болсон байна" гэлээ.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар, "Бас ч гэж МАН-ын сайныг нь хэлэхгүй бол болохгүй байх. Эдийн засгийн орлого нэмэгдэж 3.9 тэрбум ам.доллароор нэмэгдсэн. Мөн 15.4 их наяд төгрөгийн орлого олсон гэж өнгөрсөн оны гүйцэтгэлд гарлаа. Орлого нэмэгдээд нүүрс, зэс ингэж үнэд хүрч байхад яагаад төгрөгийн худалдан авах чадвар 20 хувиар унаж, инфляц өсөв. Энэ ариун явдал мөн үү" гэв.
УИХ-ын гишүүн Б.Бейсен, "Эрүүл мэндийн эмч ажилчид цалин багатай учраас гадаад руу явж байна. Монгол эмч, сувилагч нараар дутаж байна. МАН цалин нэмэх амлалтаа биелүүлээгүй" гэлээ.
УИХ-ын гишүүн Н.Ганибал, "Далан худлын нэг бол яалт ч үгүй нефтийн үйлдвэр. Ийм үйлдвэртэй болох монголчуудын мөрөөдөл замхрав. Нефтийн үйлдвэрийг Энэтхэгийн нэг тэрбум төгрөгийн зээлээр барьж байгуулна. Үүнийг 2021 онд ашиглалтад оруулна гэж хэлж байсан. Харамсалтай нь өнөөдөр нефтийн үйлдвэр алга" гэж хэллээ.
Хэвлэлийн хурлыг төгсгөлд "Бид далан худлаас цөөхөн хэдийг нь дурдлаа. Дал байтугай 700 худал амлалтыг ч дурдаж болно. Эрх баригчдаас ам, ажлын зөрүүг нэхэн шаардацгаая" хэмээн ярилаа.