Зүүн хойд Ази дахь хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө NEAR буюу Зүүн хойд Азийн Орон нутгийн засаг захиргаадын холбооны Хэрэг эрхлэх газрын ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Тус байгууллага нь 1996 онд байгуулагдсан бөгөөд 2017 оноос эхлэн Улаанбаатар хоттой төрийн албан хаагчдыг чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллаж буй. Энэ хүрээнд Улаанбаатар хот болон Зүүн хойд Азийн бүс нутгийн бусад хоттой олон улсын сургалт, хурал, семинар зэрэг арга хэмжээг зохион байгуулж ирсэнд нь Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө талархал илэрхийлсэн юм.
Тэрбээр "Зүүн хойд Азийн хотуудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд танай байгууллагын идэвхтэй үйл ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэдэг. Улаанбаатар ч бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санаачилга гарган ажилладаг. Тухайлбал, Зүүн хойд Азийн Хотын дарга нарын форумыг 2014 оноос эхлэн хоёр жил тутам зохион байгуулж ирлээ. Цаашид энэ чиглэлд хамтран ажиллахдаа бид үргэлж нээлттэй байх болно" хэмээлээ.
NEAR холбоо нь Зүүн хойд Азийн зургаан улсын муж, аймаг, хотын гишүүнчлэлтэй байгууллага юм. Өдгөө тус холбоонд Монгол, ОХУ, БНСУ, БНАСАУ, БНХАУ, Япон зэрэг зургаан орны засаг захиргааны 81 нэгж гишүүнээр элсээд буй. Түүнчлэн ажиглагч таван нэгж, олон улсын гурван байгууллага (AER, R20, ICLEI)-тай түншлэлийн харилцаатай хамтран ажиллаж байна.