Банкны салбарт бүтцийн өөрчлөлт хийх стратеги боловсруулжээ
2010.03.22

Банкны салбарт бүтцийн өөрчлөлт хийх стратеги боловсруулжээ

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Аршад Сайедыг өнөөдөр хүлээн авч уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.bank

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга чуулганы завсарлагааар орон нутагт болон ойрын өдрүүдэд нийслэлийн зарим дүүрэгт ажилласан тухайгаа дурьдаад энэ жилийн цас зудын хүндрэл нь хөдөө орон нутаг, ялангуяа малчдын тухайд төсвөөс нэмэлт зардал гаргахад хүргэж байгаа. Түүнчлэн ахмадуудын тэтгэврийг сүүлийн гурван жилд нэмээгүй, Хүний хөгжил сангийн хууль баталсантай холбогдуулан урьд нь хүүхдэд өгч байсан мөнгөн тусламжийг зогсоосон нь амьдрал ядуу, олон хүүхэдтэй гэр бүлд хүндээр тусч байгаа зэрэг нөхцөл байдлыг зайлшгүй харгалзан үзэх шаардлага төр, засгийн өмнө тулгарч байгааг хэллээ.   

Монгол оронд тулгарч буй цас зудын энэхүү хүндрэлтэй байдлыг Дэлхийн банк анхааралдаа авч цас зуданд нэрвэгдсэн хөдөө орон нутагт нэг сая ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүүлж байгаа,  хэрэв дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэж үзвэл тусламжийн хэмжээг нэмэгдүүлэхээр түншлэгч талуудтайгаа тохиролцсон гэдгээ Аршад Сайед УИХ-ын даргад дуулгалаа. Мөн тус банкны санхүүжилтээр дөрвөн аймагт хэрэгжүүлж буй Малын индексжүүлсэн даатгал төсөлд зургаан аймгийг нэмж хамруулахаар шийдэж төслийн санхүүжилтийг нэмэгдүүлэхээр болсноо мэдэгдэв.

Түүнчлэн банкны салбарын тогтвортой байдлыг хангах үүднээс Монголбанк, Сангийн яамтай хамтран ажилласны үр дүнд банкны салбарыг цогц байдлаар нийтэд нь хамарсан бүтцийн өөрчлөлт хийх стратеги төлөвлөгөөг боловсруулж бэлэн болгосныг олон улсын байгууллагууд сайн болсон гэж дүгнэж байгаа. Мөн хэд хэдэн банкинд олон улсын байгууллагаар хөндлөнгийн үнэлгээ хийлгэхэд нааштай дүр зураг харагдаж байгааг тэрбээр онцлоод банкны салбарын бүтцийн өөрчлөлтийн энэхүү стратеги төлөвлөгөөг хэрхэн хэрэгжүүлэх, бусад орны арга туршлагаас сонсож танилцах чиглэлээр УИХ-ын гишүүд, банкны салбарын удирдах ажилтан, мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачдыг оролцуулсан семинарыг ирэх сарын 19, 20-ны өдрүүдэд хамтран зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхийг УИХ-ын даргаас хүслээ.

Дэлхийн банкны зүгээс манай орны санхүү, эдийн засгийн байдалд анхаарал тавьж томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа, түүнчлэн банкны салбарт нааштай дүр зураг харагдаж байгаа тухай таатай мэдээ дуулгасанд УИХ-ын дарга Суурин төлөөлөгчид талархал илэрхийлээд дэлхийн туршлагатай экспертүүдийн үгийг сонсож, бусад орны туршлагаас суралцах энэхүү семинарыг хамтран зохион байгуулахаар тохиролцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.