Шинжлэх ухаанч шийдлээр аз жаргал бүтээгчид
Айл бүрийн жаргал ижил ч зовлон өөр байдаг гэлцдэг. Өрх гэрийг инээд хөөр, баяр жаргалаар дүүргэж, амьдралыг утга учиртай болгодог ХҮҮХЭД хэмээх нандин эрдэнэтэй болж чадалгүй, үргүйдлийн улмаас сэтгэлдээ хөндүүртэй яваа гэр бүлүүд цөөнгүй бий. Гэхдээ анагаах ухаан хөгжихийн хэрээр үргүйдлийг эмчлэх аргууд улам боловсронгуй, үр дүнтэй болсоор байгаа билээ.
Манай улсын хэмжээнд хүүхэдтэй болохыг хүсэж байгаа ч хүүхэдтэй болж чадахгүй байгаа гэр бүлийг хамруулсан судалгаа 5 жилийн өмнө хийгдсэн байдаг. Уг судалгааны дүнд Монгол Улсын нийт хүн амын 7.5 хувь нь үргүйдэлтэй байна гэсэн тоо гарчээ.
Харамсалтай нь энэ тоо зөвхөн хүүхэдтэй болохыг хүссэн үргүйдэлтэй хүмүүсийн тархалтын тоо бөгөөд гэр бүл зохиогоогүй, бүр цаашилбал хүүхэдтэй болсон хэдий ч далд хэлбэрийн буюу онош нь тодорхойгүй үргүйдлийн тохиолдлуудыг нэмбэл үргүйдлийн тохиолдол бүр ч өндөр гарах магадлалтай гэдэг. Үргүйдэл гэдэг зөвхөн хувь хүний зовлон бус тухайн гэр бүл, том зургаар нь авч үзвэл улс орны хэмжээнд анхаарах ёстой эмзэг асуудал юм. Манай улсад энэ төрлийн оношилгоо, эмчилгээг дэлхийн жишиг байдлаар үзүүлдэг, өндөр үр дүнтэйгээр үзүүлж буй мэргэжлийн, чадварлаг хамт олон бол “RMC” Үр шилжүүлэн суулгах үндэсний төвийнхөн.
Анх 2015 онд АШУҮИС-ийн дэргэд гарааны компани байгуулж үр шилжүүлэн суулгах Япон технологийг нэвтрүүлж байсан эмч нар хоёр жилийн хугацаанд үр шилжүүлэн суулгах технологиор 300 орчим гэр бүлийг удам залгах үртэй болгосон байдаг.
Тус төв нь мэргэжлийн сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны нэгдсэн төв гэдгээрээ ижил төрлийн эмчилгээ, үйлчилгээ үзүүлэгсдээсээ онцгойрно.
Нөхөн үржихүй, үргүйдлийн оношилгоо, эмчилгээ, тусламж үйлчилгээний дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн тус төв Япон улсын үр шилжүүлэн суулгах эмчилгээний дэвшилтэт технологийг Монголдоо нэвтрүүлж, нутагшуулан үр дүнд хүрч, эмэгтэйчүүдийн өвчин, эмэгтэйчүүдийн дотоод шүүрэл, үргүйдлийн оношилгоо эмчилгээ, генетик оношилгоо зэрэг чиглэлүүдээр нийт 78 төрлийн үйлчилгээ үзүүлдэг, дэлхий дахинд хэрэглэгдэж буй сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон.
Үүгээр ч зогсохгүй Монгол улсад үргүйдлийг эмчилгээ, үйлчилгээний хэд хэдэн дэвшилтэт, шинэ технологийг амжилттай нэвтрүүлээд буй. Тодруулбал, 2018 онд Үрийн шингэнд эр бэлгийн эс байхгүй буюу эрэгтэй шалтгаант үргүйдлийн үед төмсгөөс үр тогтох чадвартай эр бэлгийн эсийг ялгах Micro-TESE хэмээх шинэ технологи, үрийн шингэнээс ДНХ буюу удмын материалын гэмтэлтэй эсийг ялгах арга болох MACS (magnet activated cell sorting)-ыг шинээр нэвтрүүлэн, өнөөдрийг хүртэл амжилттай хэрэгжүүлж байгаа аж. Энэхүү арга нь үр тогтоолтод илүү чанартай эр бэлгийн эсийг сонгох боломжийг нэмэгдүүлж, эмчилгээний үр дүнг сайжруулдаг гэдгээрээ нөхөн үржихүйн салбарынхандаа сайшаагджээ.
"RMC" Үр шилжүүлэн суулгах төвийн захирал, Анагаах ухааны доктор, дэд профессор Э.Одхүү
Мөн 2019 оноос эхлэн Германы Ravensburg Институт болон Эмгэг судлалын төвтэй хамтран эндометрийн цонх үеийг тооцох (EMB_WOI буюу endometrial biopsy-window of implantation) шинэ аргачлалыг нэвтрүүлсэн нь өндөр үр дүн үзүүлснийг тус төвийн захирал, Анагаах ухааны доктор, дэд профессор Э.Одхүү онцолсон юм.
Хамгийн сүүлд буюу энэ (2023 ) онд АНУ-ын RMA Northern California, USCF Center for Reproductive health-тэй хамтран эр бэлгийн эсийг үр тогтоолтод сонгох (zona binding sperm selection) хэмээх шинэ аргачлалыг эх орондоо анхдагч болон эмчилгээ үйлчилгээндээ нэвтрүүлж эхэлснээ RMC төвийн удирдлагууд онцолсон юм.
RMC Үр шилжүүлэн суулгах үндэсний төвийн амжилтын үндэс нь зөвхөн шинэ тутам, анхдагч болон нэвтрүүлж буй аргачлал биш ээ. Үргүйдэл, үр хөврөл судлалын чиглэлээр Япон, Швед болон АНУ-д сурч нарийн мэргэжил эзэмшсэн, мэргэжлийн өндөр чадамжтай, энэ чиглэлээр олон жил ажиллаж туршлагажсан эмч, эмбриологич нар нь энэ төвийн гол цөм нь, гэр бүлүүдэд аз жаргал бэлэглэгч сахиусан тэнгэрүүд нь болдог.
Дэлхийн анагаах ухааны хөгжил, эмчилгээний аргачлалуудыг стандартын дагуу нэвтрүүлэхэд нь чиглүүлэгчид болох эрүүл мэндийн удирдлага болон био-анагаахын чиглэлээр өндөр мэргэшсэн зөвлөхүүд ч RMC Үр шилжүүлэн суулгах үндэсний төвд ажилладаг. ESHRE (European Society of Human Reproduction and Embryology)-ээс зохион байгуулдаг эмбриологичийн мэдлэг, чадамжийг үнэлдэг шалгалтанд тэнцэн EHSRE certified embryologist хэмээх батламжийн эзэн болж, олон улсад мэргэжлээрээ хүлээн зөвшөөрөгдсөн манай улсын 2 эмбриологич Г.Ариунаа, Х.Дөлгөөн нар тус төвд ажилладаг гэхчлэн тоочвол энэ чиглэлийн эмчилгээ үйлчилгээг өндөр түвшинд, үр дүнтэй үзүүлж буйн учир илүүтэй тодрох биз ээ.
Шинжлэх ухааны бүхий л төрөл эрчимтэй хөгжиж буй өнөө цагт салбар бүрийн мэргэжилтнүүд тасралтгүй хөгжиж, сурах шаардлагатай тулгараад буй. Ялангуяа эмч нар, эмнэлгийнхэн өдрөөс өдөрт шинэчлэгдэж буй анагаах ухааны салбарынхаа хөгжлөөс хором ч хоцрох эрхгүй болоод байгаа гэхэд хилсдэхгүй. ESHRE (European Society of Human Reproduction and Embryology), ASRM (American Society of Reproductive Medicine), ASPIRE (Asia Pacific Initiative on Reproduction) зэрэг нөхөн үржихүй, үргүйдлийн эмчилгээний салбарын тэргүүлэгчид болсон мэргэжлийн холбоодуудын сургалтуудад RMC төвийн эмч, эмбриологич нар тогтмол хамрагдаж олон улсын шилдэг мэргэжилтнүүдтэй зэрэгцэн хөгжиж явна.
Эмч гэдэг хүн эмчлэхийн зэрэгцээ маш сайн судлаач байх ёстой гэх бичигдээгүй хууль анагаах ухааны салбарт бий. Энэ дагуу RMC төвийнхөн үзүүлж буй тусламж үйлчилгээний үр дүнг байнга бүртгэн, анализ судалгааг тогтмол хийдэг. Тус төвийн эмнэлзүйн баримт мэдээлэлд тулгуурласан нөхөн үржихүйн бакалаврын зэргийн 3 судалгаа, АУ-ы магистрын 2 судалгааны ажил хийгдээд байгаа нь Монгол улсын нөхөн үржихүйн салбарын хөгжилд оруулж буй шинжлэх ухаанч, баримтат хувь нэмэр юм.
RMC үр шилжүүлэн суулгах үндэсний төвийн үйлчлүүлэгчдээ ханддаг эхний бөгөөд эрхэм зорилго нь ЭРСДЭЛГҮЙ, ХҮНДРЭЛГҮЙ, ӨВЧТӨНД АЮУЛГҮЙ, ҮР ДҮН САЙН арга болоод ХУВЬ ХҮН бүр ӨВӨРМӨЦ хэмээн онцгойлон авч үздэг хандлага юм. Дэлхийн жишиг, шинэчлэгдэн сайжирсан эмчилгээг эх орондоо, алтан гарт монгол эмч нараараа хийлгэх нь эх хэлээрээ бүрэн мэдээлэл авч, оношоо зөв ойлгохоос эхлээд цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэхийн зэрэгцээ эрсдэл багатай гэхчлэн тоочвол давуу тал их.