Халзан бүрэгтэйн ордод хайгуул хийхийг түр зогсоожээ
2023.09.06

Халзан бүрэгтэйн ордод хайгуул хийхийг түр зогсоожээ

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар дараах мэдээллийг өглөө:

-Энэ ордыг “Mongolian rare earth” компани 100 хувь эзэмшдэг. Хоёр тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Тухайн үед өргөдөл гарган, эдгээр тусгай зөвшөөрлийг эзэмшжээ. Энэ орд Ховд аймгийн Мянгат суманд байрладаг. Тогтоол гарсан тул ордын хайгуулын үйл ажиллагаа түр зогсоно. Сумын иргэд цаашид энэ ордыг хэрхэхийг шийднэ. Энэ ордоос олборлолт огт явуулаагүй юм. Зарим иргэн буруу ойлгосон тул зориуд онцолж байна. Хайгуул Түр зогссон нь ордын тусгай зөвшөөрлийг цуцална гэсэн үг биш.

Хайгуул хийх явцдаа “Mongolian rare earth” компани хэд хэдэн хууль зөрчжээ. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг БОАЖЯ-аар батлуулаагүй, сумын удирдлагаар батлуулжээ. Мөн ус ашиглах зохих зөвшөөрлөө аваагүй байна. Иймд бид арга хэмжээ авч байна. Ер нь хувийн хэвшил өөрийн хөрөнгөөр хайгуул хийсэн бол тухайн ордын 34 хүртэл хувийг эзэмших эрхтэй байдаг. Төр энэ ордыг авахгүй. Хуулийн дагуу ажилладаг хувийн хэвшлийг төр дэмжинэ. Хэрэв сумын иргэд ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна гэвэл хайгуулыг үргэлжлүүлнэ.

Засгийн газраас энэ ордтой холбоотой тогтоол гаргасан. Бид АНУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтран ажиллахаар гэрээ байгуулсан. БНСУ-тай хамтран Судалгааны хүрээлэн байгуулахаар ажиллаж байна. Ер нь газрын ховор элементийн технологи төрийн нууцад хамаардаг юм байна.