Монгол Улсын Засгийн газрын илтгэлийг хэлэлцэхэд оролцов
НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцын Хорооны 29 дүгээр хурлаар Монгол Улсын Засгийн газрын илтгэлийг хэлэлцэхэд оролцов.
Тодруулбал, Швейцарын Холбооны Улсын Женев хотноо 2023 оны 08 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд зохион байгуулагдсан НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцын хорооны 29 дүгээр хуралдаанаар Конвенцын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын Засгийн газрын ээлжит 2 болон 3 дугаар тайланг хэлэлцэхэд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссыг төлөөлж, Комиссын гишүүн Г.Нарантуяагийн хийсэн хаалтын үгийг хүргэж байна.
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮСИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦЫН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААРХ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ГУРАВ БОЛОН ДӨРӨВ ДЭХ ИЛТГЭЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хорооны дарга, Хорооны хүндэт гишүүд, Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид, хүний эрхийн төлөө хамтран зүтгэгчид, хатагтай, ноёд оо.
Бид энэхүү хэлэлцүүлгийг өндөрлөж байгаа энэ үед миний бие талархал, зоримог шийдэмгий байдлаар дүүрэн байна. Бид ололт амжилт, сорилт бэрхшээлээ хүлээн зөвшөөрч, илэн далангүй, бүтээлчээр саналаа солилцлоо. Хэлэлцүүлэг нь Монгол Улсад хүртээмжтэй болон тэгш байдлыг дэмжих эрмэлзлэл бий болохыг, ахиц дэвшил гарч байгааг харууллаа. Түүнчлэн, цаашид өөрчлөх ёстой асуудлуудаа ч хэлэлцлээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцыг хэрэгжүүлэх талаар Монгол Улсын авч байгаа арга хэмжээг чин сэтгэлээсээ сонирхож, анхаарч, зөвлөмж боловсруулсан Хороонд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Та бүхний туршлага бидний ойлголтыг төгөлдөршүүлж, цаашдын үйл ажиллагааны замын зураг болох болно. Хорооны дүгнэлт, зөвлөмжүүд нь Монгол Улсын өвөрмөц нөхцөл байдлын онцлог болох хүн амын динамик, эдийн засгийн чадамж, түүх, соёл, эрх зүйн системийг зохих ёсоор тусгаж, хөгжлийн бэрхшээлтэй Монголчуудын амьдралд бодитой өөрчлөлт авчирч чадах, хэрэгжүүлэх боломжтой, тодорхой байх болтугай!
Хэлэлцүүлэгт оролцсон Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид та бүхний хичээл зүтгэл, оролцоог сайшааж байна. Та бүхний асуултад хариулж, туршлагаа хуваалцсан байдал, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн дуу хоолойг сонсох хүсэл эрмэлзэл асуудал хандах ил тод, хариуцлагатай байдлын илэрхийлэл боллоо. Энд бий болсон боломж, эрч хүчийг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хэрэгжүүлэхэд бодитой ахиц гаргахад ашиглая.
Өөрсдийн нөхцөл байдал, үзэл бодлоо хуваалцсан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, иргэний нийгмийн төлөөлөгчдөө. Та бүхний зориг, тууштай байдал бид бүгдэд урам зориг өглөө. Хүртээмжтэй нийгмийг бий болгох нь зөвхөн бодлого тодорхойлох асуудал биш, хүний амьдралын үйл хэрэг болохыг Та бүхний дуу хоолой санууллаа.
Энэ хэлэлцүүлгийг өндөрлүүлэх эгшинд бидний амжилтыг хэмжих бодит шалгуур нь боловсруулж баталсан бодлого бус, бодлогын үр дүнд өөрчлөгдөж байгаа хүмүүсийн амьдрах болохыг эргэн нэг саная. Энэ шалгуур бол сургуульд сурах болсон хүүхдүүдийн нүүрэнд тодорсон инээмсэглэл, эмнэлгийн тусламж саадгүй авч, ажил хөдөлмөр эрхлэх болсон хүмүүсийн итгэл дүүрэн дуу хоолой юм. Энэ шалгуур бол нийгмийн бүх орчин, эд эс өөрт нь хамаатай, өөрийнх нь болохыг мэдэрсэн хүмүүсийн мэдрэмж юм.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын өмнөөс Та бүхэнд дахин талархал илэрхийлье.