“Эх дэлхийн цаг” арга хэмжээ Монгол анх удаа боллоо
2010.03.30

“Эх дэлхийн цаг” арга хэмжээ Монгол анх удаа боллоо

Гамшгийн хэмжээнд очсон цаг агаарын өөрчлөлтөд хүн төрөлхтний анхаарлыг хандуулах Дэлхийн байгаль хамгаалах сангаас 2007 оноос “Эх дэлхийн цаг” үйл ажиллагаа зохион байгуулж эхэлсэн билээ. Гол уриалга нь “гэрлээ унтраа”.

Австралид анх зохион явуулсан энэ арга хэмжээ жил ирэх тусам хүрээгээ тэлж олны анхаарлын төвд зүй ёсоор ороод байна. 2008 онд болсон “Эх дэлхийн цаг”-т зургаан тивийн 36 сая гаруй хүн биечлэн оролцсон юм. Энэ үеэр дэлхийд алдартай Америкийн “Эмпайр стэйт билдинг”, Чикагогийн “Алтан гүүр”, Австралийн Сиднейн дуурийн театр, Шведийн хааны ордон, Италийн Ромын Коллизей зэрэг олон барилга байгууламжийн гэрлийг нэг цагийн турш унтраан оршин суугчдын анхаарлыг татаж чадсан билээ. Өнгөрсөн жил дэлхийн 4159 хотын 800 гаруй сая иргэд албан ёсоор оролцсон.

Энэ жилийн “Эх дэлхийн цаг” гуравдугаар сарын 27-нд боллоо. Арга хэмжээнд оролцсон 120 орны 5000 хотын олон зуун сая иргэд 20:30-21:30 цаг хүртэл нэг цагийн турш гэрлээ унтрааж, эх дэлхийгээ хамгаалах үйлсэд сэтгэл санаа нэг буйгаа харууллаа.  Энэ санаачилгад энэ жил Монгол Улс анх удаа нэгдэж оролцсон юм. БОАЖЯ, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас хамтран зохион байгуулсан энэхүү арга хэмжээ өнгөрсөн бямба гарагийн 20:30 цагт Сүхбаатарын талбайд “Эх дэлхийн цаг”-т зориулан  талбайн орчмын гэрлүүдийг унтрааж, лаатай үдэш боллоо. Энэ нь монголчууд дэлхий нийттэй сэтгэл зүрхээрээ нэгдэж байгаагаа илэрхийлсэн томоохон арга хэмжээ боллоо. БОАЖ-ын сайд Л.Гансүх Сүхбаатарын талбайд “Эх дэлхийн цаг” арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “эх дэлхийгээ болон хүн төрөлхтөнөө аврахын тулд Засгийн газар төдийгүй ТББ, бизнесийн байгууллага, иргэд бид бүгдээрээ сэтгэл зүрхээрээ нэгдэж чаддаг юм гэдгийг харуулах арга хэмжээний нэг нь “Эх дэлхийн цаг” юм” хэмээн онцолсон юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.