БНЭУ-ын ЭСЯ-ны II нарийн бичгийн дарга Санжийв Кумар тэргүүтэй өндөр түвшний төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2023.10.05

БНЭУ-ын ЭСЯ-ны II нарийн бичгийн дарга Санжийв Кумар тэргүүтэй өндөр түвшний төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газрын удирдлагууд Бүгд найрамдах Энэтхэг Улсын Уул уурхайн яамны өндөр түвшний төлөөлөгчдийг өнөөдөр /2023.10.05/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны бүтээгдэхүүний газрын дарга Б.Анхбаяр, АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний газрын дарга Б.Түвшинжаргал, хэлтсийн дарга Д.Даваабаяр нар холбогдох газар, хэлтсийн удирдлага, мэргэжилтнүүдийн хамт оролцож, БНЭУ-ын ЭСЯ-ны Хоёрдугаар нарийн бичгийн дарга Санжийв Кумар, Уул уурхайн яамны Эдийн засгийн зөвлөх ноён Шакил Алам тэргүүтэй Энэтхэгийн төлөөллүүдтэй хоёр орны ашигт малтмал, газрын тосны салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Энэтхэгийн Уул уурхайн яамны Эдийн засгийн зөвлөх ноён Шакил Алам Монгол Улсаас зэс, цагаан тугалга, төмрийн хүдэр зэргийг импортлох сонирхолтой байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ газрын тосны чиглэлийн мэргэжилтэн бэлтгэх болон судалгаа, эрдэм шинжилгээний чиглэлээр тус улстай хамтран ажиллах боломжтой гэдгийг онцолсон юм.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны бүтээгдэхүүний газрын дарга Б.Анхбаяр уулзах санал тавьж, зорин ирсэнд талархал илэрхийлээд, хоёр орны хамтын ажиллагааны гарц боломж хийгээд тээвэр логистик гэхчлэн тулгардаг зарим саад бэрхшээлийн талаар санал солилцож, цаашид ашигт малтмал, газрын тосны салбарт хамтран ажиллах боломжтой гэдгийг тодотгов.