Л.Өлзийсайхан: Иргэдийн хүлээлтийг тээгч парламент
2023.06.09

Л.Өлзийсайхан: Иргэдийн хүлээлтийг тээгч парламент

Төрийн үйл ажиллагааны талаарх ард иргэдийн үнэлгээ сайнгүй байгаа энэ үед манай парламент эрх мэдлийн хувьд  хүчтэйд тооцогддог тухай, хичээл зүтгэл гаргаж байгааг, ардчилсан байхыг, хууль тогтооход иргэдээ оролцуулахаар чармайж буйг нь тайлбарласан зөөлөн өнцөг сонирхолтой байлаа. УИХ-ын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслөөс “Бодлогод залуусын хяналт” ТББ-тай хамтран зохион байгуулж буй "Парламентын ардчиллыг бэхжүүлэхэд сэтгүүлчдийн оролцоо" хөтөлбөрийн оролцогчдод хандан УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор Л.Өлзийсайхан ийнхүү илтгэж байгаа нь ч нээлттэй парламент байх хүчин чармайлтынх нь илрэл юм билээ.

Тэрбээр залуу сэтгүүлчдэд зориулан “Ард түмний төлөөллийн байгууллага ардчилсан парламент” сэдвээр лекц уншсан юм. Судалгаа, тоо баримтаар баялаг түүний илтгэлийг товчлон хүргэхийн ялдамд төгсгөлд нь сэтгүүлчийн асуултад хэрхэн хариулсныг онцолъё.

Л.Өлзийсайхан ийнхүү ярилаа.

-Орчин үеийн парламентуудад нэг гол шаардлага тавигдаж байгаа. Ардчиллын зарчим, үнэт зүйлийг хэрхэн яаж үйл ажиллагаандаа тусгасанаар нь парламентыг үнэлдэг болсон.

Хууль тогтоох байгууллага, ард түмний төлөөлөл болох парламент ардчиллын төв цэг юм бол нээлттэй, хүртээмжтэй, ил тод байж, харилцан тайлагнаж чадаж байна уу? Үүгээр тухайн улсад парламентын ардчилал хэр төлөвшсөн бэ гэдгийг үнэлж дүгнэдэг.

Монголын парламент ХБНГУ, Итали улсынхтай ижил үнэлгээ авч, тэргүүлсэн байдаг

Та бүхний анхаарлыг нэгэн сонирхолтой судалгаанд анхаарал хандуулъя.

Калифорнийн их сургуулийн улс төр судлаач, ардчилал, Үндсэн хуулийн эрх зүйн сэдвээр дагнан судалдаг эрдэмтэн Стивен Фиш, аюулгүй байдлын стратегич  Мэтью  Крониг нар 2009 онд энэ судалгааг хийсэн байдаг. Дэлхийн 158 улсын парламентыг хамруулсан. Энэ судалгаа юугаараа онцлог гэхээр парламент хүчирхэг байж чадаж байна уу, тухайн улсын парламент Үндсэн хуульдаа заасан бүрэн эрхүүдээ бие даан хэрэгжүүлж чадаж байгаа эсэхийг судалсан.

Хэдийгээр 2009 онд уг судалгааг хийсэн боловч өнөөдөр ч эдгээр эрдэмтдийн хийсэн судалгааг хүлээн зөвшөөрч, жишиг болгож, улс орнууд парламентаа үнэлж дүгнэдэг.

Уг судалгаанд Монгол Улс хаана явна вэ?

Монголд ардчилал бэхэжсэн, парламентат ёс төлөвшсөн гэж үзээд, манай улс ХБНГУ, Итали улсын парламенттай ижил үнэлгээ авч тэргүүлсэн байдаг.

АНУ энэ судалгаагаар 39, БНСУ ес, Япон долоод эрэмбэлэгдсэн.

Ардчиллын гол байгууламж нь парламент. Парламентыг ард түмний хүсэл зоригийг илэрхийлэгч, иргэдийн хүлээлтийг тээгч гэж тодорхойлох болсон.

Өмнө нь ч “Парламент гэж юу вэ” гэдэг асуулт тавигдсаар ирсэн. Судлаачид, иргэд энэ асуултад юу гэж хариулдаг байсан гэхээр парламент бол ард түмнийг төлөөлсөн хууль тогтоох байгууллага гэдэг. Харин өдгөө энэ тодорхойлолт дээр хэлсэнчлэн өөрчлөгдсөн.

Иргэдийг төлөөлж сонгогддог байгууллага болохын хувьд орчин үеийн парламент юу хийж байна вэ?

Янз бүрийн бүлэг, иргэдийн сонирхлын зөрчлийг яриа хэлэлцээ, зөвшилцөл, ардчиллын арга хэрэгслээр зохицуулж байна.

Мөн хууль тогтоох байгууллага болохын хувьд нийгмийн эрэлт хэрэгцээг түргэн мэдэрч, хууль тогтоомжийг нөхцөл байдалд тохируулдаг. Баталсан хуулийн хэрэгжилтэд хяналт тавигч байгууллага.

Өнгөрсөн хугацаанд дэлхийн парламентууд цөөнгүй сорилт бэрхшээл, хямралт нөхцөл байдалтай тулгарч, өөр өөрийн стратеги, бодлого шийдвэр гарган, даван туулсан.

XX зуунд парламентын ардчилалд гарч болох хямрал, сорилтуудын талаар олон бүтээл гарсан. 1923 онд хэвлэгдсэн Германы хуульч Карл Шмидтийн “Парламентын ардчиллын хямрал” номыг  өнөөдөр ч сонгодог парламентын ардчилал хямрах суурь нөхцөл, шалтгааныг оновчтой тодорхойлсон бүтээл хэмээн үзсээр байна. Карл Шмидт “Парламент бол нийгмийн оюун санааны тусгал болсон газар байх ёстой” гэж тодорхойлсон. Тэрхүү оюун санааны цэвэр ариун байдал хоргүй тунгалаг байх явдал хуралдааны олон талт хэлэлцүүлэг, мэтгэлцээн, олон нийтэд нээлттэй байх зарчмаар хэрэгжих учиртай. Парламент хөшигний цаана асуудал хэлэлцдэг, нэг талын байр сууриар асуудлыг дүгнэхэд хүрвэл нийгмийн оюун санааны тусгал байхаа больж, парламентын ардчилалд жинхэнэ утгаараа хямрал нүүрлэнэ гэж үзжээ.

Манай парламент хэр нээлттэй байна вэ гэж Та бүхэн надаас асуух байх. Энэ тухай би тодруулж ярина.

Саймон Тормей: Сонгогчдын алтан эрин хагас зуун жилийн өмнө дуусгавар болсон

Харин Австралийн улс төр судлаач Саймон Тормей орчин үеийн парламентын ардчилал хямрах дөрвөн суурь шалтгааныг нэрлэжээ.

Сонгогчдын идэвхи.

Сонгогчдын алтан эрин хагас зуун жилийн өмнө дуусгавар болсон гэж энэ эрдэмтэн үзсэн. Сонгогчдын сонгуулийн идэвхи жилээс жилд буурч байгаа нь төлөөллийн ардчиллыг цааш хөгжүүлэхэд санаа зовних шалтгаан болж байна. Гэхдээ энэ хямралын шалтгааныг тодорхойлсон болохоор даван туулах стратеги боловсуулж, ажиллаж байна.  

Намын гишүүнчлэл.

1960-аад оны үед ардчилал хөгжсөн улсын иргэдийн 30 хувь нь намын гишүүн байсан бол орчин үед иргэд намаас татгалзаж байна. Намууд иргэдээс холдох тусам санхүүжилтээ өөр эх үүсвэрээс босгох арга эрэлхийлэх болж байна.

Улс төрчдөд итгэх итгэл.

Улс төрчдийг нийтийн албан хаагч, нийтийн ашиг тусын төлөө хувийн ашиг сонирхлоо хойш тавьж ажилладаг мэргэжил гэж үздэг байсан хандлага өөрчлөгдөж, популизм, хувийн ашиг сонирхолд хөтлөгдөгч гэх зэргээр шүүмжлэх нь нэмэгдсэн.

Нийгмийн улс төрийн сонирхол.

Иргэд улс төр сонирхохоо больсон. Глобалчлалын үр дүнд улс төрчид амьдралыг нь шийдэх бус хувь хүн өөрийнхөө амьдралыг шийднэ гэсэн хандлага нэмэгдсэн. Улстөрчдөд иргэдийн зүгээс тавих шаардлага өндөр болж байна.

Ковидын үед манай УИХ төсвөө цахимаар баталж чадсан анхны парламент болсон

Сүүлийн 3 жилд нэг зүйл парламентад хүчтэй нөлөөлсөн нь “Ковид-19” байлаа.

Цар тахалтай холбоотойгоор дэлхийн парламентууд шуурхай, гэнэтийн шийдвэрүүд гаргаж эхэлсэн. Цар тахлын үед парламент биечлэн хуралдах боломжгүй болж, гишүүд тойрогтоо ажиллах нөхцөл хумигдсан. Нөхцөл байдлыг бүрэн үнэлэх боломжгүй байсан. Хэдий цар тахлын үе ч  ардчиллыг үгүйсгэх боломжгүй. Парламент ардчиллын цөм юм бол зайлшгүй ажиллах ёстой гэсэн шаардлагууд тавигдсан. Чухал шийдвэрүүдийг биечлэн хуралдахгүйгээр гаргах шаардлага үүссэн.  Шаардлагатай төсвийг ч батлах учиртай.

Монгол Улсын Их Хурал маш олон арга хэмжээг яаралтай авсан. Олон Улсын Парламентын Холбоо хуралдаж, дэлхийн улс орнуудын парламентын спикерүүд, гишүүд, Ерөнхий нарийн бичгийн дарга нарын хурлуудыг цахимаар хийж, туршлага солилцож байв.

Монгол Улсын Их Хурал төсвөө цахимаар баталж чадсан анхны парламент болсон гэдгийг онцолъё.

Парламент биечлэн хуралдахгүй тохиолдолд гишүүдийн саналыг яаж өгүүлэх вэ, яавал хүчинтэй гэж үзэх юм бэ гэсэн асуулт аль ч орны парламентад тулгарсан.

Үндсэн хуульд парламент хуралдаанаа хэрхэн явуулахыг нарийвчлан тогтоогоогүй.  Парламентын хуралдааны дэг биечлэн хуралдахад зориулагдсан. Энэ бүгдийг зөрчвөл хууль зөрчих асуудал тулгарсан юм.

Манай парламент нэн яаралтай цахим хуралдааны дэг баталсан. Дэгийнхээ дагуу цахимаар хуралдаж төсвөө баталсан билээ.

Ийм үед УИХ-ын дарга Г.Занданшатар сорилт бэрхшээлийг маш хурдан давж, манлайлал үзүүлэн, УИХ-ыг цахимаар хуралдуулах, ковидын эсрэг төрийн бодлого, шийдвэрүүдийг батлуулж ажилласан.

Нийгмийн эрүүл мэндийг сахин хамгаалах стандарт тогтоох чухал байсан. Парламентын гишүүдийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай ч тулгарсан. Энэ бүхнийг үр дүнтэйгээр даван туулж чадсан.

Дараагийн онцгой нөхцөл бий болвол парламент хөшүүн байж болохгүй. Хямралд бэлэн байх ёстой. Маргааш ямар байхыг бид мэдэхгүй шүү дээ. Парламент хувьсах чадвартай байх учиртай. Ийм учраас манлайллын үүргийг парламент, спикер хүлээх болсон. Урт хугацаанд хэрэгжих үйл ажиллагааг төлөвлөх шаардлагатай. Олон улсын эрх зүйгээр хамгаалагдсан хүний абсолют эрхийг хязгаарлаж болохгүй. Хүн эхээс мэндлэхдээ жам ёсны эрхтэй байдаг. Би МУИС-ийн Хууль зүйн сургуульд эрх зүйн онолын хичээлийг 15 жил заасан. Хүний жам ёсны эрхийг хязгаарлаж болохгүй гэж заадаг. Гэтэл цар тахлын үед хүний эрхийг хязгаарлах нөхцөл үүссэн. Гэхдээ ямар ч үед хүний жам ёсны эрхийг хязгаарлахгүй байх ёстой шүү гэдгийг бид баримталж явсан.

Парламент инновацлаг байх ёстойг цар тахлын үе бидэнд сануулсан. Улсын Их Хурлын Тамгын газар  ковидын дараа  Цахим парламент, инновацын газартай болсон.

Сая би та бүхэнд парламентын ардчилалд тулгарч буй гадаад хүчин зүйлсийн тухай ярилаа. Одоо “дотоод хүчин зүйлс”-ийг авч үзье.

Дотоод хүчин зүйлсийн хувьд парламентын төлөөлөх чадвар чухал.

Бусад улсын парламентад тулгарч байгаа бэрхшээлийн нэг болох сонгогчдын идэвхийн асуудал Монгол Улсын хувьд ч тавигддаг. 1992 онд УИХ-ын сонгуульд нийт сонгогчдын 95,6 хувь нь санал өгсөн бол түүнээс хойш буурсаар 2020 онд 73,6 хувь болсон. Парламентын төлөөлөх чадварын хувьд яригддаг асуудал нь нэг УИХ-ын гишүүний төлөөлөх хүн амын тоо. 1992 онд УИХ-ын нэг гишүүн 28,399 иргэнийг төлөөлж байсан бол 2022 онд 45,494 болсон.

Улс төрийн нам ба олон нийтийн харилцааг тандсан судалгааны тухай ярья.  Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн 2016 онд гүйцэтгэсэн уг судалгаанд “Улс төрийн намын үйл ажиллагааг хэр дэмжиж байна вэ” гэсэн асуултад огт дэмждэггүй гэсэн хувь өндөр гарсан.

Улстөрчид залуусын хэрэгцээ, санал бодлыг сонсдоггүй гэдэгтэй санал нийлэх үү гэсэн асуултад “Бүрэн санал нийлж байна” гэдэг хариулт 35 хувь, “Ерөнхийдөө санал нийлж байна” гэдэг 38 хувь байна.

Улс төрийн нам сонгуулийн санхүүжилтээ ил тод байлгаж, шударгаар тайлагнадаг гэдэгтэй санал нийлж байна уу гэсэн асуултад “Огт санал нийлэхгүй байна” гэдэг хариулт 36 хувь байна.

Парламентын ардчилал, сорилт бэрхшээлд ийм дотоод хүчин зүйлс ихээр нөлөөлж байгаа гэсэн үг.

Улс төрийн нам ба залуучууд гэсэн бас нэг сонирхолтой судалгааны дүн бий.

Түүврийн судалгаанд хамрагдсан 2494 залуус улс төрийн намын талаар сөрөг гэсэн индекст дөхүү санал өгсөн.

Ардчилал бэхжих, парламентын ардчилал хөгжих тусам парламентаас баталж байгаа хуулиудад иргэд дуу хоолойгоо хүргэж байдаг. Энэ бол нэг талаасаа сайн үзүүлэлт.

Холбогдох зарим тоо баримт, судалгааг толилуулъя.

-Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын 224 удаагийн хуралдааны 195 нь буюу нийт маргааны 87 хувийг УИХ-ын шийдвэр, үйл ажиллагаанд хамаарах асуудал эзэлж байна. Иргэд Цэцэд хандаж байна гэсэн үг.

-Монгол Улсын Ерөнхийлөгч хууль, тогтоолд хориг тавьдаг.

1992 оноос хойш өнөөдрийг хүртэл үе үеийн Ерөнхийлөгч нар нийт 69 удаа хориг тавьсан байдаг.

-УИХ-ын баталсан хуулийг Засгийн газар хэрэгжүүлдэг. Баталсан хуулийнхаа хэрэгжилтэд УИХ хяналт тавьдаг.

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай шинэ хуулийн хүрээнд Засгийн газарт тавьсан асуулга 35, асуулт 16 байна. 2022 онд Ерөнхий сайд цаг үеийн шинжтэй тулгамдсан болон бусад асуудлаар 11 удаа мэдээлэл хийж, УИХ-ын гишүүд, цөөнхийн бүлгийн асуултад хариулсан.

Хянан шалгах үүрэг бүхий  ажлын хэсгүүд байгуулагдаж,  давхардсан тоогоор  313 гишүүн  уг ажлын хэсгүүдэд орж ажилласан. 40 ажлын хэсэг байгуулагдаж, Засгийн газрын хууль биелүүлэх үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байна.

Ардчилсан парламентын таван шалгуур

Нээлттэй, ил тод байх: Орчин үеийн парламентыг нээлттэй байдалгүйгээр төсөөлөх аргагүй. Чуулганаар хэлэлцэх асуудлыг урьдчилан зарлаж, цахим сүлжээнд байршуулсан байхыг шаарддаг. Парламент хөшигний цаана хуралдаад, гэнэт  шийдвэр гаргаж иргэддээ сонсгоод байж болохгүй. УИХ-ын Тамгын газарт төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд, сэтгүүлчид шаардлага тавьдаг. Тэр шаардлагыг бид хүлээж авч, эхний алхмаа хийгээд явж байна. Иргэдийн оролцоотой байвал хяналттай байна гэсэн үг.

УИХ-ын 2019-2024 оны Стратеги төлөвлөгөөнд Хууль тогтоох, хянан шалгах үйл явцад иргэд, сонгогчид, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог хангах эрх зүйн орчин бүрдүүлж, оролцооны хэлбэрт  тохирсон  арга хэрэгслийг (онлайн, биечлэн, төлөөллийн, зөвлөлдөх г.м) ашигладаг болох тухай тусгасан. Үүнийг хэрэгжүүлж байгаа. Жишээ нь,

D-Parliament– хуулийн төсөл боловсруулах, санал авах цахим систем.

E-Petition -УИХ-ын тухай хуулийн 39`1 заасан асуудлаар өргөдөл гомдол, санал авах цахим систем бий болгож байна.

Зөвлөлдөх санал асуулга, нийтийн сонсгол (дөрвөн төрөл) олон нийтийн хэлэлцүүлэг гэх мэт бодлогын зарим арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Төлөөллийг хангах: Ардчилсан парламент нь хүйс, хэл, шашин, үндэс угсаа, улс төрийн хувьд чухал бусад шинж чанараараа хүн амын олон янз байдлын тусгал байх ёстой. Цөөнхийн дуу хоолойг сонсч байна уу, цөөнх эрхтэй байна уу гэдэг чухал үзүүлэлт. Манайд Төсвийн зарлагын хяналтын дэд хороог цөөнхийн гишүүн тэргүүлдэг.

Хүртээмжтэй байдал: Парламентын ажилд олон нийт, эвлэл холбоод, иргэний нийгмийн төлөөллийг оруулахыг хэлнэ. Иргэд парламентын гишүүдтэй олон талт сувгаар холбогддог байх учиртай. Зөвхөн тойрогтоо очиж биечилж уулзах бус цахим хэлбэрээр, хэвлэлээр мэдээллээ хүргэх шаардлагатай. Хууль батлагдахын өмнө олон нийтээр хэлэлцүүлдэг үр нөлөөтэй арга хэлбэр бий болгох учиртай. УИХ хүртээмжтэй парламентын шалгуурыг баримтлан Улсын Их Хурлын тухай хуульд аливаа асуудлаар 33 мянган иргэн санал нэгдсэн бол УИХ хэлэлцдэг байх талаар тусгасан. Өнөөдрийн сэтгүүлчдэд зориулсан энэ хөтөлбөрийг ч мөн адил “Бодлогод залуусын хяналт” ТББ-тай хамтран хэрэгжүүлж, сэтгүүлчдэд ажлаа танилцуулж байна.

Хариуцлагатай байдал: Парламентын гишүүд сонгогчдын өмнө ажлын гүйцэтгэл, ёс зүйтэй байдлаа хариуцан тайлагнадаг байх ёстой.

Үр нөлөөтэй байдал: Ардчилсан үнэт зүйлсийн дагуу ажлаа үр нөлөөтэй зохион байгуулахыг ойлгоно. Парламентын хууль тогтоох ба хяналтын чиг үүргийг нийт хүн амын хэрэгцээнд үйлчлэх байдлаар гүйцэтгэхийг хэлнэ.

Энэ таван шалгуур үзүүлэлтийг 190 гаруй улс орны парламентыг өөртөө нэгтгэсэн Олон Улсын Парламентын Холбоо гаргасан.

Яагаад Монгол Улсын парламент Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороотой болсон бэ? Зүгээр л гэнэт нэг байнгын хороо гаргаад ирсэн юм биш шүү. Хүчирхэг, ард иргэддээ үйлчилдэг парламент болохын тулд Монгол Улсын Их Хурал ч хүчин чармайлт гаргаж буйн нэг илрэл нь энэ мөн.

Эцэст нь тэмдэглэхэд аль ч улсын парламент өөрийгөө үнэлнэ гэдэг маш зоримог алхам. Монгол Улсын Их Хурал Олон Улсын Парламентын Холбоотой хамтран ажиллах санамж бичгийг 2022 онд байгуулсан.

Санамж бичгийн дагуу Улсын Их Хурал хүний эрх, жендэрийн асуудлаар Олон Улсын Парламентын Холбооны гаргасан аргачлалыг ашиглаж, өөрийн үнэлгээ хийх шийдвэр гаргасан. Ирэх намар томоохон өөрийн үнэлгээ хийхээр Тамгын газар бэлтгэл ажлыг хангаж байна. Өөрөөр хэлбэл парламент үйл ажиллагаандаа хүний эрх, жендэрийн асуудлыг хэрхэн тусгах вэ, цаашид бодлого, үйл ажиллагаагаа хэрхэн сайжруулах вэ зэрэг асуудлын хүрээнд парламентын хөгжлийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлох цогц үнэлгээ хийгдэнэ.

Хууль тогтоох,  гүйцэтгэх, шүүх эрх мэдэлд ажиллаж байсан туршлага маань тус болсон

Түүний илтгэлийн дараа сэтгүүлчид асуулт асуусан юм.

Дараах асуултад Л.Өлзийсайхан ийнхүү хариуллаа.

-Өөрийг чинь илтгэлийн эхэнд УИХ-ын анхны эмэгтэй Ерөнхий нарийн бичгийн дарга гэж танилцуулсан. Ковидын үеийн амаргүй сорилт бэрхшээлийг даван туулжээ. УИХ бас өөрийгөө хүний эрх болон жендэрийн мэдрэмжтэй эсэхээ үнэлж байгаа гэлээ. Эмэгтэй Ерөнхий нарийн бичгийн дарга хэр жендэрийн мэдрэмжтэй ажилласан бол?

-Миний бие 2019 оны тавдугаар сарын 9-нд Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон. Өмнөх дарга нар маань хууль зүйн салбарын туршлагатай, мэргэшсэн эрэгтэй хуульчид байлаа. Ерөнхий нарийн бичгийн дарга Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын нэгдсэн хуралдаанаар орж, 76 гишүүнээс санал авч томилогддог шүү дээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр Д.Лүндээжанцан гишүүн “Их сонирхолтой үзэгдэл болж байна. Өөрөө энэ саналыг хүлээн зөвшөөрөөд орж ирж байгаа юм байна гэж ойлголоо” гэж байсан. Нэгдсэн хуралдаан дээр Ц.Нямдорж гишүүн “Анх удаа эмэгтэй Ерөнхий нарийн бичгийн даргатай боллоо, нөхөд өө багахан шиг зовоогоорой” гэж байсан нь хамгийн эхэнд санаанд орж байна.

Хувь хүнийхээ хувьд ч маш их сорилт бэрхшээлтэй тулгарсан. Дараа дараагийн эмэгтэй Ерөнхий нарийн бичгийн дарга томилогдоход саад болох муу жишиг тогтоочихгүй юмсан гэж хичээдэг.

Нэг давуу тал байсан. МУИС-ийн Хууль зүйн сургуульд багшилж байсан. Багшлахын зэрэгцээ 2007 оноос УИХ-ын Тамгын газарт зөвлөхөөр ажиллаж байв. Үүний дараа УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх байсан. Шүүх эрх мэдлийн салбарт шүүхийн захиргаанд болон шүүгчээр ажиллаж байсан. Гүйцэтгэх эрх мэдэлд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт салбарын удирдлага, зохицуулалтын газрын даргаар ажилласан. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэлд ажиллаж байсан туршлага маань тус болсон. Монгол Улсад явагдсан анхдугаар Зөвлөлдөх санал асуулга, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үед ажилласан туршлага маань ч нэмэр болсон.

Парламент, парламентат ёсны төлөвшилтийг судалж, энэ чиглэлээр докторын зэрэг хамгаалж, өнөөдөр ч судлаад явж байна.

Энэ хүрээндээ бусад улс орны парламентад гарч байгаа хямрал, өөрчлөлт, хувьслыг судлаачийн хувьд мэдэрч л байсан. “Ковид-19” бол харин урьдчилан тооцоолох боломжгүй хүчин зүйл байсан. Мэдээж тулгамдаж сандарсан үе байлаа. Гэхдээ хаанаас ямар туршлага судлах талаар судлаач хүний хувьд төсөөлөл байв. Хуульч хүний хувьд  хууль, хүний эрхийн зөрчил гаргахгүйгээр ажиллахыг хичээсэн.

Сорилт бэрхшээл ихтэй цагт УИХ-ын даргын манлайлал чухал байсан. Маш хурдан хугацаанд бусад улсын парламентын үйл ажиллагааг судлах чиглэлүүд өгч байлаа. Тамгын газар сайн ар тал нь болж ажилласан.

Жендэрийн мэдрэмжтэй байхын тухайд ийм хариулт өгмөөр байна. Парламентаар хэлэлцэж байгаа хуулиуд хүний эрхийг зөрчсөн байх вий, жендэрийн мэдрэмжтэй байдлын зарчим, шалгуур үзүүлэлтэд нийцэхгүй зүйл заалт байх вий гэж байнга анхаардаг.

Мөн үйл ажиллагааны дүрэм журам, дэд бүтцийн хувьд ч анхаармаар зүйлүүд байдаг. Нялх хүүхэдтэй ажилтнуудын цагийн зохицуулалт, хүүхдийн өрөө гэх мэт. Дотроо хүүхдийн өрөөтэй болгочих юмсан гэж бодож явдаг. Манай Тамгын газрын ажилтнууд өглөө эрт ирээд, үдэш болтол ажилладаг. Парламентын “гал тогоо” учраас нэгдсэн хуралдаантай бол амралтын өдөр ч ажиллаж л байдаг. Ийм онцлог байгууллага.

Ер нь жендэрийн мэдрэмжтэй парламент гэдэг бол зөвхөн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тооны харьцааны асуудал биш. Бүтэц, үйл ажиллагаа, арга барилаараа эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хэрэгцээ, сонирхолд нийцсэн байхыг хэлдэг. Тийм учраас бид Олон Улсын Парламентын Холбооны парламентын жендэрийн мэдрэмжтэй байдлыг үнэлэх өөрийн үнэлгээний гарын авлагыг орчуулж, энэ аргачлалын дагуу үнэлгээ хийхээр хэд хэдэн уулзалт, семинарууд хийгээд байгаа.

Б.Янжмаа