Өлсгөлөн зарлагчид УИХ-ын даргатай уулзах хүсэлт тавилаа
2010.04.14

Өлсгөлөн зарлагчид УИХ-ын даргатай уулзах хүсэлт тавилаа

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Р.Раш, Ц.Сэдванчиг нар Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаад байгаа иргэний хөдөлгөөнүүдийнsasa төлөөллийг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзаж, үүсээд байгаа нөхцөл байдлаас гарах арга замын талаар санал солилцов.

Ард нийтийн санал асуулга явуулах нь хуулийн нарийн зохицуулалттай, УИХ-ын онцгой бүрэн эрхэд хамаарах асуудал учраас хуулийн хүрээнд л шийдэгдэх учиртай. Иймээс тэдний тавьсан шаардлагын дагуу ард нийтийн санал асуулга явуулах нь боломж муутай, зохимжтой бус гэж үзэж буйгаа Хууль зүйн байнгын хорооны дарга илэрхийлээд асуудлыг эвийн замаар ярьж ойлголцож шийдэх боломж, арга зам бүрэн бий. Иймээс эрүүл мэнд, амь насаараа дэнчин тавьсан тэмцлийн хурц хэлбэрээс зайлсхийж, асуудлыг яриа хэлэлцээний замаар зөвшилцлийн аргаар хамтран ярилцаж шийдье гэсэн өмнөх байр сууриа дахин санал болголоо. Мөн энэ сарын 12-ны өдрийн уулзалтын үеэр тэдний тавьсан хүсэлтийг анхааралдаа авч, өлсгөлөн суулт зарласан хүмүүсийн нөхцөл байдлыг сайжруулах, байнгын эмч ажиллуулж эрүүл мэндэд нь хяналт тавих, эмчийн үзлэгт хамруулах талаар холбогдох байгууллагад зөвлөмж чиглэл өгсөн. Суултад оролцогчдын гэрийг дайрсан этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа, харин гурван оюутныг зодсон явдал байхгүй гэдгийг цагдаагийн байгууллага албан ёсоор мэдэгдсэнийг уламжиллаа.

Уулзалтад оролцсон УИХ-ын гишүүн Р.Раш өлсгөлөнд оролцогчдын үзэл бодол, байр суурийг хүндэтгэж буйгаа илэрхийлээд бидэнд засч залруулах төдий биш арилгах ёстой зүйл олон байгаа. Гэхдээ улс орны өнөөгийн байдал хүнд, эдийн засгийн боломж хомс, тэр дундаа хөдөөгийн малчдын амин зуулга алдагдаж мэдэхээр болсон ийм үед бидэнд улс төрийн тогтвортой байдал юу юунаас чухал. Илүүдээ гарсан юм гэж бидний хэнд маань ч байхгүй. Хотонд багтдагггүй байсан сүрэг маань хорогдсоор илүү гэр дүүргэхгүй болчихоод байхад юун ард нийтийн санал асуулга явуулахтай манатай гэж хэлэх хүн захаас аваад байна шүү дээ. Энэ бүхнийг бодолцоод хэл амаа ололцож, үнэн мөнийг шүүн тунгааж, асуудалд эрүүл саруул ухаанаар хандах нь чухал байна гэж байв. УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг хэлэхдээ, ард нийтийн санал асуулгыг ямар тохиолдолд ямар асуудлаар явуулахыг хуульчлан тогтоосон тул асуудлыг хуулийн хүрээнд л авч үзэх  ёстой. Та бүхний тавьж буй шаардлага, ярьж хэлж байгаа зүйлд бодолцмоор юм байгаа. Гэхдээ асуудлыг тавьж байгаа арга хэлбэр нь буруу байна. Амь насаараа дэнчин тавьж хурцатгахгүйгээр хэлэлцээний ширээний ард суугаад хамтран ярилцаж шийдэх боломж байна шүү дээ гэдгийг онцолж байлаа.

Өлсгөлөн зарласан иргэний хөдөлгөөний байгууллагын төлөөллүүд ард нийтийн санал асуулга явуулах шаардлага хэвээр байгаа, харин УИХ-аас ард нийтийн санал асуулга явуулахаар шийдсэний дараа тэмцлээ зогсоож, хэлэлцээний ширээнд сууж болох юм гэсэн өмнөх байр сууриа дахин илэрхийлээд ард нийтийн санал асуулга нь олон жил хуримтлагдсан асуудлыг шийдэх гарц, эмээж цэрвээд байх хүндрэлтэй асуудал биш учраас асуудлыг хэдэн гишүүний хүрээнд биш УИХ дахь намын бүлгүүд, чуулганы хэмжээнд авч ярилцах хэрэгтэй байна гэж байв. Түүнчлэн өлсгөлөн суулт зарлагчдын нөхцөлийг сайжруулахад таван гэр хэрэгтэй байгаа, мөн аюулгүй байдлыг хангах, хүний эрхэнд хүндэтгэлтэй хандах нь чухал байгааг хэлж байлаа. Харин “Үндэсний соёмбо” хөдөлгөөний тэргүүн Б.Лхагважав “Ард нийтийн санал асуулга явуулах нь УИХ-ын онцгой бүрэн эрхийн асуудал гэдгийг бид ойлгож байна. УИХ-ын гишүүн Мөнх-Очир өнөөдөр бидэнтэй уулзахдаа энэ асуудлын талаар тогтоолын төсөл боловсруулж УИХ-д оруулахаа хэлсэн. Харин ард нийтийн санал асуулга нь Үндсэн хуульд нийцэж буй эсэхийг Үндсэн хуулийн цэц шийдэх учиртай байх” гээд тэд асуудлаа зөвшилцөх шаардлагатай байгаа тул таван минутын завсарлага хүссэний дагуу УИХ-ын гишүүд түр гарсан юм.

Ингээд уулзалт дахин үргэлжлэхэд өлсгөлөн зарласан иргэний хөдөлгөөний удирдлагууд дараагийн удаа УИХ-ын даргатай уулзах, мөн олон нийтийн өмнө нээлттэй мэтгэлцээн хийхийг санал болгосныг УИХ-ын гишүүд хүлээн авч УИХ-ын удирдлагад танилцуулахаар болов. Мөн хоёр тал цаашид тодорхой саналтайгаар уулзаж байхаар тохиров.

Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ уулзалтын төгсгөлд хэлэхдээ, та бүхний шаардлагад бид хүндэтгэлтэй хандаж байгаа. Шаардлагын зарим нь ажил хэрэг болж эхэлж байна. Намуудын амлалтыг бодит ажил хэрэг болгохыг Засгийн газартаа шахаж шаардаж байгаа. Сонгуулийн хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан, удахгүй хэлэлцэж эхэлнэ. Ард нийтийн санал асуулга явууллаа гэхэд тодорхой үр дүн гарахгүй болов уу гэж би хувьдаа эргэлзэж байгаа. Иймээс аль аль талдаа хатуу болзол тулгаж шахахгүйгээр, тэмцлийн хурц арга хэлбэрээс зайлсхийж асуудлыг хамтран ярилцаж эрүүл саруул ухаанаар шийдэх гарц хайх нь чухал байгааг дахин санал болголоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.