“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд гадаадад суралцахаар мордлоо
2023.10.31

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд гадаадад суралцахаар мордлоо

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн болзол хангаж, МУИС болон ШУТИС-д бэлтгэл хөтөлбөрт хамрагдсан оюутнууд гадаадын их, дээд сургуульд суралцахаар эх орноосоо мордлоо. Энэ жил АНУ, Их Британи, Герман, Франц, Чех, Канад, Польш, Австрали, Хятад, Орос, Унгар, Энэтхэг, Лаос, Вьетнам зэрэг 16 улсын их, дээд сургуульд 260 оюутан залуус суралцахаар явж байна.

Энэ дагуу жил бүр 330 сум, нийслэлийн хороо тус бүрээс нэг шилдэг сурагчийг шалгаруулж, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулах ”Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийг 2021 оноос хэрэгжүүлж байна.

Одоогоос 100 орчим жилийн тэртээ буюу 1925 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Ардын Засгийн газрын 42 дугаар хуралдаанаас гаргасан шийдвэр ёсоор Ардыг Гэгээрүүлэх яамнаас “Хичээл сурлагадаа шалгарсан, биеийн эрүүл мэндийн хувьд тэнцэх дунд сургуулийн төгсөх ангийн 35 сурагчийг сонгон авч Герман, Франц улсад явуулж, дунд болон лицей, тусгай мэргэжлийн ажилтан бэлтгэх төрөл бүрийн сургуульд суралцуулах” шийдвэр гарчээ.

Мөн Герман, Франц улсад суралцуулахаар явуулсан эдгээр 35 сурагч нь Монгол улсын Засгийн газраас гадаад улсуудад суралцуулахаар илгээсэн сурагчдын эхний ээлж байсан байна. Эдгээр 35 сурагчид 1908-1912 онд төрсөн, 13-17 насны хүүхдүүд байсан түүхэн баримт бий.

Алс газар сурахаар явж байгаа оюутан залуусдаа сурлагын их амжилтыг ерөөж, дэлхийн боловсрол эзэмшиж, эх орныхоо хөгжил дэвшил, сайн сайхны төлөө хүчин зүтгэх үндэсний манлайлагчид болохыг хүсье. Мөн гадаад улсад эх орныхоо нэр хүнд, Монгол хүний үнэ цэнийг өндөрт өргөн, бие биеэ хайрлаж, тусалж, дэмжиж, хүндэтгэж яваарай.