Өлсгөлөн зарлагчид шаардлагаа өөрчилж, "илүү ихийг" хүслээ
2010.04.16

Өлсгөлөн зарлагчид шаардлагаа өөрчилж, "илүү ихийг" хүслээ

УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд өлсгөлөн зарлаад байсан иргэний хөдөлгөөний төлөөллүүдтэй өнөөдөр Төрийн ордонд уулзаж, санал солилцлоо.
Ажлын хэсгийн ахлагч, Төрийjagsagchidн байгуулалтын байнгын хорооны дарга Ө.Энхтүвшин хэлэхдээ, та бүхний тавьсан шаардлагад УИХ анхааралтай хандаж, гишүүдийн хэмжээнд  хэд хэдэн удаа уулзаж, үүссэн нөхцөл байдлаас гарах арга замын талаар санал солилцож ирлээ. Мөн УИХ-ын дарга захирамж гаргаж, харилцан ойлголцох, яриа хэлэлцээ хийх үүрэгтэй ажлын хэсэг байгуулж, бид анхныхаа уулзалтыг хийж байна.

Ард нийтийн санал асуулга явуулах асуудлыг хуульд тодорхой үндэслэлээр нарийвчлан заасан, эрх бүхий субъект хууль санаачлахаас эхлээд өргөн барих, хэд хэдэн үе шаттай хэлэлцэх гээд цаг хугацааны хувьд ч бодолцох ёстой асуудал. Гишүүнийг энэ тухай хууль санаачлахыг шахаж тулгах ч боломжгүй. Иймээс заавал өлсгөлөнгөө үргэлжлүүлж, тулгалт шахалт хийхгүйгээр харилцан ярилцаж зөвшилцөх  боломж, гарц эрж хайх нь зүйтэй юм.

Та бүхний анхны шаардлагад  УИХ тодорхой хариу өгсөн. Гэтэл байр сууриа өөрчилж өөр зүйл шаардаж байгаа нь зохимжгүй байна гэдгийг онцоллоо.

Уулзалтад оролцсон УИХ-ын ажлын хэсгийн гишүүн Б.Бат-Эрдэнэ, Р.Раш, Р.Гончигдорж, С.Оюун нар ч улс орон, олон түмний эрх ашгийн үүднээс асуудалд бодитой хандаж, улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэн харилцан буулт хийх, зөвшилцөх замаар асуудлыг шийдэх боломж байгааг хэлж байв. Тухайлахад УИХ-ын гишүүн С.Оюун ард нийтийн санал асуулга явуулж болно, гэхдээ энэ асуудлыг олон нийт дэмжиж буй эсэхийг бас бодолцох учиртай. Цаг хугацаа, хөрөнгө мөнгө ч багагүй шаардагдана. Иймээс ард нийтийн санал асуулга явуулах эсэх талаар эхлээд иргэдийн дунд судалгаа явуулж тодорхой дүгнэлт мэдээлэлтэй болж болох юм гэлээ. Харин УИХ-ын гишүүн Р.Раш улс төрийн энэ хэл амтай байдал нь улс орны эдийн засагт ташуур болохоос илүүтэй саад тотгор авчирч мэдэх тул шаардлагаа улам хатууруулж лавшруулаад байх биш асуудалд бодит байр сууринаас хандах нь чухал юм. УИХ-ын гишүүн Р.Гончигдорж амлалтаа хэрэгжүүлэх үүрэг хариуцлагаа энэ УИХ л хүлээх учиртай. Тиймээс та бүхний тавьж буй ард нийтийн санал асуулга явуулах, УИХ-ыг тараах шаардлагууд авцалдаж өгөхгүй байна. Бид асуудлыг зөвшилцөж, харилцан буулт хийж, ойлголцсоор ирсэн. Энэ удаа ч тийм боломж, арга зам бий гэдэгт найдаж байна гэдгээ хэлэв.

Харин өлсгөлөнд оролцогчид нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжаар өлсгөлөнг хүчээр тараасан, эмнэлгийн хуурамч онош, баримт бүрдүүлж албадан эмчилгээнд оруулсан гэж үзэж буйгаа хэлээд энэ талаар холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг хүслээ. Мөн тэд өлсгөлөнгөө эмнэлэгт үргэжлүүлж буйгаа мэдэгдээд УИХ-д хандаж зарим шаардлага тавьж буйгаа танилцуулав. Тэд шаардлагадаа 2011 оны нэгдүгээр сарын 1 гэхэд хүүхдийн мөнгийг сэргээх, намуудын амласан 2.5 сая төгрөгийн мөнгөн амлалтыг биелүүлж ирэх оны нэгдүгээр сар гэхэд 1.5 сая төгрөгийг иргэдэд бэлнээр олгох, 2000 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг хүчингүй болгох, Ашигт малтмалын тухай хуулийг өөрчлөх, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аар дахин хэлэлцэж УИХ-ын 40, 57 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах, 2008 оны долдугаар сарын 1-ний жагсаал цуглааны үеэр иргэдийн амийг бүрэлгэсэн хэргийн эзнийг тогтоож хариуцлага тооцох, энэ хэргийн талаар улс төрийн дүгнэлт гаргах, иргэдийн тэмцлийг таслан зогсоохыг оролдсон Засгийн газарт хариуцлага тооцох зэргийг дурьдаад энэ асуудлаар яриа хэлэлцээ хийхийг зөвшөөрсөн нөхцөлд өлсгөлөнгөө зогсоохоо мэдэгдлээ. 

Ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшин тэдний тавьсан шаардлагыг УИХ-ын удирдлагад танилцуулсны үндсэн дээр хэлэлцээний ширээнд сууж асуудлыг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхэд бэлэн байгаагаа мэдэгдлээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.