Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний талаарх ойлголтын зөрүүг арилгах зорилготой хуулийн шинэчилсэн найруулгын баталлаа
2010.04.17

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний талаарх ойлголтын зөрүүг арилгах зорилготой хуулийн шинэчилсэн найруулгын баталлаа

УИХ-ын чуулганы баасан гаригийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хэлtsakinэлцсэн эхний асуудал нь Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон Статистикийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг байлаа.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль 1998 онд батлагдсан бөгөөд уг хуулийн дагуу тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардагдах энгийн ажил гүйцэтгэсэн ажилтанд олговол зохих цагийн болон сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Засгийн газраас ажил олгогч болон ажилтны эрх ашгийг төлөөлөн хамгаалах улсын хэмжээний байгууллагын саналыг харгалзан жил бүр тогтоосоор ирсэн билээ.

Ийнхүү тогтоож байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний үйлчлэх хүрээнд зөвхөн хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч хамаарч байгаа учир бусад төрлийн, тухайлбал иргэний гэрээгээр ажиллагчдад үүнээс доогуур хөлс төлөх замаар эрх ашгийг нь хохироох явдал гарч байгаа аж.

Түүнчлэн боловсролын түвшин, мэргэжлийн ур чадвар шаардах ажилд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр хөлс төлөх, хоол, унааны хөнгөлөлт бусад нэмэгдлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд оруулан тооцох зэрэг буруу хандлага түгээмэл болжээ.

Нөгөө талаар, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг жилд нэг удаа шинэчлэн тогтоохоор хуульчилсан нь амьдрал дээр түүнийг жил бүр нэмэгдүүлэх механизм болж хувирч байна. Тухайлбал, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлаар янз бүрийн шатанд нөлөөллийн үйл ажиллагаа явагдаж, эрх ашгийн бүлгүүдийн шахалтаар эдийн засгийн нөхцөл байдлаа үл харгалзан асуудлыг шийдвэрлэх тохиолдол гарсаар байна. Энэ нь эдийн засаг, нийгмийн бодит нөхцөл байдалтай зөрчилдөх, жижиг бизнес, аж ахуй эрхлэгчдэд хэт дарамт үүсгэх зэрэг зохисгүй үр дагаварт хүргэж болзошгүй гэж хуулийн төсөл санаачлагчид үзсэн байна.

Тиймээс хуулийг хэрэглэх явцад гарч байгаа эдгээр хүндрэлтэй асуудлын талаарх ойлголтыг нэг мөр болгох зорилгоор Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг олон улсын нийтлэг хандлага, өөрийн орны онцлог нөхцөлийг тусган боловсруулсан ажээ.

Хуулийн төсөл нь З бүлэгтэй байх бөгөөд нэгдүгээр бүлэгт хуулийн зорилт, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль тогтоомж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, түүнийг тогтоох, өөрчлөхөд харгалзах хүчин зүйлсийн талаарх зохицуулалтыг тусгажээ.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний талаарх ойлголтын зөрүүг арилгахын тулд тодорхойлолтыг “Тусгай мэргэжил, боловсрол үл шаардагдах энгийн ажилд хөдөлмөрийн болон хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах бусад гэрээгээр ажиллагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор эрх бүхий этгээдээс тогтоосон цагийн үндсэн цалин / хөлс/- гийн нийтээр дагаж мөрдвөл зохих хамгийн доод хязгаарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэнэ” гэж шинэчлэн томъёолсон байна. Түүнчлэн тусгай мэргэжил, боловсрол шаардах ажилд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр хөлс төлөхийг хориглох заалтыг шинээр нэмж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сараар болон цагаар тогтоож байсныг өөрчилж зөвхөн цагаар тогтоохоор зохицуулжээ.

Түүнчлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэхдээ хүн амын амьжиргааны өртгийн өөрчлөлт, улсын цалин хөлсний дундаж түвшин, нийгмийн даатгал болон халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ, эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлт болон хөдөлмөрийн бүтээмжийн түвшинг харгалзан үзэхээр тусгасан байна.

Хуулийн төсөлд, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох өөрчлөх асуудлаар ажил олгогчийн болон ажилтны эрх ашгийг хамгаалах үндэсний байгууллага санал гаргах эрхтэй байсан бол өнөөгийн амьдралаас урган гарч байгаа шаардлагыг харгалзан эдийн засгийн хямрал, гамшгийн болон онцгой байдлын нөхцөлд нийтийн эрх ашгийн үүднээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тодорхой хугацаанд тогтвортой байлгах болон нийгмийн хамгааллын бусад арга хэмжээтэй хослуулан түр хугацаагаар бууруулан мөрдөх саналыг Засгийн газар гаргаж болох заалтыг нэмж оруулсан ажээ.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо энэхүү хуулийн төслийг хэлэлцээд анхны хэлэлцүүлэгээр нь батлах нь зүйтэй хэмээн үзсэн аж. Нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд мөн тэрхүү саналыг дэмжсэн бөгөөд Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох тухай хуулийн шинэчилсэн найруулгын болоод Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл хуралдаанд оролцсон гишүүдийн 73.2 хувийн дэмжлэгээр батлагдлаа. Харин Статистикийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг буцаахаар гишүүд шийдвэрлэсэн
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.