Алслагдсан болон говийн бүс нутагт нэмэгдэл олгох уу
2010.04.17

Алслагдсан болон говийн бүс нутагт нэмэгдэл олгох уу

Баасан гаригийн Нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн сүүлийн асуудал нь Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийнchuulgan_2007 даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрхзүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудал байсан юм.

Төсөл санаачлагчдын илтгэлийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулсан.

Дэлхийн улс орнууд эдийн засаг, нийгмийн үзүүлэлтээр хангалтгүй, төвөөс алслагдсан, байгаль цаг уурын хувьд эрс тэс, дэд бүтэц, үйлдвэрлэл сул хөгжсөн бүсийн ард иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор бүсийн нэмэгдэл олгох, санхүүгийн хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх зохицуулалтыг хууль тогтоомждоо тусгасан байдаг аж. Тухайлбал, ОХУ-ын төвөөс алслагдсан Якут, Чукотка, Камчатка зэрэг бүсийн иргэдэд 2.0 хувийн нэмэгдэл олгох, умард хязгаар, түүнтэй адилтгах нутагт ажиллагсдад цалингийн 20-60 хувийн нэмэгдэл олгох, ажлын богиносгосон цагаар ажиллуулах гэх зэрэг зохицуулалтыг Хөдөлмөрийн хуульдаа тусгасан байдаг юм байна.

Тэгвэл УИХ-ын нэр бүхий гишүүд иргэдийн амьжиргааг дэмжих, орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээ авах үүднээс алслагдсан болон говийн бүс нутагт ажиллаж амьдарч байгаа төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчид бүсийн нэмэгдэл олгох зохицуулалтыг бий болгох зорилгоор Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Алслагдсан болон говийн бүс нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчид нэмэгдэл олгох эрхзүйн орчныг бий болгож байгаатай холбогдуулан эдгээр бүс нутагт амьдарч байгаа өндөр настанг дэмжих, амьжиргааг нэмэгдүүлэх зорилгоор өндөр настны тэтгэврийн нэмэгдэл олгох тухай зохицуулалтыг тусгаж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Мөн Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрхзүйн байдлын тухай хуулийн 12.6-д алслагдсан бүс нутгийг Засгийн газар тогтоохоор заасныг өөрчилж, Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ тогтоохоор өөрчлөлт оруулахаар хуулийн төсөлд тусгасан байна.

Алслагдсан бүс нутагт баруун бүс Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийн нийслэлээс 1000 түүнээс дээш км алслагдсан сумдыг, говийн бүс нутгийн Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийн хувьд доогуур, байгаль цаг уурын хувьд онцлог, дэд бүтэц, үйлдвэрлэл сул хөгжсөн сумдыг оруулахаар тооцжээ.

Бүсийн нэмэгдлийн асуудалд гишүүд өөрийн өөрийн байр сууринаас хандаж байсан. Тухайлбал УИХ-ын гишүүн Р. Гончигдорж, Асуудал нь арай өөрөөр тавигдах байх. Ноолуурын үнэ нэмэгдээд, агаар сайн байгаад, ямааны тоо толгой нэмэгдэхэд говийн бүсийнхний амьдрал хамаагүй дээрддэг. Бүсийн нэмэгдлийн оронд эдийн засгийг нь хөшүүргэдэн, орлогыг нь нэмэгдүүлэх хэрэгтэй. Өөр байдлаар хандаж болохгүй юу. Алслагдсан бүс нутаг дахь төрийн албан хаагчдын бодлогыг гаргая. Тэнд ажиллах төрийн албан хаагчдыг сургалтын төлбөрөөс чөлөөлье. Үйлчилгээг нь ойртуулья. Тэд яагаад хот руу яваад байгаа вэ гэвэл хотод тэндхээс дээр үйлчилгээ байгаа юм. Сургалт үйлдвэрлэлийн төвийг байгуулья. Нэг талаас нь харж шийдэх хэрэгтэй. Тэгэхгүй бол ялгаварал маягийн асуудал үүснэ. Нийгмийн даатгалын сангаас заримд нь тэтгэвэр нэмж, нөгөөд нь нэмэхгүй байж бас болохгүй шүү дээ.

УИХ-ын гишүүн Х.Жекей, 1921 оны хувьсгалын дараа газар нутгийг эзэнтэй байлгах бодлого явуулсан туршлага бий. Хил хязгаар нутгийг эзэнтэй байлгах бодлого. Газар нутгийг эзэнтэй байлгах нь нэг талаас үндэсний аюулгүй байдлын асуудал. Хил орчмын нутаг дэвсгэрт хүн амын 12 хувь нь л үлдсэн байна. Тэгээд настай голдуу хүмүүс үлдэж байгаа. Ийм байдлаар байвал 30-40 жилийн дараа эзгүй болно. Энэ талаас нь бодон бодлогыг дэмжих хэрэгтэй. Хэдэн хүмүүсийн нутаг орноо гэсэн асуудал бишээ. Ийм жишиг олон улсад байгаа. ОХУ-ын алс дорнодод суугаа хүмүүс ажил хийлгүй татаас аваад амьдарч байгаа. Энэ бол олон улсын практик. Газар нутгийн тэнцвэртэй ашиглалтын талыг ч бас бодох л асуудал.

Гишүүд ийнхүү хэлэлцээд ирэх нэгдсэн хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар үеэр хэлэлцэн хураасан саналуудаар санал хураалт явуулахаар тогтлоо.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.