Төрийн ордонд номын хур бууж, эрхэм түшээд номд шимтэв
2010.04.21

Төрийн ордонд номын хур бууж, эрхэм түшээд номд шимтэв

-Монгол Улсад байнгын ажиллагаатай Парламент үүсч, хөгжсөний 20 жилийн ойд-

Ирэх намар 20 жилийн ойгоо тэмдэглэх Монгол Улсын байнгын ажиллагаатайnom_101 Парламентын хувьд өнөөдөр жирийн л нэг ажлын өдөр эхэлсэн хэдий ч бага үдтэй зэрэгцэн Төрийн ордны гол хаалганы дээрх хоёрдугаар давхар хөл хөдөлгөөнд умбав. Байнгын хороодын хуралдаанаа дөнгөж завсарлуулаад гарч ирсэн УИХ-ын гишүүд сугавчилсан хавтас, бичигтэйгээ зэрэгцүүлэн баахан ном давхарлан нэмж сугавчилсаар дараагийн ажил руугаа яаран одох нь соньхон. Зарим нь ч бүр удаан саатаж, туслахдаа авсан номнуудаа бариулчихаад, өөрөө гар, нүд нь завгүй номын хуудас эргүүлж зогсох гишүүд олон харагдсан

үеэр УИХ-ын Тамгын газраас “Интерном” дэлгүүртэй хамтран зохион байгуулж буй арга хэмжээний нээлт эхэлж, УИХ-ын Тамгын Газрын Ерөнхий Нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржийн хэлсэн үгтэй хамт ордон даяар номын цагаан гэгээ татсан болов уу. Учир нь “Дэлхийн номын өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулж байгаа 2010 оны хамгийн эрэлт хэрэгцээтэй номыг танилцуулах энэхүү өдөрлөгт Төрийн ордны ажилтан, албан хаагчид бараг бүгдээрээ хүрэлцэн ирсэн байлаа. Гаднаас алба залгуулахаар ордонд орж ирэгсэд ч олон байсан. Нэг зүйлийг онцлоход, НҮБ-ын Соёл, урлагийн хорооноос жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-ныг “Дэлхийн номын өдөр” болгон тэмдэглэж байх шийдвэр гаргаад даруй 15 жил өнгөрч байгаа бөгөөд чухам энэ гэгээлэг өдрийг угтаж Монгол Улсад байнгын ажиллагаатай Парламент үүсч хөгжсөний 20 жилийн ойн хүрээнд зохиох олон олон ажлын хамгийн анхных нь шанг УИХ-ын Тамгын Газрын эл номын өдөрлөг татлаа гэж хэлж болох юм. Энэ тухай Тамгын Газрын ЕНБ-ийн дарга Ц.Шаравдорж ч хэлсэн үгэндээ тэмдэглэж байсан. Төрийн ажлын зав чөлөөгүй байдлыг бодолцож, төрийн ордонд ажиллагсдын эрэлт хэрэгцээнд нийцсэн шилдэг сайн ном танилцуулах өдөрлөгийг зохион байгуулж байна хэмээн Ц.Шаравдорж даргын хэлснийг энд цугласан олон илт сайшааж байсны зэрэгцээ уг ажлыг амжуулахад УИХ-ын Тамгын газар болоод “Интерном” дэлгүүр, “Эдмон” компанийн талаас сэтгэл гарган зорьсон нь илэрхий байлаа.

Үүнийг эрхэм гишүүдийн ном худалдан авч байгаагаас үзэхэд ч тодорхой. Тухайлбал, УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Г.Батхүү лав 200 гаруй мянган төгрөгийн ном худалдан авсан. Адам Харт Дэвисийн “Дэлхийн түүх” хэмээх гоёмсог хэвлэсэн хатуу хавтаст номыг Г.Батхүү гишүүн хамгийн түрүүнд худалдаж авсан. Тэгснээ нэмж өөр ном авсаар нэг дор их олон номтой болчих нь билээ. Стив Паркер гэсэн зохиогчтой зурагт лавлахын “Хүний бие” гэсэн номыг тэрээр анагаахын чиглэлээр сурдаг дүүдээ авч байна гэсэн. Бид яаж амьсгалж, хэрхэн зүрх цохилж, нүд харж, чих маань сонсож мэдэрдэг байна вэ гэхчлэн бүх нийтийн боловсролд зориулсан энэ номыг энд хүрэлцэн ирсэн олон хүн худалдан авна лээ. Яагаад гэвэл өнөөдрийн номын өдөрлөгөөр худалдаалагдаж буй номнууд дэлгүүрийнхээсээ 10 хувиар хямдхан байгаад хүмүүс олзуурхаж байв.

Ном авч байгаа эрхэм гишүүдийн “хамгийн хамгийн”-д Д.Дондог гишүүнийг мөн оруулж болохоор байсан. Тэрээр бас л 180-аад мянган төгрөгийн ном худалдан авсны дотор “Монгол хэлний хураангуй тайлбар толь бичиг” орж байв. Монсудар хэвлэлийн газрын энэ ном зөвхөн хэмжээ нь л гэхэд 175х250 мм, нүүрний тоо нь 1062 юм. Манай ард түмний өвөрмөц ахуй амьдрал, түүх, соёл сэтгэлгээний онцлогийг тусгасан 60,000 гаруй толгой үг хэллэгтэй хэмээн номын дэлгүүрийн ажилтан бүсгүй эрхэм гишүүнд тайлбарлан хэлж байлаа.

Д.Загджав гишүүн ч олон ном авсан харагдсан. Түүний номын тавиурт “”Зөвлөлт-Хятадын харилцааны нууц түүх” тэргүүтэй нэлээн хэдэн ном “очихоор” болсон доо.

УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Балдан-Очир, Н.Ганбямба нар ч өдөрлөгт сэтгэл хангалуун байгаа харагдаж, номын хуудас эргүүлэнгээ өөр хоорондоо яриа өрнүүлэн, нэлээн хэдэн ном авцгаасан. Сангийн яамны нэгэн ажилтан УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Золбаярын “Бүтэн”, “Бүлээн” хэмээх номнуудыг авч, аавдаа уншуулахаар өгнө гэж байсан. Харин бүсгүйчүүд хүүхдийн болон соёл, урлаг, танин мэдэхүй, уран зохиолын номын лангуугаар эргэлдэж, хараахан хэвлэгдэж амжаагүй байгаа бол захиалгын хуудсыг нь өгнө үү хэмээн худалдагчдыг завгүйхэн байлгаж харагдана лээ. Нийгэм улс төр, бизнес эдийн засгийн чиглэлийн номыг эрчүүд идэвхийлэн үзэж, сонирхохын зэрэгцээ Парламентын сурвалжлагчдын анхаарлыг энэ салбарын номнууд мөн нэлээд татаж байгаа нь ажиглагдсан. Ингэж “Интерном”-оор Төрийн ордныхон өдөржингөө аялав. Оюун ухаанд шинэ хүч, давалгаа нэмдэг номын хур гэгээ татуулсаар энэ өдөр хүн бүхний сэтгэлд гэрэл нэмсэн буй за.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.