Монголын Улсын генерал цолтонгуудыг хүлээн авч уулзлаа
2010.04.27

Монголын Улсын генерал цолтонгуудыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий Командлагч Ц.Элбэгдорж өнөөдөр Монголын Улсын генерал цолтонгуудыг хүлээн авч уулзан “Генералуудын өдөр”-ийг тохиолдуулан хүндэтгэл үзүүллээ.generaluud

Манай улс 20 дугаар зууны эхнээс монгол цэргийг европ маягаар шинээр үүсгэн байгуулахдаа дэлхий дахины жишгийн дагуу цэргийн цолыг нэвтрүүлж эхэлсэн бөгөөд тэр нь албан тушаал цэргийн цолыг давхар илэрхийлсээр иржээ.1944 онд шинээр нэвтэрсэн цэргийн дээд цол болох генерал цолыг эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэгт онц гарамгай гавъяа байгуулсан цэргийн дээд дарга нарт олгох журам гаргаж анхны 11 хүнд олгосноос хойш эдүгээ энэ эрхэм хүндтэй цолыг 150 хүн хүртээд байна.

Өнгөрсөн 66 жилийн хугацаанд генерал цолыг хүртсэн алтан мөрдөстнүүд бол улсынхаа тусгаар тогтнол, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдал, ард түмнийхээ амгалан тайван амьдралыг хамгаалах Монгол Улсын зэвсэгт хүчин, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудыг хөгжүүлэн бэхжүүлэхийн төлөө нэгэн бие амьдралаа зориулсан монгол цэргийн нэрт зүтгэлтнүүд, үе үеийн шилдэг дарга нар юм.Өнөөдөр Монгол Улсын генералуудаас 79 хүн амьд сэрүүн байгаа бөгөөд 31 нь төрийн болон цэргийн ажил үүрэг гүйцэтгэж, 48 нь бэлтгэл болон чөлөөнд байна.Тус арга хэмжээний үеэр "Монгол генерал төв" ТББ-ын тэргүүн хошууч генерал С.Баасанхүү хэлсэн үгэндээ, “Монгол Улсын генералуудын өдрийг тохиолдуулан хүндэтгэл үзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид генералуудынхаа нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье” хэмээн амжилт хүссэн бол Армийн дундаас анх удаа цэргийн цолтон Төрийн тэргүүнээр сонгогдсонд баяртай байгаагаа генералууд илэрхийлж байв.Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ, “Монгол цэргийн ялан дийлэх арга ухааны нэн чухал эх булаг нь цэргийн жанжин дарга нарын цэргээ залах суу билэг, нугарч шантаршгүй зориг зүрх, цэргүүд нь удирдагч нартаа амь бие, санаа зоригоо сэтгэл хоёрдолгүй даатгадаг хязгааргүй итгэл болж иржээ. Суут богдын үед ч ийм байсан.Шинэ цагийн зэвсэгт хүчин, энхийг сахиулагчдын хувьд ч ийм байх учиртай болов уу.

Монгол Улсын үе үеийн генералууд та нөхдийн мэдлэг, чадвар, авъяас билэг, ажил амьдралын их туршлага Монгол Улсын төрийн цэргийн бодлогын шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлж Зэвсэгт хүчний үүрэг гүйцэтгэх болон энхийг дэмжих ажиллагаанд оролцох чадавхи боломжийг нэмэгдүүлэх нэн чухал нөөц, сурч мэдэж хөгжих дэвшихийн их сан хөмрөг гэдгийг онцлон тэмдэглэе” гээд генералууддаа ажлын амжилт, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүслээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.