Оюу толгой төслийн ТЭЗҮ-тэй нарийвчлан танилцах ажлын хэсгийн дүгнэлтийг сонсов
2010.04.28

Оюу толгой төслийн ТЭЗҮ-тэй нарийвчлан танилцах ажлын хэсгийн дүгнэлтийг сонсов

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдөрийн хуралдаанаар тус байнгын хорооноос tbb_horoo2010 оны 04 тоот тогтоолоор байгуулагдсан “Оюу толгой” төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг Эрдэс, баялгийн мэргэжлийн зөвлөлөөр 2009 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хэлэлцсэн тухай дүн болон уг техник, эдийн засгийн үндэслэлтэй нарийвчлан танилцсан ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсов.

Ажлын хэсгийн ахлагч Ш.Сайхансамбуу гишүүний танилцуулснаар Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш 2 удаа хуралдаж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл, Усны газар, Оюу толгой ХХК-иас зохих тайлбаруудыг авч санал, дүгнэлт гаргажээ.Ажлын хэсгийн санал, дүгнэлтэд “Шалгалтын явцад Оюу толгой ХХК-ийн зүгээс ТЭЗҮ-д тусгасан хөрөнгө оруулагчдын нөөц ашигласны төлбөр 2 хувийг хувь нийлүүлэгчдийн хоорондын хэлэлцээрээр шийдэхээр болсон зохистой шийдвэрүүд гарч байгаа боловч нэмж тодруулах асуудлууд байгааг дурдсан байна. Тухайлбал, Оюу толгой ордын үйлдвэрийн эхний 5 жилд усны нөөц хүрэлцээтэй, цаашид иж бүрэн судалгааны ажил явуулж ашиглалтын нөөцийг тогтоон баталгаажуулах боломжтой эсэх, геологийн нийт хүдрийн нөөц 45 сая тонн зэсийн хүдрийг аль болох бүрэн ашиглах ТЭЗҮ-г боловсруулах, УИХ-ын 2008 оны 40 дүгээр тогтоолын биелэлтийг хангах талаар Засгийн газарт Байнгын хорооны тогтоолоор чиглэл өгөх саналтай байна гэжээ.

Гишүүдийн зарим нь энэ асуудлыг хэлэлцэх заавал шаардлагатай гэж үү хэмээн эргэлзэж “галт тэрэг хөдөлсөн” гэж байсан ч Сангийн сайд С.Баярцогт, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт нар гишүүдийн асуултад хариулахдаа “уг гэрээнд хоёр талын тохиролцсоны дагуу шаардлагатай өөрчлөлт оруулах боломжтой” гэсэн учир нэлээд ач холбогдол өгч, санал бодлоо олон өнцгөөс нь илэрхийлж байв. Ашигт малтмалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг гишүүдийн олонхи нь дэмжиж үг хэлж байсан бөгөөд ялангуяа Н.Ганбямба гишүүн “компаниудад үйл ажиллагаа явуулах эрх олгож буйг нь баталгаажуулсан лиценз гэхэд өмчлөх эрхийн хэмжээнд үйлчилж байгаад эмзэглэж байгаагаа хэлж байлаа. Тэрбээр Таван толгойн орд газрын асуудлыг шийдэхийн өмнө Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэсэн байр сууриа хатуу илэрхийлж, салбарын сайдтай ширүүн маргалдав.

Гишүүдээс гарсан саналыг нэгтгэж, тогтоолын төслөө томьёолон дараагийн хуралдаанд оруулж ирэхийг Байнгын хорооны дарга З.Энхболд Ажлын хэсэгт үүрэг болголоо. Хуралдааны төгсгөлд Улсын батлан хамгаалах болон аюулгүй байдлыг хангах зориулалтаар олгогдсон газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийг хэлэлцэхийг дэмжсэнээр АБГББХ-ны өнөөдрийн хуралдаан өндөрлөв
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.