Хүүхдийн паркын эхний хэсэг долдугаар сарын 8-нд ашиглалтад орно
2010.05.19

Хүүхдийн паркын эхний хэсэг долдугаар сарын 8-нд ашиглалтад орно

“Энэ паркыг шинэчлэх ажил юу болоод байна. Ямар асуудал нь болохгүй гацаад байгаа юм. Хот ямар арга хэмжээ авах хэрэгтэй байгааг үзэхээр би энд өнөөдөр ажиллана.Та нар маш их хугацаа алдсан. Үүнд ямар ч тайлбар хүлээж авахгүй. Харин одоо бол ажил явж байнаа. Гэхдээ хотынхон хөгшин залуугүй, хүүхэд багачууд та бүхний ажлын үр дүнг тэсч ядан хүлээж байгаа шүү. Ингэж их хүлээлгэснийхээ төлөө ашиглалтад орсны дараа иргэдэд хамгийн хямд үнээр үйлчлэх шаардлагыг хот тавина” хэмээн Хүүхдийн паркын шинэчлэлийн ажилтай танилцах үеэрээ хотын дарга төслийн удирдагч нарт хэллээ.

Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу хүмүүсийн ярьдгаар Хүүхдийн парк битүү төмөр хашааны цаана халхлагдаад хэдэн оныг үдэж байна. Дэргэдүүр нь явж өнгөрөхөд хүүхдийн морин тойруулгын эрээн орой, шинээр босгосон алсын харагчаас өөр юу ч үл үзэгдэнэ. Ийм байдал хүүхэд томчуулгүй бухимдахад хүргэж, олон нийтийг анхаарлыг энэ зүгт хандуулаад байгаа юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр өнгөрсөн даваа гаригт болсон хотын шуурхай зөвлөгөөн дээр хэлснийхээ дагуу хүүхдийн паркын барилга, тохижилтын ажилтай холбогдох албаныхнаа байлцуулан явж танилцлаа.

Паркын хиймэл нуурыг бүрэн шинэчилж байгаа аж. Нуурын дунд байх арал дээр өмнөхөөсөө илүү уран хийц бүхий цайз барьж байна. Хиймэл нууранд гурван ч насосоор ус шахах бөгөөд өмнөхийн адил завь хөвүүлж, хүүхэд багачуулд үйлчлэх гэнэ. Энэ байгууламж нийт хоёр га талбайг эзэлдэг юм байна. Дотор нь хоёр ч усан оргилуур хийх аж. Өвөл нь мэдээж мөсөн гулгуурын талбайн зориулалтаар ашиглана. Хиймэл нуурын баруун талд өмнө байсны адил агаарын дугуйн зам харагдана лээ. Алсыг харагч урьд нь ашиглаж байснаас 10 метрээр илүү өндөр болж, битүү бүхээгээр тоноглогдсон байна. Зүүн өмнө хэсэгт 460 машины зогсоол байгуулах гэнэ.

Паркын бүтээн байгуулалт болон тохижилтод одоогийн байдлаар 18 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт хийгдээд байгаа бөгөөд цаана нь 12 тэрбум орчим төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа юм байна. Бүрэн ашиглалтад орсноор 345 хүн ажлын байртай болно гэлээ.Үндэсний соёл амралтын хүрээлэн нийт 35 га талбайтай. Хэд хэдэн компанид газраас нь тасдаж өгсөөр тоглоом байрлуулах талбайгүй шахам болсон гэдэг ойлголт олон хүнд бий. Одоогийн байдлаар 2.4 га газраас бусдыг нь цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар хэвээр үлдээхээр холбогдох байгууллагуудын шийдвэр гарчихсан гэдгийг ажлаа танилцуулсан Үндэсний соёл амралтын хүрээлэнгийhuuhdiin_parkн дэд захирал, төслийн зохицуулагч Б.Батнягт хэлж байна. “Мон уран”-д өмнө олгосон гэх газрынх нь асуудал шүүхийн шатанд яваа гэлээ.

Шинэ паркын ажил эхлээд жил хагас болж байгаа, бас ч гэж харьцангуй хурдтай яваа гэж үзэж буйгаа ажил хариуцсан хүмүүс хэлж байна. Газар дээр нь байдлыг үзэхэд хүүхдийн паркын хашааг дотор нь мөн л төмөр хашаагаар хоёр хэсэгт хуваажээ. Хотын даргын танилцсан хэсгийн ажлын бүрэн дуусгаад уг хашааг авч, дараагийн ажлаа эхлүүлэх гэнэ. Паркыг хоёр үндсэн хэсэг болгон тохижуулах юм байна. Нэг хэсэгт нь хүүхэд багачууд наадах тоглоом байрлуулах бол үлдсэн газрыг нь амралтын цэцэрлэг байхаар төлөвлөжээ.Хотын мээр бүтээн байгуулалт тохижилтын ажилтай танилцсаныхаа дараа “Хийж байгаа ажлыг нь газар дээр нь ирж үзлээ. Тоглоомын болон бусад цогцолборууд дээр явагдаж байгаа хүн хүч, гүйцэтгэлийг харахад та бүхний хийж байгаа танилцуулгыг үндэстэй гэж харж болохоор байна.

Долдугаар сарын 8-нд тоглоом бүхий энэ хэсгээ иргэдэд хүлээлгэж өгөх боломжийг бий болгох зайлшгүй шаардлага байгаа. Олон нийтэд хийж буй ажлаа огт хүргээгүйгээс ойлголтын зөрүү их байгаа юм байна. Хүмүүст та нарыг тендер, газар авчаад юу ч хийхгүй байна, газрыг хуваагаад зарчихсан гэсэн хардлага бий болчихож. Өнгөрсөн гуравдугаар сард би төслийн хэрэгжүүлэх хугацаа хэтэрлээ, бүтээн байгуулатын ажил ямар шатандаа явааг асууж, шаардлага хүргүүлсэн. Та нарт давуу эрх өгч тендэр олгосон.Гэвч хугацаа маш их алдлаа. Энэ тал дээр ямар ч тайлбар хүлээж авахгүй. Тиймээс тодорхой санаачлага гаргах хэрэгтэй. Хөрөнгө оруулалт маш их өртөг шаардаж байгаа нь үнэн. Гэхдээ энэ төслийг хэрэгжүүлэхэд танайд давуу эрх олгогдсон л бол алдагдсан хугацааны хүлээлтийг юугаар нөхөх вэ гэдгээ олон нийтэд зарлах хэрэгтэй. Магадгүй ашиглалтад орсны дараа хүүхэд залуус тоглоомууд дээр хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх гарцыг ч бий болгож болох юм. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд орсон, олон жил ашиглаж ирсэн, нийслэлийн иргэдэд зориулагдсан, биднээс өмнөх үеийнхэн байгуулж өгсөн хүүхдийн парк гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Хөрөнгө оруулалт зогсохгүй юм байна, гацаанаас гарсан гэдэг нь харагдаж байна. Ашиглалтад оруулах нэг хэрэг, тэгэхдээ өндөр үнэтэй үйлчилгээ санал болгохгүй байхыг л шаардана. Үүнийг хугацаа хоцороосныхоо төлөөс ч гэж ойлгож болно.

Дотооддоо сайн ярьж шийдлээ гаргаарай. Хөрөнгө оруулагчид ярилцаж байгаад ямар ямар хөнгөлөлт иргэдэд үзүүлэхээ шийдэж, бидэнд хандана гэж ойлгох хэрэгтэй. Паркын газрыг хэсэглэж хэн нэгэнд өгөөд багасгачихсан гэдэг ойлголтыг өөрчлөхийн тулд сэтгүүлчидтэй хамт явж танилцаж байгаа юм. Энэ газартай холбоотой ямар нэгэн асуудал цаашид ч гарахгүй. Зарим төлөөлөл хотын удирдлагад янз бүрийн санал тавьж байна. Жишээлбэл, хүүхдийн паркын 30 гаруй га газрыг барилгын компаниудад дуудлагаар худалдаад тэр мөнгөөр нь шинээр байгуулах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд яг ийм зориулалттай тоглоомнууд бүхий цогцолбор байгуулах санал ирсэн. Үүнийг бид дэмжихгүй гэсэн бодлого барьж байгаа” хэмээн төслийн удирдагч нарт үүрэг чиглэл өглөө. v
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.