Ц.Туваан: Малчдын зээлийг тэглэх, малын хөлийн татвараас чөлөөлөх зайлшгүй шаардлага үүслээ
УИХ дахь АН-аас Малчдын зээлийг нэг удаа тэглэх, малчдыг малын хөлийн татвараас чөлөөлөх УИХ-ын тогтоолын төслийг УИХ яаралтай хэлэлцэх ёстой гэж мэдэгдлээ. Энэ талаар АН-ын гишүүн Ц.Туваан мэдээлэл өглөө.
Тэрээр “Нэгд, Монгол Улсын Үндсэн хуульд мал төрийн хамгаалалтад байна гэж заасан. Монгол Улсын эдийн засгийн хоёр дахь том салбар бол хөдөө аж ахуйн салбар юм. Түүний 85, 90 хувийг эзэлдэг мал аж ахуйн салбар үндсэндээ гамшгийн хэмжээнд байна. Монгол Улсын Засгийн газар хуралдаад Өндөржүүлсэн бэлэн байдал зарласан.
Малчид дангаараа малаа алдсанаар малчид зөвхөн эрсдээд байгаа зүйл биш. Монгол Улс тэр даяараа эрсдэлд орж байна. Бид бүгдээрээ нэг монголчууд. Хотын монгол, хөдөөний монгол гэсэн ойлголт байдаггүй. Одоо бид нэгдэх ёстой. Малаа алдсан малчдад төрөөс халамжийн бодлого явуулах шаардлага гарна. Энэ үед хот хөдөөгийн сэргэлтийн бодлого эсрэгээрээ болно. Хөдөө орон нутагт байгаа ах дүү хамаатан садандаа туслах хэрэгтэй. Хэрэв үгүй бол хот руу чиглэх хөдөлгөөн нэмэгдэнэ. Ингэснээр одоо яригдаж буй утаа, түгжрэл улам бүр нэмэгдэнэ.
Хоёрт, ард иргэдийн хүнсний асуудал, түүхий эдийг хаанаас авах вэ гэсэн асуудал бий болно. Хөдөө малчдын гар дээр ямар ч мөнгө алга. Үхсэн ноолууртай ямаагаараа нэг боодол өвс юм уу нэг боодол хэвэг авч бөйна. Энэ амьдрал дээр байгаа бодит үнэн. Иймд Монгол Улсын Дэгийн тухай хууль, Их хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах, Их хурлын тогтоолын төсөл санаачилж байна. Энэ төсөл нь дөрвөн зүйл заалттай.
Нэгд, Зудын аюул осолтой тэмцэх хор уршиг хохирлыг бууруулах ажлыг эрчимжүүлэх тусгай бодлого төлөвлөгөөг нэн дахуй боловсруулж хэлэлцэх,
Хоёрт, Зудыг аюул гамшигт нэрвэгдсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасан малчин иргэдийн арилжааны банкнаас авсан зээлийн үлдэгдэл төлбөрийг төрөөс нэг удаа хариуцан төлөх төслийн боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэх,
Гуравт, Зудын аюул гамшгийг даван туулсны дараах үеийн нийгмийн амьдралыг хэвийн болгох бодлогын хүрээнд малчин иргэдийг малын тоо толгойн албан татвараас хоёроос доошгүй жил чөлөөлөх хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэх,
Дөрөвт, 2024 оны улсын төсвөөс зарцуулах төсвийн зарлагын хэмжээг гурван тэрбум төгрөгөөр танаж, төсөвт тодотгол хийх хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгах гэсэн тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр Ардчилсан намыг бүлгийн хуралдаанаар хэлэлцэн, дэмжсэн. Бид ард иргэд, Монгол Улсын эдийн засгийг аварч үлдэхийн төлөө ажиллах хэрэгтэй байна. Үүнийг үндэсний аюудгүй байдлын зөвлөл дэмжиж шийдвэр гаргана гэдэгт итгэж байна" гэлээ.