Багануур дүүрэгт 50 тонн тэжээлийг үнэ төлбөргүй олголоо
2024.02.25

Багануур дүүрэгт 50 тонн тэжээлийг үнэ төлбөргүй олголоо

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нар Багануур дүүргийн 3,4 дүгээр хорооны малчин Л.Энхбаяр, Л.Батчимэг нарын хот айлаар орж өвөлжилт, хаваржилтийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт хийж, Засгийн газраас гаргасан бодлого шийдвэрийн талаарх иргэдийн санал сэтгэгдлийг сонслоо.

Улсын хэмжээнд энэ сарын 20-ны байдлаар 13 аймгийн 58 суманд төмөр болон мөсөн зудын нөхцөл үүсээд байна. Хэдхэн хоногийн өмнө зургаан аймгийн 23 суманд төмөр зудтай байсан ч богино хугацаанд эрчимтэйгээр ийнхүү нэмэгджээ. Мөн 17 аймгийн 137 сум цагаан зудтай, 18 аймгийн 69 сум, нийслэлийн хоёр дүүрэг зудархуу төлөвд шилжээд байгаа юм.

Багануур дүүргийн 3,4 дүгээр хорооны малчдын хэлж байгаагаар энэ жилийн өвөл өнгөрсөн өвлийнхөөс цас ахиу ч хүйтний эрч бага зэрэг сул байгаа гэнэ. Өвөлжилт, хаваржилт хэдий хүнд, цас зудтай байгаа ч хашир туршлагатай зарим малчид толгой өвдөхгүй өвлийг давж байна.

 Тэдний нэг бол Багануур дүүргийн малчин Л.Энхбаярынх. Энэ жил 70 гаруй үхэр өвөлжүүлж байгаа бөгөөд битүү хашаанд үхрээ өвөлжүүлдэг нь энэ жилийн хахир өвлийг ажрахгүй давахад дөхөм болж буй аж.
“1 боодол өвсийг 10 үхэрт хувааж өгч сургасан. Цагаар хооллож, дулаан байранд байлгахаар мал тамир тэнхээ алдахгүй сайхан өвөлждөг. Өнөөдөр манайх энэ жилийн анхны төлөө хүлээж авлаа. Урин хавартаа удахгүй золгоно доо” хэмээн Л.Энхбаярын гэргий Юмжирдулам сэтгэл тэнүүн ярьж суулаа.

Саахалт айлынх болох Чулуунбаатарынх мөн дулаан хашаа хороо бэлтгэж, ногоон тэжээлээ базааж авснаар өвлийг өнтэй давж байна. Тэднийх үнэгүйдээд байгаа арьс, ширээ хаяхгүйгээр, малынхаа хашаанд дэвсжээ. Хахир өвлийн хүйтэнд доороосоо жиндэхгүй, тамир алдадгүй юм хэмээн ярих нь залуу малчдад үлгэр жишээ болох арга ухаан байсан юм.

Багануур дүүргийн хувьд энэ жил нийт 169 мянган мал өвөлжиж байна.

Өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор Улсын онцгой комиссоос нийт 40 тонн хивэг, 80 тонн хорголжин тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэйгээр олгоод байгаа бол нэмэлтээр 50 тонн тэжээлийг үнэ төлбөргүй нийлүүлэх асуудлыг шийдвэрлэсэн юм.