Авто замын ажлын үнийн зөрүүг олгох санал дэмжигдэв
2010.05.26

Авто замын ажлын үнийн зөрүүг олгох санал дэмжигдэв

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2010 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хvний хөгжил сангийн 2010 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын гишүүн Р.Будаар ахлуулсан ажлын хэсэг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны тогтоолын дагуу байгуулагдан ажиллаж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа авто замын ажлын үнийн зөрүүний талаар судалгаа тооцоо гаргаж, 2010 оны төсвийн тодотголд тусгуулах санал боловсруулах үүрэгтэйгээр ажилласан байна. Сүүлийн жилүүдэд гарч байгаа үнийн зөрүү нь зам барилгын ажлын гол хэрэглээ болох гадаадаас оруулж ирж байгаа замын битум материал болон дизелийн түлшний үнийн өөрчлөлттэй холбоотой бөгөөд тухайн үе буюу 2007-2008 оны ханшаар ажил гүйцэтгэх гэрээг байгуулан ажилласан байна.

Тухайн үед 1 литр дизелийн түлшний үнэ 885 төгрөг байсан бол 2008 онд 1920 төгрөг болж, даруй 2 гаруй дахин нэмэгдсэн байна. 2009 онд 1350 төгрөг болж өсч, харин өнөөдөр 1300-1400 төгрөгийн үнэтэй байгаа. Зам барилгын ажлыг 90-ээд хувийг хүнд машин механизм, тоног төхөөрөмжөөр нугалдаг. Авто машинаар 1 тн ачаа тээвэрлэхэд шатахууны зардал 65 хувийг эзэлдэг. Үүнээс гарах үнийн өсөлт дээр битумын үнийн өсөлт нөлөөлжээ. Манайх эрс тэрс уур амьсгалтай болохоор дээрх материал тохиромж муутай гэж үзээд халуун, хүйтнийг даадаг материал шаардагдах болсон. Эдгээрээс ОХУ-д үйлдвэрлэсэн нь манайд илүү тохиромжтой гэж үзээд гэрээндээ 1тн битумыг 400 мянга гэж тооцсон бол даруй 950 мянган төгрөг болж өссөн байна. Одоо 1 тн битум 1120 төгрөгийн үнэтэй байгаа. Гол үнийн өсөлтийг ингэж тодорхойлж байгаагаа Р.Буд гишүүн танилцуулсан. Нийт 36 компани 7 тэрбум гаруй төгрөгийн үнийн зөрүү оруулж ирсэн бөгөөд ажлын хэсэг нарийвчлан судлаад 6 тэрбум орчим байх боломжтой гэж үзжээ. Байнгын хорооны гишүүд дээрхи асуудлыг хэлэлцээд, гишүүдийн олонх дэмжлээ.

Түүнчлэн өнөөдрийн Байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжлээ. Харин Монголбанкны Эрдэнэсийн сангийн 2010 оны орлого, зарлагын тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх байснаа хойшлуулсан. Хуралдааны төгсгөлд Түлш, эрчим хүчний салбарын санхүү, эдийн засгийн чадавхийг сайжруулах, эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр бодлогын баримт бичиг боловсруулах ажлын хэсгийн санал, дүгнэлт, Байнгын хорооны тогтоолын төслийг тус тус хэлэлцлээ. УИХ-ын даргын захирамжийн дагуу Түлш эрчим хүчний салбарын санхүү эдийн засгийн чадавхийг сайжруулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр холбогдох бодлогын баримт бичиг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-chuulgan_2010_05ын гишүүн А.Тлейхан гишүүн ахлан Б.Батбаяр, Н.Батбаяр, Ц.Баярсайхан, Х.Бадамсүрэн, Ц.Даваасүрэн, Д.Дамба-Очир, Д.Тэрбишдагва, Ц.Цэнгэл, Ц.Шинэбаяр, З.Энхболд нарын гишүүд ажилласан байна.Сүүлийн жилүүдэд эрчим хүчний салбарын санхүүгийн байдал их хэмжээний алдагдалтай ажиллаж байгаа.

Тухайлбал 2008 онд салбарын дүнгээр балансын алдагдал 24.4 тэрбум төгрөгт хүрч, 2007 онтой харьцуулахад 6 дахин өссөн. 2009 он гарсаар байдал улам дордож, улирал бүр алдагдал нэмэгдсээр жилийн эцэст 69.6 тэрбумын алдагдалтай ажилласан. Эрчим хүчний үнэ тарифыг нэмж чадахгүй байгаагаас байнгын орлогын дутагдалд орсоор байгаа. 2009 оны эцэст эрчим хүчний компаниуд 22.0 тэрбум төгрөгийн эх үүсвэргүй өр төлбөртэй болжээ.

Цаашид нэг талаас эрчим хүчний өөрийн өртөгт нь хүргэн нэмэгдүүлэх, салбарыг санхүүгийн хувьд бие даалган ажиллуулах, эсвэл үнэ нэмэгдүүлэх бодит хүчин зүйлийн нөлөөллийг саармагжуулан, ард түмний амьдралын түвшин, төлбөрийн чадвар сайжрах хүртэл ачааллын зарим хэсгийг Засгийн газарт шилжүүлэн, эрчим хүчний салбарт санхүүгийн дэмжлэг үзүүлэх хэд хэдэн арга хэмжээг төр засгаас авахад анхаарах юм. Түүнчлэн цахилгааны үнийг бодит өртөгт нь хүргэхийн тулд эрчим хүчний үнийг 2013 он хүртэл жил бүр 15-20 хувиар тус тус нэмэгдүүлэх шаардлага урган гарч байгаа юм. Нүүрсний үнийн өсөлтийг 9.5-17 хувь байхаар тооцсон бөгөөд 2013 он гэхэд цахилгаан, дулаан, нүүрсний үнийн өртөгт нь нэлээд ойртуулах боломжтой болно гэж үзэж, дээрх асуудлаар УИХ-ын тогтоолын төсөл боловсруулж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулж хэлэлцэх нь зүйтэй гэж тус Байнгын хорооны гишүүд үзлээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.