Төсвийн эрх зүйн орчинг шинэчлэх асуудлыг гишүүд дэмжлээ
2010.05.28

Төсвийн эрх зүйн орчинг шинэчлэх асуудлыг гишүүд дэмжлээ

УИХ-ын нэгдсэн чуулганаар Төсвийн тогтвортой байдлын тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгchuulgan_vip76_mnийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Нэгдсэн төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, төсөл санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд С.Баярцогт танилцуулав.

Төсвийн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийг шинэчлэн сайжруулахын зэрэгцээ төсвийн тогтвортой байдлыг хангах хариуцлагын тогтолцоогоор дамжуулан нийт эдийн засгийн тогтвортой хөгжлийн бодлого явуулах харилцааг зохицуулсан эрх зүйн шинэ орчин бий болгох шаардлагатай уялдуулан Засгийн газраас Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж 2010 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр УИХ-д өргөн барьсан юм.

Төсвийн тогтвортой байдлыг хангах эрх зүйн зохицуулалтыг бий болгох үүднээс төрөөс зохих арга хэмжээ авч ирсний нэг нь өмнөх жилүүдэд мөрдөж байсан Монгол Улсыг хөгжүүлэх сангийн тухай хууль юм. Энэ хууль хэрэгжсэний үр дүнд эрдэс баялгийн үнийн түр өсөлтөөс бий болсон нэмэлт орлогоор нийгмийн халамжийн арга хэмжээг санхүүжүүлэх болон эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн хөрөнгө оруулалтад зарцуулсны зэрэгцээ зохих хэсгийг нь төсвийн тогтвортой байдлыг хангах зорилгоор эрсдлийн санд төвлөрүүлэн зарцуулж ирсэн нь 2008 оны сүүлийн хагасаас манай эдийн засагт нөлөөлж эхэлсэн хямралыг хохирол багатай давах гол хүчин зүйл болсон. Энэхүү туршлага, сургамжийн зэрэгцээ манай улс эрдэс баялгийн ордуудаа ашиглаж, эдийн засгийн цар хүрээгээ ихээхэн тэлэх боломж бүрдэж эхэлж байгаа нь төрөөс төсвийн сайн засаглал, хариуцлагын тогтолцоогоор дамжуулж нийт эдийн засгийн тогтвортой хөгжлийн бодлого явуулах эрх зүйн шинэ орчин нэн шаардлагатай байгааг харгалзан Засгийн газар ийм хуулийн төсөл санаачилсан байна.

“Төсвийн тогтвортой байдлын тухай хууль батлагдсанаар төсвийн бодлого, стратегийг тодорхойдлоход баримтлах төсвийн удирдлагын шинэ зарчим болон төсвийн тусгай шаардлагад суурилсан эрх зүйн шинэ орчин бүрдэх юм. Ингэснээр төсвийн бодлогооор дамжуулж макро эдийн засгийн тогтвортой байдлыг дунд болоод урт хугацаанд хангах, цаашлаад иргэдийнхээ эдийн засгийн тогтвортой, эрсдэл багатай орчинд сэтгэл тайван ажиллаж амьдрах нийгэм, эдийн засаг, улс төрийн нэн чухал эрх зүйн орчинг бүрдүүлэхэд ач холбогдолтой. Энэ нь төсвийн шинэтгэлийн чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа арга хэмжээнүүдийн эхлэл” гэдгийг Ерөнхий сайд хуулийн төсөл өргөн барихдаа хэлж байсан юм. УИХ-ын дарга ч төслийг хүлээн аваад “УИХ-аас Хүний хөгжил сангийн тухай хууль баталсан нь төсвийн тэнцлийг хангах, тогтворжуулах, энэ сангаар дамжуулж нэмэгдэл орлогыг хуваарилах боломжтой болсон.

Гэхдээ энэ асуудлыг бүрэн зохицуулах үүднээс Засгийн газар ийм хуулийн төсөл оруулж ирж байгаа нь чухал юм. Энэ нь төсвийн бодлогыг тогтвортой болгох, төсөв боловсруулах, УИХ-аар хэлэлцэж батлахад ихээхэн ач холбогдолтой юм” гэдгийг онцолж байсан юм.

Хуулийн төсөл болон түүнийг дагалдаж зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудалтай холбогдуулан гишүүн Р.Раш, С.Бямбацогт нар бодлогын хүүг хатуу бариад хөрөнгө оруулалтыг хязгаарлах нь улс орны хөгжлийг түргэтгэхэд саад тотгор болох юм биш үү, гишүүн Х.Баделхан зөвхөн төсөв биш төрийн захиргааны байгууллагаас эхлээд засаг захиргааны нэгж хүртэл бүх зүйл тогтвортой байх нь чухал байна, Монгол Улсыг бага орлоготой орноос дунд орлоготойд шилжүүлэхээр Дэлхийн банкинд саналаа тавьсан гэсэн, гол үндэслэл нь юу вэ, гишүүн Э.Бат-Үүл улсын нэгдсэн төсвийн тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийг өөрчлөх асуудлыг энэ төсөлтэй хамтад нь оруулж ирж болоогүй юм уу, асуудлаа хөрөнгө оруулалтын банк, сантай яагаад уялдуулж тавихгүй байгаа юм бэ, гишүүн Д. Одбаяр, Д.Балдан-Очир, О.Чулуунбат, Н.Ганбямба, С.Оюун, Я.Батсуурь, Ө.Энхтүвшин нар төсөлд хяналт, хариуцлагын асуудал бүрхэг, орон нутгийн төсвийн эрх мэдлийг нэмэх асуудал тодорхойгүй байна, уул уурхайн салбарт тогтвортой санхүүгийн байдал, хяналт удирдлагын нэгдсэн системийг эхлээд бүрдүүлэх ёстой, эдийн засгийн бүтцийг шинэчлэхэд анхаарах, алт, зэснээс гадна нүүрс, цайрын орлогыг тогтворжуулалтын санд хамруулах, улсын нэгдсэн төсвийн тухай хуулиа эхэлж хэлэлцэж баталсны дараа энэ хуулийг оруулж ирж болоогүй юу, тогтворжуулалтын сан хаана байрших вэ зэргийг төсөл санааачлагчаас тодруулж асуулаа. Сангийн сайд гишүүдийн асуултад хариулахдаа, энэ хууль нь эдийн засаг, санхүүгийн бодлогын хувьд гол тулгуур хууль болох юм. Хууль батлагдсанаар төсвийн тодотгол хийдэг явдал арилж, бүтээгдэхүүний үнийн зөрүүгийн орлогыг тогтворжуулалтын санд төвлөрүүлж байх юм. Ингэснээр хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын үйл ажиллагааг тодорхой хэмжээгээр хязгаарлахад хүргэж байгаа юм. Одоогоор манай улсын нийт өрийн хэмжээ бололцоотой түвшинд буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 27 хувь орчим, харин сэрэмжлүүлэх хязгаар нь 40 хувь байгаа.

Манай улс орлогын түвшингийн зэрэглэлээ ахиулах талаар Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкинд саналаа тавиад байгаа. Хэрэв энэ асуудал шийдэгдвэл манай улс арилжааны болон тусламжийн зээлийг хольж авдаг болох юм. Ийм нөхцөлд олон улсын байгууллагууд буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хэмжээнд хязгаар тавьдаг юм. Одоо олон улсын банк санхүүгийн байгууллагууд манай Засгийн газрыг арилжааны зээл авахыг хязгаарладаг. Ер нь манай улс дотоодын нийт бүтээгдэхүүнээс нэг хүнд ногдох орлогын хувьд сүүлийн гурван жилд арилжааны зээл авдаг орнуудын нөхцөлийг хангаад байгаа.

Төсвийн зөрчилтэй хоёр хуулийг нэгтгэн боловсруулсан төслийг Засгийн газар ойрын үед УИХ-д өргөн барина. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөлтэй уялдуулан Засгийн газар Хөгжлийн банк байгуулах шийдвэрийг өнгөрсөн лхагва гаригт гаргасан. Энэ хууль батлагдсанаар орон нутаг төсвөө бие дааж зарцуулах, тендерийг бие дааж шийдэх гээд өргөн боломж нээгдэнэ. Ерөнхийлөгчид болон УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид, улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт нийгмийн халамжийн чиглэлийн амлалт тодорхой хэмжээнэээс хэтэрч болохгүй, хэтэрсэн тохиолдолд тухайн нэр дэвшигч, намыг Сонгуулийн ерөнхий хороо бүртгэхээс татгалзах заалтыг хуульд оруулахаар тусгасан зэргийг тодруулж хэллээ.

Төсвийн байнгын хороо эдгээр хуулийн төслийг энэ сарын 26-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд олонхийн саналаар хэлэлцэхийг дэмжжээ. Энэ талаар байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг гишүүн Д.Дамба-Очир танилцуулав. Хэлэлцүүлгийн үед гишүүн Д.Зоригт сангийн хөрөнгөөр эдийн засгийн хөгжлийг дэмжих хөрөнгө оруулалт хийхтэй холбогдсон зохицуулалтыг төсөлд тусгах, улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр, зорилт арга хэмжээнд үнэлэлт дүгнэлт өгөх асуудлыг илүү бодитой нөхцөл байдалд нийцсэн байхаар томъёолох, Хүний хөгжил сангийн хуультай хэрхэн уялдаж байгааг харгалзан үзэх, гишүүн Д.Хаянхярваа төсвийн тусгай шаардлага, шалгуурын тооцоо судалгааг дахиж нарийвчлан авч үзэх, шалгуур үзүүлэлтийг сайн тооцож үзэхгүйгээр хууль батлагдаад хэрэгжих явцад тусгай шаардлага хангагдах боломжгүй болсон үед бүх хариуцлага Засгийн газар руу хандах учраас улс орныхоо эдийн засгийн чадавхи, төсвийн орлого, зарлагын бодит хүчин зүйлийг сайн тооцох, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлоготой болох, сангийн хуримтлалыг үр өгөөжтэй хөрөнгө оруулалтад зарцуулах талаар тодорхой тусгаж өгөх шаардлагатай гэсэн санал гаргаж, төслийг хэлэлцэхийг дэмжсэн байна. Харин гишүүн Б.Чойжилсүрэн хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нэлээд их хөрөнгө шаардагдаж байгаа, хоёр жилийн хугацаанд зөвхөн улсын төсвөөс 9.0 их наяд төгрөг хэрэгтэй байгаа.

Гэтэл төсвийн өнөөгийн бодит нөхцөл энэ ачааллыг даах боломж байгаа эсэх нь эргэлзээтэй байна. Иймд төсвийн тусгай шаардлагыг 2012 оноос эхлэн биелүүлж ажиллах боломж харагдахгүй байгаа тул энэхүү хуулийг 2013 оноос дагаж мөрдөх, мөн хуулийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийг дахин сайн нягталж тооцох шаардлагатай учраас хэлэлцүүлгийг хойшлуулах санал гаргасан байна. Байнгын хороо эдгээр хуулийн төслийг УИХ-ын чуулган болон Төсвийн байнгын хороогоор хэлэлцүүлэх бэлтгэлийг хангах ажлын хэсэг байгуулж ажиллуулжээ.

Ажлын хэсгээс гаргасан саналын дагуу төсвийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн төсвийн удирдлагын зарчим, төсвийн тусгай шаардлагыг тогтоох, хэрэгжүүлэх, түүнд хяналт тавихад төрийн байгууллагын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлох, эрдэс баялгийн орлогоор нөхөн сэргээгдэх баялаг бүтээх, эдийн засгийн хөгжлийг дэмжих хөрөнгө оруулалт хийхтэй холбогдсон харилцааг зохицуулах чиглэлээр уг хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж батлах нь зүйтэй гэж тус байнгын хороо үзжээ. Ингэхдээ Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсөл дээр сайтар ажилласны үндсэн дээр хуулийн төслийг товч, тодорхой болгож одоо мөрдөж байгаа хууль тогтоомжуудтай нийцүүлэх үүднээс зарим өөрчлөлтүүдийг хэлэлцүүлгийн дараагийн шатанд төсөлд нэмж тусгах шаардлагатай гэж үзсэн байна.

Тухайлахад гишүүн Ц.Даваасүрэн хөрөнгө оруулалт, макро эдийн засаг, стратегийн бодлого боловсруулах үүрэг бүхий хороог энэ хуулиар байгуулах нь зохисгүй, харин Монголбанк, бусад төлөвлөлтийн асуудал эрхэлсэн байгууллагын төлөөлөл оролцсон тогтвортой байдлын санд орлогоос нь төвлөрөх бүтээгдэхүүний үнэ, сангаас зарцуулах тухайн жилийн хэмжээг тогтоох үүрэг бүхий Удирдах зөвлөлтэй байж болох юм гэсэн санал гаргажээ. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Ц.Сэдванчигаас өөр гишүүн асуулт асууж, санал хэлээгүй тул байнгын хорооны саналын дагуу санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 66 хувь хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ. УИХ-ын дарга хуралдааны төгсгөлд хэлэхдээ, эдгээр хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганаар батлах шаардлагатай байгаа тул Төсвийн байнгын хороо санаачилгатай, нухацтай хандахыг хүслээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.