Х.Бадамсүрэн: УИХ чармайвал Тавантолгойн асуудлыг наадмаас өмнө шийдэх боломжтой
2010.06.02

Х.Бадамсүрэн: УИХ чармайвал Тавантолгойн асуудлыг наадмаас өмнө шийдэх боломжтой

Монгол орон байгалийн баялгийн үүцээ дэлхийд дэлгэсэнтэй холбоотойгоор сүүлийн хоёр жилийн турш олон нийтийн анхаарлын төвд байгbadamsuren_gishuunаа Тавантолгойн нүүрсийн орд болон түүнийг дагалдан өрнөх бүтээн байгуулалт, үйлдвэржилтийн асуудлаар УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэнтэй ярилцлаа. Тэрээр парламент дах уул уурхайн чиглэлээр мэргэжшсэн цөөхөн хэдэн “УУРХАЙЧИН” гишүүдийн нэг тул Засгийн газраас энэ чиглэлээр УИХ-д өргөн барьсан баримт бичиг, төслүүдтэй холбоотой байр суурийг нь сонслоо.
-Ерөнхий сайд С.Батболд Тавантолгой олборлохтой холбоотой баримт бичиг, төслөө өнгөрсөн долоо хоногт УИХ-ын даргад өргөн барилаа. Үүнтэй холбоотойгоо таны байр суурийг сонирхож байна.
-Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг бид 40 гаруй жил ярьж байна. Энэ бол УИХ, Засгийн газрын анхаарлын төвд байгаа гол асуудал. УИХ Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар баримтлах үндсэн зарчим, чиглэлийг баталж Засгийн газарт өгсөн. Энэ хүрээнд Засгийн газар ажиллаж, Тавантолгойг ашиглаж үзэл баримтлалаа УИХ-л оруулж ирж байна. Үүнийг парламент олон талаас нь нухацтай хэлэлцэх ёстой.
-Ингэснээр өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүнийг өөрсдөө үйлдвэрлэж, эх орондоо аж үйлдвэрийн том парк байгуулснаар Монгол Улс аж үйлдвэржсэн, хөдөө аж ахуйн орон болох сайхан боломж гарна. Мөн энэ бүгдийг дагаад маш том хэрэглээ бий болно. Чиглэл чиглэлийн үйлдвэрүүд бие биенийгээ тэтгээд, дэмжээд явах боломжтой болно.

-Юуны өмнө эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогыг шинэчлэн боловсруулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Оюутолгой, Тавантолгой зэрэг стратегийн ач холбогдолтой ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар санал дүгнэлтээ гарган УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулан, ажиллуулж байгаа. Засгийн газраас УИХ-д оруулж ирсэн энэ асуудлыг ажлын хэсэг нухацтай тал талаас нь хэлэлцэнэ. УИХ-ын ажлын хэсэг судалгаа хийж, ямар боломж байгааг ерөнхийд нь гаргасан. Тавантолгойн орд бол Монгол орны эдийн засгийг сэв хийтэл дээшлүүлэх том төсөл. Жилд 30 сая тонн нүүрс олборлолоо гэж бодоход 200-гаад жил ашиглах хэмжээний нөөцтэй. Ийм хугацаанд ашиглах энэ том үүцийг бид олон талаас нь бодож тунгааж, Монголын ард түмний язгуур эрх ашиг, Монгол Улсын үндэсний эрх ашигт нийцсэн байдлаар хөдөлгөх ёстой гэсэн байр сууринаас хандаж байгаа.

-Үндэсний эрх ашиг гэхээр зарим хүн гаднынхнаас харамлаад хав дарна, эсвэл үндэсний компаниуд өөрсдөө ашиглах ёстой гэж ярьдаг.Тавантолгойн ордод олон улсын 11 консорциумаас гадна үндэсний мянга гаруй компани оролцохоор нэгдээд байгаа. Үүнтэй зэрэгцээд төмөр замыг аль чиглэлд тавих нь стратеги болон геополитикийнхоо хувьд ашигтай байх вэ гэх мэтийн олон асуудал хөндөгдөж байгаа. Тэгэхээр энэ мэт эрх ашиг, хүсэл сонирхлуудыг ажлын хэсэг хэрхэн яаж тэнцүүлэх боломжтой байна?

-Үндэсний эрх ашиг гэж маш том асуудал бий. Хамгийн гол нь ордынхоо хүрээнд иж бүрнээр асуудалд хандаж шийдэх ёстой. Тавантолгойн орддоо түшиглээд уул уурхай, эрчим хүчний аж үйлдвэрийн цогцолборыг барьж байгуулах улс орны эрэлт хэрэгцээ, эрх ашиг байгаа. Одоогоор манай улс нүүрсээ олборлоод л шууд экспортолж байна. Үүнийг Тавантолгойгоос эхэлж зогсоох учиртай. Үүний тулд нүүрс угааж, баяжуулах үйлдвэрийг эхний ээлжинд барих хэрэгтэй. Эрчим хүчний зориулалттай нүүрсээ ашиглаж том хүчин чадлын цахилгаан станц барьж, коксжих нүүрсээ өөрийн орондоо боловсруулах коксын үйлдвэртэй болох хэрэгтэй. Ингэснээр аль болох өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүнийг Монгол Улс экспортолдог болно. Эхний ээлжинд нүүрсээ угааж баяжуулах, боловсруулах, хөрөнгө мөнгө босгох, төсвийн орлогоо нэмэгдүүлэх асуудал яригдана. Энэ бүхэн нь эцсийн дүндээ үндэсний эрх ашигтай холбогдох юм. Бүс нутгийн хөгжлийн асуудал ч үүнтэй уялдана. Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогын асуудал одоо УИХ-аар хэлэлцэгдэж байгаа.

-Та төмөр замын бодлогын ажлын хэсэгт ажиллаж байгаа гэсэн. Энэ ажлын явц одоо ямар байгаа вэ?

-Тийм.ОдооР.Раш гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг хуралдах гээд дуудаад байна. Төмөр замын бодлого гэж одоо байгаа төмөр замынхаа сүлжээг л хэрхэн, яаж өргөтгөх асуудал шүү дээ. Ажлын хэсэг, намын бүлгүүд УИХ-ын байнгын хорооны түвшинд асуудал ид яригдаж байна.

-Царигийн асуудал парламентын гишүүдийн хувьд үүн дээр маргаантай хэвээр байгаа. МАХН-ын бүлгийн гишүүдийн хувьд үүн дээр байр суурь нь нэгдсэн үү?

Царигийн хувьд манай бүлэг дээр ч, ажлын хэсэг дээр ч яригдсан. Манай магистраль төмөр зам өргөн царигтай буюу 1520 мм-ийн өргөнтэй зам шүү дээ. Энэ замтайгаа огтлолцох буюу нийлэх төмөр замыг нь өргөн царигаараа барья. Харин үүнээсээ салж салаалах бусад замууд нь олон улсын стандартаар нарийн царигтай байж болох юм гэсэн байр суурьтай байгаа. Царигийн энэ асуудал ачаа тээврийнхээ өртөг зардалтай холбоотой байдаг. Манайхаас гарах ачаа ямар улсын ямар царигтай төмөр замтай холбогдох вэ гэдгийг эдийн засгийн үүднээс авч үзэх ёстой юм билээ. Хоёр өөр царигтай замаар ачаа тээвэрлэвэл сэлгэж ачих, нэмэлт зардал чирэгдэлтэй, цаг хугацаа алдах гээд асуудал бий. Тиймээс олон талаас нь тооцоолж, ухаалаг шийдвэр гаргах учиртай.

-Шинээр тавих төмөр замыг ямар царигтай тавихаас үл хамаараад монголчууд өөрсдийнхөө хөрөнгөөр тавьж байж Орос ч юм уу аль нэг улсаас төмөр замын бодлогын хувьд хараат бус болно гэсэн санал байдаг. Монголчууд Орос, Хятадын туслалцаагүйгээр өөрсдөө хөрөнгө босгоод төмөр замаа тавих эдийн засгийн боломж бололцоо бий юү?

-Бодит үнэн бол манайд хөрөнгө мөнгөний асуудал хунд байна. Улс төрийн намууд нэгэнт амлачихсан, хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан хувь хишиг хүртээх 1.5 сая төгрөгийн асуудал эцэслэгдээгүй байгаа. Гэтэл үүнтэй зэрэгцээд ийм том бүтээн байгуулалтуудыг өнөөдөр бид өөрсдийн хөрөнгөөр хийнэ гэвэл бодитой биш юм.

-Оюутолгойн гэрээг байгуулах асуудал зургаан жилийн турш УИХ дээр яригдсан. Одоо Тавантолгойн асуудал               парламентаар хэлэлцэгдээд хоёр жил болж байна. Ер нь эдийн засгийн ач холбогдолтой, дэлхийд эрэлттэй байгаа ашигт малтмалын ордын асуудлууд дээр УИХ назгай, удаашралтай хандаад байна уу даа гэж ажиглагддаг. Үүнээс болоод үнэ цэнэ ч буурна гэсэн болгомжлол бий. Ер нь Тавантопгойн асуудал болон үүнтэй холбоотой хөндөгдөж буй үзэл баримтлалууд энэ жилдээ амжиж улстөрчдийн гараас гарч чадах нь уу?

-Миний хувийн байр суурь гэвэл Засгийн газраас оруулж ирсэн Тавантолгойтой холбоотой асуудлуудыг УИХ хаврын чуулганы хугацаанд буюу Үндэсний баяр наадмаас өмнө батлах шаардлагатай гэж үзэж байгаа. Үнэхээр чармайж, зүтгэж ажиллавал ийм боломж бий.

-Үндэсний компаниуд нүүрсээ олборлоод, зөөх ажлыг бие даагаад өөрсдөө хийж чадаж байна. Харин тэднийг бүгээн байгуулагтын ажлуудад тухайлбал үйлдвэр барьж байгуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, ажлын байр бий болгогч байх хэмжээнд оролцуулах боломж бий юү?

-Үндэсний хэмжээний, 200 жил үргэлжлэх ийм том төслийг ашиглах шалгуур үзүүлэлтүүд тов тодорхой байх ёстой. Таван толгойн ордыг түшиглэн барьж байгуулах уул уурхай, эрчим хүчний цогцолборын бүрэлдэхүүн, хүчин чадлыг тохиролцон тохиолдолд үндэсний компаниуд аль ч хэсэгт нь зарчмын хувьд оролцох боломжтой шүү дээ.

-Баялгаа олборлоод зөөгөөд байх биш аж үйлдвэрийн цогцолбор байгуулахыг бэлэн мөнгөөр хувь, хишиг тараахаас илүү ажлын байр бий болгох гэдэг бодитой талаас нь олон нийт хүлээж байгаа. Аж үйлдвэрийн цогцолбор байгуулах энэ ажил хэрэгжих магадлал.хэр вэ?

Ер нь монголчууд бидэнд бүтээн байгуулалтын том ажил хийж байсан түүх, туршлага ч бас бий. Тийм боломж ч байгаа. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, Бор-Өндөрийн үйлдвэр, Багануурын уурхай гээд монголчууд бид түншээ зөв сонгож, өөрсдөө улс орныхоо онцлогт тааруулаад бүтээн байгуулалтын том ажил өрнүүлж, нийгмийн асуудлаа иж бүрэн байдлаар нь шийдэж чадсан шүү дээ. Үндсэндээ Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдэл гээд хамтарсан томоохон үйлдвэрүүдийг монголчууд өөрсдөө 30 гаруй жил удирдаад, авч явж ажиллуулж чадаж байна шүү дээ. Тэр үед хамтарсан үйлдвэрийг барьж байгуулах, хөрөнгө мөнгө босгох, тэр том бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх нь үнэхээр шинэлэг, маш том зориг байлаа шүү дээ. Одоо ч бас зориглох хэрэгтэй. Хамгийн гол нь том асуудал учраас техник, технологи, мөнгө санхүү, эдийн засгийн үр ашиг талаас нь их нухацтай бодож хэрэгжүүлэх нь чухал юм. Бидэнд ийм бүтээн байгуулалтыг хийж бүтээж байсан уул уурхайн чиглэлийн дадлага туршлагатай үндэсний инженер, мэргэжилтнүүд байгаа. Тиймээс энэ асуудал улс орны хэмжээнд яригдах учиртай. Эрдэнэтийн бүтээн байгуулалтад яаж оролцож байсан, ажиллах хүчээ яаж бэлтгэсэн, илгээлтийн эздийг яаж ажиллуулж байсан гээд бэлэн туршлага бидэнд бий. Эрдэнэт үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилд оролцож, Монголросцветмэт нэгдлийн бараг бүх уурхай, үйлдвэрүүдийг барьж байгуулан, удирдаж байсан хүний хувьд би аж үйлдвэрийн цогцолбор барьж байгуулах нь хэрэгжүүлэх бүрэн боломжтой асуудал гэж би үздэг.

-Эрдэнэт үйлдвэр өнөөдөр монголчууд биднийг тэжээж байна. Зууны гэж нэрлэгдсэн энэ бүтээн байгуулалтыг монголчууд хийж, үр шимийг нь үр хойчоороо хүртэж байна. Тэгэхээр ийм хэмжээний хэд хэдэн үйлдвэрийн цогцолбор байгуулахад олон жил шаардлагатай нь мэдээж. Тэгэхээр монголчууд бид тэр болтол бас хэдэн жил бүсээ чангалах л хэрэгтэй болох нь ээ дээ?

-Эрдэнэтийн дайтай 4-5 цогцолбор барьж байгуулчихвал улс орны эдийн засгийг үнэхээр сэв хийтэл дээшлүүлэх боломжтой. Тавантолгойн ордыг түшиглэн барих уул уурхай, эрчим хүчний цогцолборыг таван жилийн дотор барьчих боломжтой шүү дээ. Өндөр зохион байгуулалттай, сайн менежментээр ажиллах шаардлагатай. Кокс үйлдвэрлэдэг болчихвол гангийн үйлдвэртэй болох боломжтой болно. Дархан, Сэлэнгийн районд төмрийн хүдрийн орд нь байна. Тэндээсээ төмрийн хүдрээ олборлож, баяжуулаад, баяжмалаа хайлуулаад гангийн үйлдвэрээ ажиллуулах боломжтой. Ингэснээр өртөг шингэсэн эцсийн бүтээгдхүүнийг өөрсдөө үйлдвэрлэж, эх орондоо аж үйлдвэрийн том парк байгуулснаар Монгол Улс Аж үйлдвэр- Хөдөө аж ахуйн орон болох сайхан боломж байна. Мөн энэ бүгдийг дагаад дотоодын маш том хэрэглээ бий болно. Чиглэл чиглэлийн үйлдвэрүүд бие биенийгээ тэтгээд, дэмжээд явах боломжтой болно. Үнэндээ одоо бол уул уурхайн гаралтай бүтээгдэхүүний хэрэглээ үнэндээ манайд алга байна шүү дээ. Баялгаа түүхий эд, баяжмал хэлбэрээр нь экспортолдог энэ нөхцөл байдлыг Тавантолгойгоос эхлэн ойрын таван жилийн" дотор өөрчлөх цаг ирж байна. Ийм боломж одоо бүрдэж эхэлнэ. Ингэх ч ёстой.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.