Засгийн газраас гурван хуулийн төсөл өргөн барилаа
2010.06.14

Засгийн газраас гурван хуулийн төсөл өргөн барилаа

УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнгөрсөн баасан гаригт гурван хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өргөн барилаа. "Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай" хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, "Орон сууцны тlaw_lawухай" хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, "Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай" хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсан Хууль зүй, дотоод хэргийн сайд дээрх хуулиудыг шинэчлэн найруулах, нэмэлт өөрчлөлт оруулах болсон үндэслэлээ УИХ-ын даргад танилцуулаад, хуулиудыг Улсын Их Хурлаар хэлэлцэн баталж өгөхийг хүслээ.

"Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай" хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь анх 1993 онд батлагдан хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш 6 удаа нэмэлт, өөрчлөлт оруулж байсан бөгөөд гадаадын иргэнтэй холбогдсон эрх зүйн орчинг боловсронгуй болгох зорилгоор зохих нэмэлт, өөрчлөлтийг цаг тухайд нь оруулж хэрэгжүүлж байсан ч хуулийн зүйл заалтын уялдаа холбоо алдагдах, нэг мөр ойлгож хэрэгжүүлэхэд хүндрэл учрах болсны улмаас шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах шаардлага гарсан аж. Тухайлбал, одоо мөрдөж байгаа хуулиар Монгол Улсад оршин сууж байгаа гадаадын иргэдийг "зорчигч", "түр оршин суугч", "албан хэргээр удаан хугацаагаар оршин суугч", "хувийн хэргээр удаан хугацаагаар оршин суугч", "байнгын оршин суугч", "цагаач" зэрэг нийт 6 ангилалд хувааж байгаа ньхэт олон байгаагаас ойлгомжгүй, хэрэгжүүлэхэд хүндрэл учирч байгаа учир гадаадын иргэний ангиллыг тодорхой болгож цэгцлэх үүднээс зорилгоос нь хамаарч "түр ирэгч", "хувийн ба албан хэргээр оршин суугч" гэж ангилан хуулийн төсөлд тусгасан байна.

Үүний зэрэгцээ виз олгох болон гадаадын иргэнд тавих хяналт, бүртгэл, хариуцлагын асуудалтай холбогдуулан Засгийн газар, хууль зүйн болон гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд, аймаг, дүүрэг, сум, хорооны Засаг дарга нарын хэрэгжүүлэх бүрэн эрхийг тодорхой болгож, гадаадын иргэдтэй харилцах бүхий л үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх заалтуудыг тусгаж хуулийн төслийг шинэчлэн найруулсан байна.

Засгийн газраас өргөн барьсан "Орон сууцны тухай" хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь 2008 онд Барилгын тухай болон Хот байгуулалтын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүд Улсын Их Хурлаар батлагдан гарч, барилгын салбарын хууль, эрх зүйн орчин боловсронгуй болох эхлэл тавигдсантай холбогдуулан оруулсан нэмэлт, өөрчлөлт юм байна. Энэхүү нэмэлт, өөрчлөлтийг хуульд оруулснаар орон сууцны хороолол, бичил хорооллын дэд бүтцийг барих санхүүжилтийн эх үүсвэрийг төрөөс тодорхой хэмжээнд шийдвэрлэн хямд үнэтэй орон сууц барих нөхцлийг бүрдүүлэх, орон сууцны инженерийн шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээг эрх бүхий мэргэжлийн байгууллагуудад хариуцуулснаар засвар үйлчилгээний чанарыг дээшлүүлэх боломжийг бүрдүүлэх ажээ.

Харин "Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай" хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь сүүлийн үед ундны усны эх үүсвэр, шугам сүлжээний хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй барилга байгууламж барих, төвлөрсөн системд холболгүйгээр өөрийн эх үүсвэрийг шинээр бий болгох, байгалийн нөөц ашигласны төлбөрийг төлөхөөс зайлсхийх зэрэг зөрчлийг таслан зогсоох, цаашид нэмж гарахаас урьдчилан сэргийлэх, хүлээлгэх хариуцлагыг чангатгах заалтуудыг тусган боловсруулсан шинэчилсэн найруулга болж чадсан хэмээн сайд танилцууллаа. Энэхүү хууль батлагдсанаар төвлөрсөн ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ нь энэхүү харилцаанд оролцогчдын эрх ашгийг тэнцвэртэйгээр хамгаалах боломжийг бүрдүүлж, үйлчилгээний чанар, хүртээмж сайжирна хэмээн хууль санаачлагчид үзэж буй аж.

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл дээрхи хуулийн төслүүдийг хаврын чуулганы хугацаанд хэлэлцэж амжихгүй байх магадлалтайг анхааруулаад, амжвал хэлэлцэх эсэхийг л шийдэж магадгүй. Иймд ирэх намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулна гэсэн хариултыг Ц.Нямдорж сайдад өглөө хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.