Нийслэлийн үнэт цаас гаргах тогтоолын төсөл дэмжигдлээ
2024.04.29

Нийслэлийн үнэт цаас гаргах тогтоолын төсөл дэмжигдлээ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаанаар Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай, Нийслэлийн үнэт цаас гаргахыг дэмжих тухай, Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн арьс шир, ноос боловсруулах үйлдвэрлэлийн бүсийн ТЭЗҮ батлах тухай, Багахангай дүүрэгт орон сууцны төсөл хэрэгжүүлэх эрх олгох мөн Сонгуулийн тойрог батлуулж, мандат хуваарилах зэрэг асуудлыг хэлэлцэж байна.

Хуралдааны нэгдүгээр асуудал болох ‘’Нийслэлийн үнэт цаас гаргахыг дэмжих’’ асуудлыг Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг танилцуулж, хурал дахь намын бүлгүүд санал, хүсэлтээ илэрхийлсэн юм.

Тодруулбал, Нийслэлээс 500 тэрбум төгрөгийн гадаад бонд гаргаж Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14,18 дугаар хороонд хэрэгжиж буй гэр хорооллыг орон сууцжуулах Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэхээр төлөвлөж буй бөгөөд төлөөлөгчдийн олонхын саналаар Нийслэлийн гадаад үнэт цаас гаргах тогтоолын төсөл дэмжигдлээ.

Ташрамд, Сэлбэ дэд төвийг түшиглэн таван байршилд цэцэрлэг, гурван байршилд 960 хүүхдийн хүчин чадалтай сургууль болон худалдаа, үйлчилгээний төв, спорт ордон, төрийн үйлчилгээний байгууллага, их, дээд сургууль зэргийг цогцоор төлөвлөж, барьж байгуулахаар зорьж буй.

Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд гадаадын зах зээлээс урт хугацаатай, хүү багатай ногоон бонд болон тогтвортой хөгжлийн бонд босгох боломжтой бөгөөд үүнийг Засгийн газрын өрийн баталгаатай гаргахаар төлөвлөж байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан