С.МӨНХБАТ: УЛСТӨР ТАЛААСАА НАМ,ХУУЛЬ ТАЛААСАА ШҮҮХ ХОЁР ХАМГИЙН ШУДАРГА БАЙХ ЁСТОЙ
2024.05.07

С.МӨНХБАТ: УЛСТӨР ТАЛААСАА НАМ,ХУУЛЬ ТАЛААСАА ШҮҮХ ХОЁР ХАМГИЙН ШУДАРГА БАЙХ ЁСТОЙ

МУИС-ийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн захирал. доктор, профессор С.Мөнхбаттай ярилцлаа.


НИЙГМИЙН ЯЛГААТАЙ БАЙДАЛ ИХ БАЙГАА УЧРААС УЛСТӨРЧИД ПИАР ХИЙЖ ТОГЛООД БАЙНА

-Манай улстөрийн намууд одоо ч социализмын үеийн намын бүтэц болсон засаг захиргааны нэгжүүдийн бүтэцтэй. Ийм нүсэр бүтэц шинэ намуудыг төлөвшихөд саад болж байна гэдэг шүү дээ.

– 1990 онд нийгмийн шилжилт хийж, олон намууд байгуулагдахад жишиг болсон намын бүтэц нь уламжлалт олон түмний намын бүтэц байсан. Тэр утгаараа тухайн үеийн Монгол ардын хувьсгалт нам (одоогийн Монгол Ардын Нам)-ын бүтцээ баримжаалаад бусад намууд бүтцээ хийсэн. 1990 онд батлагдсан Улс төрийн намын тухай хуулиар засаг захиргааны нэгжийн бүтэцтэй байх тухай эрх зүйн зохицуулалт батлагдсан нь ч олон жил явж ирсэн намын бүтцээ дагасан зохицуулалт байсан. Цаашид гэхдээ энэ хэвээр явах уу. 1990 оноос хойш 30 гаруй жил болчихлоо шүү дээ.

Дэлхий нийтийн намын хөгжлийн чиг хандлага, онлайн ардчилал, иргэний оролцооны олон хэлбэрүүд бий болж байгаатай холбоотойгоор улс төрийн намын бүтэц, зохион байгуулалтыг эргэж харах шаардлага байгаа. Ялангуяа эрх зүйн орчны шинэчлэл хийх, цомхон, техник технологийн ололт амжилтыг нэвтрүүлэх шаардлага тулгарч байна.

Заавал 21 аймаг, бүх дүүрэг, хороодыг хамарсан том бүтэц байх шаардлагагүй. Тийм том аппаратыг ажиллуулахын тулд асар их зардал гаргаж байна, санхүүгийн нөөцтэй байхыг шаардаж байна. Нам тэрийгээ ажиллуулахын тулд намаар дамжсан улс төрийн авлига цэцэглэх, мөнгөтэй хүмүүс нам руу орж ирэх үүд хаалгыг нээгээд байна. Тийм учраас цахимжиж байгаа дэлхий ертөнцөд цомхон, техник технологийн ололтыг нэвтрүүлсэн бүтэцтэй байх шаардлага бий болж байна.

-МАН жишээ нь бодлогын нам болно гээд яриад байгаа шүү дээ. Бодлогын нам, олон түмний нам хоёрын ялгаа нь юу юм бэ?

-Хуучны олон түмний намууд чинь нийгмийн тодорхой бүлгүүд буюу залуучууд, эмэгтэйчүүд, ажилчид, багш нар гээд нийгмийн тодорхой хэсгүүдийн эрх ашгийг хамгаалж, тэдний дэмжлэг дээр илүү суурилж байсан.Гэтэл орчин үед нийгмийн тодорхой хэсэг гэхээсээ илүү нийгэмд тулгамдаж байгаа нийтлэг асуудлуудыг нам яаж шийдвэрлэх вэ, түүн дээр ямар бодлого гаргах вэ гэдэг дээр илүү төвлөрдөг болчихсон. Нийгмийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг тодорхой бодлогоор шийдвэрлэж чадаж байгаа намыг л бодлогын нам гээд байгаа юм. Нэг талаасаа харвал бас хэт прагматик нам гэх юмуу. Мэдээж тодорхой бодлого хэрэгжүүлэхийн тулд шинжлэх ухааны үндэслэлтэй, тооцоололтой гаргах ёстой шүү дээ. Тэр бодлогоо нийгэмд хэрэгжүүлээд, үр дүнд хүрч байгаа намыг бодлогын нам гээд байгаа.

Хөгжингүй орнуудад нийгмийн ялгаатай байдал дээр суурилж байсан хуучин уламжлалт нийгмийн бааз нь байхгүй болчихсон.Бодлогын нам гарч ирэх үндэс нь энэ.

Нийгэм нь нийтээрээ чинээлэг дундаж давхарга болж, бүгдээрээ нэг нийтлэг эрх ашигтай, нийтлэг хэрэгцээ шаардлагатай, амьжиргааны түвшин ижил түвшинд болоод ирэхээр улс төрийн намуудаас ялгаатай бодлого шаардахаа больж байна гэсэн үг. Харин яаж тэр нийтлэг сайн сайхан байдлыг урагшлуулах, ахиулах вэ гэдэг дээр намууд бодлогын альтернатив хувилбарууд гаргаж өрсөлддөг болчихсон. Энийг л бодлогын нам гээд байгаа юм. Нийгмийн ялгаатай байдал багасах тусам намууд бодлого руу л илүү анхаарна гэсэн үг. Одоо нийгмийн ялгаатай байдал байгаа учраас тэр ялгаатай байдал дээр улс төрчид пиар хийж тоглоод байна шүү дээ. Одоо бол ахмадын асуудал, эсвэл малчдын асуудал, нийгмийн орлого багатай хэсгийн асуудлыг ингэж шийдвэрлэнэ гээд. Нийгэм хэдийчинээ ялгаатай байна, төдийчинээ хийх улстөр нь ялгаатай байна гэсэн үг.

ИЙМ ӨНДӨР ЗАРДАЛТАЙ СОНГУУЛЬД ХУВИЙН АШИГ СОНИРХЛОО УЛС ТӨРӨӨР ХАМГААЛДАГ ХҮМҮҮС Л ҮХЭН ХАТАН ЗҮТГЭХ БАЙХ

– Нэр дэвшигч тодруулахад улстөрийн намуудын дотоод ардчилал харагддаг. Одоо бол гэхдээ юун дотоод ардчилал манатай л байх шиг байна,тиймээ?

-Сонгуульд хэнийг дэвшүүлэх вэ гэдэг нь намын өөрийнх нь дотоод зохион байгуулалтын асуудал мөн боловч гишүүд, дэмжигчдийн оролцоог хэр хангаж байна вэ гэдэг нь намын дотоод ардчиллын хамгийн том шалгуур. Гэхдээ Улс төрийн намын тухай хууль нь ч, түүнд нийцүүлж гаргаж байгаа намын дүрэм журам нь ч олон түмний намд зориулж гаргасан учраас намын лидерүүд, намын удирдах хэсэгт байгаа хүмүүс намын шийдвэрт голлох нөлөөтэй. Энэ бүтэц байгаа тохиолдолд өргөн хүрээний оролцоотой, илүү дотоод ардчилалтай дотоод сунгааны зарчим дээр нэр дэвшигчдээ тодруулах асуудал хязгаарлагдмал байсаар л байна.

Өнөөдөр тойрог томсгосон нь хуучин жижиг тойрог дээр улсын төсвийг, бодлогыг хэт жижиглэдэг байдлыг хязгаарлаж байгаа сайн талтай. Нөгөө талдаа илүү олон түмэнд танигдсан, улс төрд олон жил явсан илүү эрх мэдэлтэй, дээрээс нь бас бизнес, санхүүгийн томоохон нөөц боломжтой нэр дэвшигчид томсгосон тойрог давуу байдлыг үүсгэж байна.

Сонгуулийн зардал хамгийн багадаа нэг тэрбум 500 саяас эхэлж байна. Энэ бол албан ёсоор Сонгуулийн ерөнхий хорооноос зарлаж байгаа тоо нь шүү дээ. Яг тойрог дээрээ очих юм бол 3 тэрбум, 5 тэрбум болох үндэслэлтэй байхгүй юу. Тийм их мөнгө зарж өрсөлдөөд, парламентийн гишүүн болох гэж байна. Лав л одоо нийгмийн сэхээтэн хэсэг тийшээ зорихгүй л болов уу. Олон жил улс төрд явчихсан, улс төрд эрх ашиг нь хадаатай байдаг, ний нуугүй хэлэхэд эдийн засаг, бизнесийн ашиг сонирхлоо улс төрөөр хамгаалдаг хүмүүс бол ийшээ үхэн хатан зорих байх л даа.

Уг нь намын нэр дэвшүүлэлт бол өөрөө их чухал юм байгаа юм. Намууд сайн филтер хийж, одоо яриад байгаа шиг нийгмийн төлөөллийг хангах тал руугаа явж чадах, эсэх нь намаас эр зориг шаардсан ажил. Хамгийн гол нь сонгуулийн зардлыг бууруулж байж энэ өөрөө бодитой болно. Сонгуулийн зардлыг бууруулахын тулд яах ёстой вэ гэхээр үнэхээр нам гэдэг институцэд байдаг шаардлага, шалгуурыг хангаж байгаа намуудыг төрөөс тодорхой хэмжээгээр дэмжих ёстой.

Нэгэнт олон түмний дэмжлэгийг аваад, төрд ажиллана гэж байгаа бол асар их хариуцлага үүрч байгаа. Үүнийх нь төлөө төрөөс татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлж, эргээд татвар төлөгчдийн мөнгөөр төрийн бодлогод оролцож байгаагийнх нь хувьд иргэд хариуцлага нэхдэг байх ёстой. Энэ тогтолцоо л бүрдэх ёстой. Одоогийн байгаа байдлаараа бол том мөнгө, том санхүүгийн нөөцтэй хүмүүс төр лүү очоод, намаа ч гэсэн олигархжсан бүлэглэл болгож байгаа энэ байдал амархан арилахгүй шүү дээ.

-Нэг хүнээс гарах сонгуулийн санхүүжилтийг багасгах тусам илүү сонгогдох эрх хангагдана. Гэтэл энэ бүсчилсэн тойрог маань энэ зарчмынхаа эсрэг явчихав уу?

-Том тойрог бодлогын хувьд том гэж харагдаж байгаа боловч яг нэр дэвшиж байгаа хувь хүн дээр очихоор асар том масштаб дээр ажиллах болж байна. Богино хугацаанд өөрийгөө тэр том тойрогт таниулах хэрэгтэй болно. Таниулахын тулд үйл ажиллагаа явуулах шаардлагтай болно. Үгүй ядаж л тойрох ёстой биз дээ. Ингээд явахад л тодорхой хэмжээний зардал гарна. Тэгээд тэр томсгосон тойрог дээр чинь сонгуулийн ухуулагч ажиллуулах, кампанит ажил эхлэхээр бусад зардлуудаа гаргах гээд хэр баргийн хүн очоод нэр дэвшээд өрсөлдөх,өрсөлдөөд сонгогдох магадлал боломжгүй шүү дээ. Цаашдаа сонгуулийн зардлыг багасгахгүйгээр энэ том тойрог хэвээр явах юм бол энэ тойргуудыг чинь хувьчилж авсан хэдэн бүлэглэлүүд хооронд л хэн засаглах вэ гэдэг харилцаа тогтоно. Зүй тогтол тэгэж л явна. Тийм учраас цаашдаа томсгосон тойргоо хадгаллаа гэхэд сонгуулийн зардлыг бууруулах чиглэлд төр алхам хийх ёстой. Үнэхээр төрийн бодлого, шийдвэр гаргахад оролцож байгаа улс төрийн намуудыг төрөөс санхүүжүүлэх ёстой. Угаасаа барууны орнууд манайх шиг асуудалтай тулгараад, эцсийн гарц шийдэл нь төрийн бодлого, шийдвэрт оролцож байгаа улс төрийн намуудаа төрөөс санхүүжүүлэх, сонгуулийн зардлыг хамгийн бага түвшинд нь аваачих чиглэл рүү л эрх зүйн бодлогын шинэчлэлээ хийсэн. Манайх энэ чиглэл рүү явахгүй бол болохгүй.

ХЭТЭРХИЙ ОЛОН ГИШҮҮНТЭЙ БАЙЛАА ГЭЭД НАМЫН ХӨГЖИЛД ЭЕРЭГ НӨЛӨӨ ҮЗҮҮЛЭХГҮЙ БАЙНА

– Хараад байхад улстөрийн нам хэт олон гишүүнтэй байх тусам дотоод ардчилалгүй байдаг юм байна. Яагаад гэвэл тэр олон хүн тэр процесст оролцох боломжгүй. Тийм учраас намууд гишүүнчлэлгүй байх нь ардчиллаа аврах гарц юм биш үү?

-Ер нь нам хэт хатуу гишүүнчлэлээр хөөцөлдөх, гишүүдээ кампанчилж элсүүлэх, тооны хойноос хөөцөлдөх бол намын өөрийнх нь хөгжилд тийм эерэг зүйл болохгүй л байна л даа. Зүгээр л манайх 230 мянган гишүүнтэй, манайх 160 мянган гишүүнтэй гээд пиар хийж байна. Нийгмээс “Өө энэ чинь олон гишүүнтэй юм байна, энэ нам үнэхээр том нам байна гэж харахаасаа илүүтэйгээр намаас хүмүүс хүнийсэж байгаа учраас нөгөө талдаа эсрэг утга. Барууны хөгжингүй орнуудын намууд энэ байдлаар манайхаас хамаагүй урагшаа алхчихсан байгаа шүү дээ. Тэд намын гишүүнчлэлийг чөлөөт гишүүнчлэлийн хэлбэр рүү шилжүүлсэн. Хэн нэгнийг намд элсүүлээд манай намын үзэл баримтлалыг ягштал дагаарай гэвэл дагах уу. Үнэндээ бол МАН-ын социал демократ үзэл баримтлалыг, АН-ыг либерал үзлийг ойлгож намд элсч байгаа хүн хэд вэ. Тэр үзэл баримтлалыг ойлгож байгаа гишүүн байтугай нам удирдаж байгаа хүмүүсийн хэдэн хувь тэрийгээ ойлгож байгаа юм бэ гэдэг чинь асуудал байхгүй юу. Тийм учраас цаашдаа дэмжигчдийн бааз гэдэг юм руу явах ёстой.

Тухайн сонгуулиар тухайн намд хэчнээн сонгогчид саналаа өгчихөв, бодлогыг нь яаж дэмжив гэдэг дээр л намууд “өө манайх дэмжигчдийн тийм өргөн хүрээний баазтай юм байна. Эсвэл бааз нь буурсан байна, нэмэгдсэн байна” гэдэг шалгуураар намынхаа оршин тогтнох үндсийг тодорхойлж байх ёстой.

Мэдээж намын хүний нөөц, боловсон хүчний асуудал яах вэ гэдэг асуулт гарна. Нам бол бодлогоор хүний нөөцөө бэлдэнэ. Хүний нөөцөө бэлдэхдээ улс төрийн хүний нөөц бэлдэнэ. Улс төрчид, лидерүүдийг л бэлдэх үүрэгтэй. Харин тэр лидерүүд нь намын бодлого, үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, технологийн ололтыг ашиглаад улс орон даяар таниулж байх үүрэгтэй. Тэгээд тэр лидерүүд нь тэр намыг авч явна. Лидерүүдээр дамжаад аль намын бодлого, платформ нийгэмд илүү үр өгөөжтэй байна вэ гэдгээ дүгнэж, цэгнэх боломжийг иргэд, сонгогчдод олгох ёстой. Ийм л зарчим явах ёстой. Угаасаа төлөөллийн ардчиллын чиг хандлага бол ийшээ л явж байгаа.

УЛСТӨРИЙН ХҮНИЙ НӨӨЦӨӨ НАМ БОДЛОГООР СЭЛБЭХ ЁСТОЙ БОЛОХООС БҮЛЭГ ФРАКЦУУД БИШ
-Энэ удаагийн сонгуулийг томилгооны сонгууль болно гээд улс төр судлаач Сумати гуай ярьсан байсан. Бодитой л яриа. Хоёр том нам дотроо бүлэглэлүүдэд хуваагдсан. Тэдний тохироогоор нэр дэвшигчид тодрох нь ойлгомжтой байна…?
-Ер нь бол томилгооны нэр дэвшигчид тодордог үзэгдэл өмнө нь ч байсан шүү дээ. Томсгосон тойрог дээр бол томилгооны нэр дэвшигчдийг бодлогоор гаргаж ирдэг шүү дээ.

Нөгөө үндэсний хэмжээнд танигдчихсан, олон жил улс төрд яваад, төрийн өндөр албан тушаал хашсан нэр дэвшигчид чинь одоо бүгд л тойрог дээр ажиллаж байна. Тойрог дээр ажиллахдаа нэг нэг хүн дагуулсан яваад байгаа биз дээ. Тэд нар чинь дандаа л томилгооны буюу өөрөөр хэлбэл нөгөө том улс төрчдийн тохироон дээр авч явж байгаа хүмүүс. Богино хугацаанд шинээр гарч ирж байгаа залуучууд танигдаад, сонгогдоод илүү санал аваад гараад ирэх магадлал бага. Нөгөө талдаа тэр бол буруу зүйл биш. Хүнээ таниулах ёстой. Улс төрийн дараагийн залгамж халааг бэлдэх ёстой. Гэхдээ бэлдэхийн тулд тодорхой нэг улс төрчийг дагаж бэлдэх биш, нам өөрөө тодорхой бодлогоор бэлдэх ёстой.

Тодорхой нэг улс төрчийг дагаад бэлдээд байхаар чинь бүлэг, фракцуудын залгамж халаа тасрахгүй л яваад байна гэсэн үг. Тодорхой хүний дараагийн залгамж халааг бэлдэх биш, нам улс төрийн боловсон хүчнийг бэлдэх өөрийн гэсэн бодлого, жанжин шугамтай байх ёстой. Тэгэж боловсон хүчнээ сэлбэж байх ёстой. Тэгэж сэлбэгдэхгүй, нэг бүлэглэлийн хүн улс төрөөс тэтгэвэрт гарлаа ч гэсэн тэрний дараагийн гаргаж ирсэн хүн залгамжлаад , нам харгалзахгүй улс төрийн бүлэглэлүүдийн харилцаа улс төрд дамнаад байх юм бол энэ чинь өөрөө цэвэршихгүй шүү дээ.

Тийм учраас нэртэй судлаачид болох Парето, Моска нарын хэлээд байгаа элитийн церкуляс гэдэг юмыг хийх ёстой. Тэрийг хийдэг институц нь юу юм бэ гэхээр нам. Түүнээс тодорхой хүн хийхгүй, дандаа өөрийнхөө хүмүүсийг л оруулж ирнэ.

Улс төрийн дараагийн залгамж халаагаа бэлдэх асуудалд мэдээж намын дэргэдэх байгууллагууд тодорхой үүрэг гүйцэтгэж ирсэн. Одоо ч тийм байгаа. Гэвч одоо жишээ нь, МАН-ын дэргэдэх байгууллагуудыг чинь бас цүнх баригчид энэ тэр гээд цоллоод байна шүү дээ. Нэг талаар тэгэж харагдаж байгаа боловч нөгөө талаар бас тодорхой үүрэг гүйцэтгэж байгаа.

НАМУУДЫН РЕЙТИНГ БУУРАЛТЫНХАА ДООД ЦЭГТ ОЧСОН
– Манай энэ сонгуулийн сурталчилгаа яагаад ийм богино байдаг юм бэ. Улстөрд инэ хүн нэр дэвшээд танигдах ямар ч боломжгүй богинохон зай шүү дээ..?

-Нэг талаар зардал мөнгөтэй холбоотой, нөгөө талдаа энэ чинь политик шүү дээ. Танигдчихсан улсуудад зориулсан хугацаа. Түүнээс танигдаагүй хүмүүст зориулах юм бол хугацаагаа урт тавьж болно шүү дээ.

Ер нь манайх шиг цөөн хүн амтай, цөөн сонгогчидтой улс орны хувьд нам өөрөө бодлогоор шинэ залуу улс төрчдөө заавал сонгуулийн кампанийн үеэр биш, бусад үед таниулах ажлыг тасралтгүй хийх ёстой. Сонгууль дууслаа, маргааш нь нам дахиад сонгуулийн ажилдаа орж л байх ёстой байхгүй юу. Хүнээ бэлтгэх, таниулах ажлыг тасралтгүй хийх ёстой. Фэйсбүүк, твиттер, инстаграм гээд сошиал сүлжээгээр яаж л бол яаж танигдах боломж байна. Хамгийн зовлонтой нь аль ч нам залуу үеэ гаргаж ирэхгүй, нөгөө хуучин хүмүүс нь дээрээс нь ирээд суучихдаг. Одоо АН-ыг хар, за МАН арай гайгүй яваад байх шиг байна. Энэ ертөнц дээр юунд ч ялагддаггүй нэг л зүйл байгаа шүү дээ. Энэ бол цаг хугацаа. Үүнтэй бид нүүр тулах учраас улс төрийн цаг хугацаандаа улс төрөө хийгээд, хаших ёстой албаа хашсан бол дараагийн хүндээ зайгаа тавьж өгдөг соёл Монголд бол бий болох ёстой юм.

ХАМГИЙН ИХ ИТГЭЛ ХҮЛЭЭЖ БАЙХ ЁСТОЙ ИНСТИТУТ БОЛ УЛСТӨР ТАЛААСАА НАМ, ХУУЛЬ ТАЛААСАА ШҮҮХ
-Улстөрийн намуудын тухай заалт Үндсэн хуульд орсон. Нэг үгээр Үндсэн хуулийн байгууллага болсон. Гэвч намуудын рейтинг өнөөдөр байж болох доод цэгтээ оччихлоо шүү дээ.

-Гучин жилийн турш намуудын рейтинг буурч явсаар байгаад одоо бүр бууралтынхаа доод цэгт очиж байна. Хүний нөөц, бодлогын хувьд, нийгмийн хөгжил дэвшил, иргэдийн амьдралын чанарын хувьд ч намууд нийгмийн хүлээлтийг хангаж чадахгүй байна. Одоо хар л даа,Улаанбаатар хотоо. Маш буруу бодлогууд явуулснаас үүдээд түгжрэл, утаа, хөрсний бохирдол, сургууль, цэцэрлэгийн асуудлууд гээд тулгамдаагүй асуудал алга. 32-ын тойргоос гараад гэр хороололд очиход ямар нөхцөл байдалтай байна вэ. Эндээс намууд зөв бодлоготой, зөв байж чадахгүй бол нийгэмд нэр хүнд нь яаж унадгийн тод жишээ.

Олон улсын үнэлгээгээр ардчилал болон ардчилсан тогтолцооноосоо бид тодорхой хэмжээгээр ухарсан байна. Иргэдийн өгч байгаа үнэлгээ буурсан байна.

Улс төрийн талаасаа хамгийн шударга, хамгийн их итгэх ёстой институц бол уг нь нам юм байгаа юм. Хууль талаасаа хамгийн их итгэж, худал үнэнээ дэнслүүлэх институт бол шүүх байгаа юм. Гэтэл судалгаагаар энэ хоёр институц чинь хамгийн итгэл муутай институц болоод хувирчихаар чинь хэндээ итгэх юм бэ, энэ нийгэм чинь.

Шүүх нэгдүгээрт явж байна, хёрдугаарт нь улс төрийн нам явж байгаа юм. Улс төрийн нам сонгуулиар дамжаад засгийн эрх, төрийн эрхийг барьдаг улс төрийн хамгийн чухал институц. Тэгэхээр тэр институцдээ иргэд нь итгэхээ байсан. Буруу, зөвөө очоод дэнслүүлдэг шүүх, шүүхийн байгууллага дээрээ очихоор бас үнэн зөв шүүж чадахгүй байна гээд иргэд нь итгэхээ байхаар энэ нийгэм чинь одоо тэгээд хаашаа явах юм бэ? Ийм бодит байдалтай л байна. Тэгээд яахав сонгууль дөхөж байна. Тэртэй, тэргүй иргэд сонгогчдын сонголт энэ хэдэн намаас өөр сонголт байхгүй шүү дээ. Хамгийн зөв зам бол байгаа намуудаа чадавхжуулах, хүний нөөцийн сэлбэлт хийх, дотоод ардчилалтай болгох, илүү иргэдийн оролцоог хангасан, иргэдийн хүсэн хүлээж байгаа зүйлийг нь бодлого болгож, үйл ажиллагаа болгож, нийгэмд хөгжил дэвшилд хүргэдэг институт болгоход иргэн болгон анхаарах ёстой. Дээрээс нь манай иргэдийн өөрсдийнх нь улс төрийн боловсрол доогуур байна. Оролцоогоо мэдэхгүй байна, хяналтаа мэдэхгүй байна. Бидэнд бас нэг зовлон болж байгаа юм нь юу юм бэ гэхээр яг намтайгаа адилхан иргэний нийгмийн институцууд нь өөрөө төлөвшөөгүй. Иргэний нийгмийн институцууд нь төлөвшөөд, мэргэжлийн холбоод нь чадавхжаад ирэх юм бол иргэний нийгмийн хяналт гэдэг чинь өөрөө төрд аягүй чухал байхгүй юу. Тэр хяналт бий болоод ирэхээр төрд байгаа болохгүй бүтэхгүй бүх юм чинь хяналтад орно.

Тэгээд Засгийн газар зарим чиг үүргээ иргэний нийгмийн байгууллагууд руу өгнө. Бидэнд маш олон асуудлууд байна л даа. Ганцхан нам л болохоо байчихлаа, энэ одоо төлөвшиж хөгжихгүй байна гээд суухаасаа илүү цогцоор нь харж үзэхээс өөр аргагүй ийм л нөхцөл байдалтай байна.

НАМ ЖАГСААЛТАД ОРУУЛАХДАА ҮНЭХЭЭР ШУДАРГА АЖИЛЛАНА ГЭСЭН ТАЛАА Л БАРИХ ЁСТОЙ
-Шинээр сонгогдох 126 гишүүний 48-ийг нь жагсаалтаар гаргана. Тэр жагсаалтаар тухайн намын үйл хэрэгт оролцож байсан хүмүүсийг дэвшүүлэх ёстой юм уу. Эсвэл эмч, багш гэх мэт нийгмийн бүлгийн төлөөллүүдийг жагсаалтад түлхүү оруулах ёстой юу?

-Тухайн нам судалгаагаа л сайн хийх ёстой. Нийгмийн хүсэн хүлээж байгаа хүсэмжит улс төрийн кандитат хэн байна вэ гэдгийг гаргаж ирэх ёстой л доо. Тэр дотор чинь намд олон жил зүтгэсэн хүн ч байгаа, эсвэл нийгмийн салбарт олонд танигдсан хүмүүс ч байгаа. Үнэхээр энэ очоод зөв шударга ажиллачих юм байна, дуу хоолойгоо хүргээд ажиллачих юм байна, биднийг төлөөлөөд хууль тогтоох үйл ажиллагаанд идэвхтэй оролцоод үр дүн гаргачих юм байна гэсэн талаа л илүү барих ёстой.

Түүнээс биш заавал багш оруулна, заавал эмч оруулна, заавал инженер оруулна гээд хүнээ олохгүй бол тэр хүмүүс чинь парламентад очоод үүргээ хэрэгжүүлж чадахгүй шүү дээ. Нөгөө талаасаа олон жил намын төлөө тавхайгаа эргэтэл гүйсэн гээд оруулчихдаг. Нөгөө хүн нь очоод тэнд төлөөлөгчийн үүргээ гүйцэтгэж чадахгүй суугаад, эсвэл өөр чиг үүрэгтэй ажиллаад байвал бас болохгүй болчихоод байгаа юм. Тэгэхээр аль алийг нь бодох ёстой. Намын жагсаалтаар орох, тойргоос сонгогдох хоёр гарч ирж байгаа арга хэлбэр нь өөр болохоос адилхан л төлөөллийн үүрэг гүйцэтгэнэ. “Би тойргоос гарч ирсэн, чи жагсаалтаар орж ирсэн” гэдэг ялгаварлал парламентад байж болохгүй. Нөгөө талд жагсаалтаар орж ирсэн ч гэсэн тэр жагсаалтад орж ирсэн нөхрийн цаана намыг дэмжсэн сонгогчдын дэмжлэг байгаа. Ер нь бол тойргоос сонгогдсон ч бай, жагсаалтаар очсон ч бай нэгэнт л ард түмэн тэр намын бодлогыг дэмжээд олонх болгоод, тэр намын мөрийн хөтөлбөр нь Засгийн газрын мөрийн хөтөлбөр болоод явж байгаа тохиолдолд тэр бодлогодоо л зангидагдах ёстой. Ард түмэн тэр намыг бодлогоо хэрэгжүүлээд өгөөч гээд сонгочихсон байна шүү дээ. Гэтэл очоод би тойргоос сонгогдсон гээд тойргийн тоглолт хийгээд, эсвэл би намаас жагсаалтаар орж ирсэн гээд намд очиж тэнд бүлэглэл үүсгээд давхиад байвал энэ нь өөрөө улс төрийн намын төлөвшилтөд сөрөг нөлөөтэй.

– Улс төрийн намуудын нэр хүнд унасан нь авлигалтай шууд холбоотой. Тэгэнгүүт улстөрийн намын санхүүжилт гэж яригдана…?

– Улс төрийн нам өөрөө бүтэц зохион байгуулалтын хувьд, үйл ажиллагааны хувьд нүсэр байх тусмаа л мөнгө их шаардана. Мөнгө их шаардах тусмаа л тэрийг яаж олох вэ гэдэг толгойны өвчин намыг удирдаж байгаа хүмүүст хүссэн, хүсээгүй хэн ч байсан ирнэ. Тэрийгээ яаж олох вэ гээд хүссэн, хүсээгүй улс төрийн эрх мэдэл, улс төрийн боломж нөөцөө ашиглаж мөнгөтэй хүмүүс рүү, мөнгөтэй компаниуд руу санхүүгээ босгох асуудал яригдана. Ер нь сүүлийн 30 жилийн улс төрийн санхүүжилтийн механизм ингэж л явж ирсэн. Барууны хөгжингүй орнууд яг манайх шиг ийм замыг туулаад, улс төр нь авлигажаад, бүр олигархжаад, намын удирдах хэсэг нь илүү олон түмнээс, жирийн гишүүд, дэмжигчдээс тасарсан үйл явц адилхан л болсон. Энийг чинь улс төрийн том судлаачид, онолчид судлаад намын олигархчлагдах хууль гээд бүр баталсан байгаа шүү дээ. Манайд энэ үйл явц нэлээн бодитой явж байх шиг байна. Улстөр, мөнгө хоёрыг ус, тос шиг 100 хувь ялгах бололцоо байхгүй. Харин одоо ус, сүү шиг сүлэлдээд байгааг нь багасгах асуудал л байгаа. Энэ дээр эрх зүйн орчны шинэтгэл, намыг төрийн бодлогод оролцож байгаа оролцооных нь хэмжээгээр, оролцооных нь байдлаар төрөөс дэмжлэг үзүүлэх асуудлыг зайлшгүй ярих ёстой. Нэгдүгээр асуудал.

Хоёрдугаарт намын одоо байгаа бүтцийг цомхон болгох. Илүү техник технологийн ололт, технократуудад суурилсан, илүү үндэсний хэмжээний лидерүүдийг бэлтгэсэн, тэр лидерүүд нь тухайн намын нүүр царай болдог тогтолцоо руу орох ёстой. Одоо баруунд чинь бүр дижитал намууд гараад ирсэн. Бүх юм нь цахимаар явж байна.

Дэмжигчиддээ хүргэх мессэж, бодлогоо, дээрээс нь уулзалтуудаа цахимаар хийдэг болчихлоо. Манайх шиг энд тэнд очоод олон хүн цуглуулаад асар их зардал мөнгө гаргаад явдаг юм байхгүй. Ийм мөнгө төгрөг хэмнэсэн, ил тод, шударга тогтолцоо руу орох хэрэгтэй. Цахим гэдэг чинь өөрөө ер нь хүнээс хамаардаг маш олон юмыг хаадаг юм байна шүү дээ. Тэгэхээр энэ рүү л явах ёстой. Дээрээс нь бүтцийн хувьд цомхон байх ёстой гэдгийг дахин хэлье. Үндэсний хэмжээний лидерүүдээ бэлтгэмээр байна. Одоо яг намууд дээр харах юм бол үндэсний хэмжээний том улс төрчид, танигдсан шинэ фэйсүүдийг гаргаж ирэх асуудал их удаан явагдаж байна.

Одоо Ардчилсан намыг хар л даа. Ардчилсан нам чинь уг нь бол гэрээр ярих юм бол Монгол Улсын нэг багана нь шүү дээ. 90 оноос хойш ардчилсан нийгмийн шинэтгэлд энэ намын гүйцэтгэсэн үүрэг их бий. Энэ дотор байсан лидерүүдийн гүйцэтгэсэн үүрэг их бий. Монгол Ардын Намыг хар. Уламжлалаараа бол улс орныг 90 он хүртэл 70 жил авч явсан, 90 оноос хойш ахиад 30 жил энэ улс орныг авч явахад хамгийн голлох үүргийг гүйцэтгэсэн. Энэ 8 удаагийн сонгуулийг тооцоод үзэх юм бол ихэнхэд нь засаг барьсан. Гэтэл яг одоо үндэсний хэмжээний лидер хэн бэ гээд харахад, дээрээс нь тийм баг байна уу, тийм багт хэнийг оруулаад тооцох вэ гэхээр ер нь бол гурав, дөрвөн хүний нэр дурдаад цаашаа байхгүй. Улстөр судалдаг бид тийм тоо, статистиктай сууж байхад жирийн иргэд бол мэдэхгүй шүү дээ. Цаашдаа намууд үүн дээр онцгой анхаарах ёстой. Тэртэй, тэргүй цахимжина, технологижно. Үүнд намууд өөрийгөө бэлдэх хэрэгтэй. Бэлдэхийн тулд намынхаа ковер болох хүмүүсийг л одооноос олж, улс төр лүү татаж оруулж, нийгэмд таниулах ажлуудыг сайн хийх хэрэгтэй. Тэгээд тэр хүмүүс нь өөрөө бас мэдлэг боловсролын хувьд, мэдрэмжийн хувьд цаашдаа бойжоод үндэсний хэмжээний лидерүүд, улс төрчид болоод явчих тийм хүмүүс байх хэрэгтэй л дээ. Эрэгтэй, эмэгтэй ялгаа байхгүй.

НАМУУД НИЙГМИЙН ЗҮТГҮҮР БАЙХ ЁСТОЙ Ч ӨНӨӨДӨР БОЛ ЧИРГҮҮЛ НЬ БОЛЧИХООД БАЙНА
– Социалист нийгмээс үлдсэн сэтгэлгээ, соёл гэх мэт нь ардчилал хөгжихөд саад болж, гажуудуулаад байна гэж хүмүүс ярьдаг шүү дээ. Судлаач хүний хувьд энэ талаар юу хэлэх вэ?

-Тэр инерц хэсэг хугацаанд явсан, одоо бол улам багасаж байгаа шүү дээ. Тэртээ тэргүй одоо Х үеийнхэн улс төрд ороод нэлээн идэвхтэй яваад, одоо дараагийнх нь Y үеийнхэн гараад ирлээ. Өнөөдөр 81 оноос хойш төрсөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гээд улс төрд идэвхтэй явж байгаа энэ үеийнхэн бодлого тодорхойлж байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, хүн амын үе солигдож байгаа. Тэгээд одоо Y, Z үеийнхэн ороод ирнэ. Z үеийнхэн ороод ирэхэд бол энэ инерц аль хэдийнэ байхгүй. Дандаа 90 оноос хойш төрсөн,энэ үеэс хойшхи нийгмийн шилжилт, нийгмийн дүр төрх, соёл хүмүүжлээр бойжсон хүмүүс учраас арай өөр харна. Техник, технологийн хувьд, бодож сэтгэж байгаагийн хувьд ч бол шал өөр хүмүүс. Яагаад гэхээр дэлхий нийтийн хөгжил өөрөө тийм. Дараагийн альфа үеийнхэн гараад ирэхээр бүр өөр. Тийм учраас өмнөх нийгмийн соёл өөрчлөгдөх бол цаг хугацааны л асуудал. Цаашдаа юм өөрчлөгдөнө. Намууд ч гэсэн хүмүүс болон нийгэм нь тэгэж өөрчлөгдөж байхад тэрийг дагаж өөрчлөгдөхгүй хаачих вэ. Тэгэхгүй бол тэр нам улс төрийн тавцангаас арчигдана.

Нам уг нь нийгмийн урд байгаад 10 жилийн дараа, 20 жилийн дараа улс орон хөгжлийн ийм түвшинд хүрнэ, эдийн засгийн өсөлт тэгнэ, амьдралын чанар тэдэн функтаар дээшилнэ, жэйний коэффициент тийм болно гэх мэт шинжлэх ухаанч тооцоолол, судалгаа хийгээд, нийгмийг хойноосоо дагуулж явах ёстой.

Галт тэргээр бол хөдлөхөд нь чирээд явдаг зүтгүүрийг локомотив гэдэг дээ. Нам нийгмийн локомотив байх ёстой ч өнөөдөр бол галт тэрэгний чиргүүл болчихоод байна.

Тийм учраас намууд шинэчлэлээ хурдан реформаа хийгээд, нийгмийнхээ урд гарч, эрүүл саруул, дотоод ардчилалтай, илүү нийгмийн дэмжлэг хүлээсэн институц болж байж, улс орны ардчиллын баталгаа болж чадна. Ерөөсөө дэлхий нийтээр улстөрийн нам гэдэг институц чинь алдаж, онож явсаар, алдаатай юмнуудаа гээсээр байгаад, оноотой юмнуудаа авч явсаар байгаад төлөөллийн ардчиллын маш чухал институц болчихсон. Хэрвээ нам хэрэггүй байсан юм бол хөгжингүй орнууд намгүй нийгэм байгуулчихгүй яасан юм бэ. Нам байгаад л байгаа биз дээ. Яагаад нам байгаад байна гэхээр нам өөрөө төлөөллийн ардчиллын хамгийн төгс институц мөн юм байна гэдэг нь батлагдсан. Харин намыг яаж эрүүлжүүлж, саруулжуулах вэ гэдэг л чухал. Дэлхий дээр маш олон янзын ардчиллын хэв загвар байгаа. Тийм байлаа гээд эцсийн дүндээ улс төрийн ардчиллыг улс төрийн намаас салгах ямар ч бололцоогүй. Манайх өнөөдөр намын нэр хүнд муу учраас нам хэрэггүй, намгүй нийгэм байгуулъя гээд яриад байна. Энэ боломжгүй. Төлөөллийн ардчилал, парламентын засаглал, ерөнхийлөгчийн засаглалтай байсан ч гэсэн угаасаа улс төрийн нам гэдэг институц чинь өөрөө ардчиллын нэг том баталгаа, үндсэн институц нь.

Төрөөс илүү улс төрийн мөн чанартай институц бол нам. Төр яагаад улс төрлөг шинж чанартай болдог вэ гэхээр засгийн эрх авсан нам төрд очиж, улстөрийн хүний нөөцөө байршуулдаг учраас төр улс төрлөг шинж чанартай болж байгаа юм. Түүнээс төр бол улс төрийн институц биш шүү дээ.

Засгийн эрх авсан намын улс төрийн нөөц төрд очиж ажилладаг учраас л төр нэг талаар улс төрийн шинж чанартай болдог. Ер нь бол цэвэр нийгмийг удирдах институц шүү дээ. Төр ер нь ямар нэг улс төрийн савалгаагүй байх ёстой. Энэ хоёр хосолж байж төр өөрөө оршин тогтноно. Тийм учраас намыг чадавхжуулах, институтжүүлэх, цомхон болгох, чадварлаг болгох гэдэг чинь явж, явж төрийг чадавхжуулах үндсэн суурь нь. Иргэн талаасаа бол улс төр лүү орох, улс төрийн эрхээ хангах бүтэц. Мөнхбат гэдэг хүн ганцаараа гудамжинд гараад улс төр хийгээд явбал улстөр болж чадахгүй. Намаар дамжиж, намын платформыг нийгэмд хүргэж байж тэр өөрөө жинхэнэ паблик улс төр болно. Тийм учраас нам цаашдаа ч байна, байх ч болно. Шинэчилж, өөрчлөх л чухал.

ХАНДИВЫГ ХЯЗГААРЛАХГҮЙГЭЭР НАМЫГ ТОМ МӨНГӨНӨӨС САЛГАЖ ЧАДАХГҮЙ
– Манайд УИХ-ын гишүүний суудлын тоогоор намыг төрөөс санхүүжүүлж байгаа шүү дээ. Бусад оронд ямар байдаг юм бол?

-Манайд хуулиараа хоёр л төрлийн санхүүжилт байгаа. Суудлын тоо, сонгуульд авсан саналын тоо хоёроор төрөөс тодорхой хэмжээний санхүүжилт өгч байгаа. Энэ бол дэлхий дахинд байдаг төрийн дэмжлэгийн нийтлэг хэлбэр. Ер нь бол төрөөс дэмжвэл дэмжсэн шиг дэмжих ёстой. Хоёрын хооронд юм амсуулчихаад, төр дэмжжихлээ гэх нь өрөөсгөл. Сонгуулийн үеэр улс төрийн намуудыг дэмжиж татаас өгөх явдал чухал. Ингэснээр мөнгөтэй хүмүүс, мөнгөгүй хүмүүс хоёрын гарааны тэгш нөхцөлийг бий болгоход чухал нөлөөтэй. Одоо бол мөнгөтэй хүмүүс нэр дэвшихэд ямар нэг бартаа саад байхгүй, мөнгөгүй хүмүүст боломж олдохгүй байна. Хэдийгээр мэдлэг чадвартай, олны дунд хүлээн зөвшөөрөгдсөн,төрд ажиллах потенциал байлаа ч гэсэн санхүүгийн боломжгүйгээс болоод хойш сууж байгаа олон хүн байна. Энэ боломжийг бүрдүүлэхийн тулд төрөөс сонгуулийн зардлыг маш бага болгох шаардлагатай. Сонгуулийн зардлыг хамгийн бага түвшинд аваачаад, улс төрийн намууд, нэр дэвшигчдэд гарааны ижил нөхцөлийг олгох ёстой.

Дээрээс нь хандивыг хязгаарлах асуудал маш чухал. Хандивыг хязгаарлахгүйгээр бид ерөөсөө улс төрийн намыг том мөнгөнөөс салгаж чадахгүй. Яахав хязгаарласан заалт байдаг. Тэдээс их хэмжээний хандив авч болохгүй гээд. Гэтэл далдуур ямар хандив, ямар дэмжлэг орж ирж байгааг хэн ч хянаж чадахгүй байгаа. Төрийн байгууллага, тагнуулын байгууллага, Авлигатай тэмцэх газар зохих хэмжээнд хянаж байгаа ч гэсэн яг бүрэн хэмжээнд хянаж чадахгүй байгаа.

Магадгүй гаднын санхүүжилт ороод ирэхийг ч үгүйсгэхгүй. Тэгэх юм бол энэ улс орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын асуудал яригдана. Тийм эрсдэл, ирээдүйг бий болохыг ч үгүйсгэхгүй шүү дээ. Дэлхийн улс орнууд яасан бэ гэхээр хандивыг нь хязгаарлаад, төрийн санхүүжилтийг түлхүү өгөөд, үнэхээр олон нийтийн дунд нэр хүндтэй хүн дэвшвэл сонгогчид нийлж байгаад сонгуулийн кампанийн зардлыг нь босгоод өгчихдөг болсон. Одоо хүмүүс сошиалаар хандив цуглуулаад байр сав авч өгөөд байна шүү дээ, тэрэн шиг. Тэр нэр хүндтэй хүнд Мөнхбат гэдэг хүн 20 мянган төгрөг, Дорж гэдэг хүн 10 мянган төгрөг. Ингэж цугларсаар байтал сонгуулийн зардал босч, дараа нь сонгогдоод парламентад ажиллахад ямар нэгэн мөнгөний хамааралгүй ажиллана. Сонгогч олон түмэн намайг дэмжсэн, миний сонгуулийн санхүүжилт боссон. Эргээд тэр хүн хэнд өртэй вэ гэхээр сонгогчиддоо л өртэй. Сонгогчдын төлөө л ажиллана. Түүнээс нэг пүүс, компанийн төлөө гэдэг ч юм уу, нэг хүний халааснаас санхүүжээгүй. Манайх энэ рүү зорих ёстой.