Номчийн тэргүүн өөдөө
Ч.Өнөрбаяр, Ардчилсан Намын Дэд дарга
2024.05.28

Номчийн тэргүүн өөдөө

Тэрээр Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд багшилж, ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Багшилж байх хугацаандаа Үндсэн хуулийн чиглэлээр судалгаа хийн 2014 онд Хууль зүйн докторын зэргээ хамгаалсан. 

Улмаар төрийн албанд шилжин ажиллахдаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Ерөнхийлөгчийн тамгын газар, Авлигатай тэмцэх газар зэрэг анхаарал татсан газарт ажиллаж, мөн дэлхийд тэргүүлэгч Английн Оксфордын Их сургуульд Зочин судлаачаар ажилласан боловсролтой, шинэ үеийн төлөөлөл билээ. “Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт ажиллаж байхдаа 50 гаруй хуульд санал санаачилгатай ажиллаж, үүнээс 23 хууль тогтоомж УИХ-аар батлагдсан байна. Заримаас нь дурдахад Шилэн данс, Оюутан цэрэг хөтөлбөр, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Ирээдүйн өв сангийн тухай хууль, Нийтийн сонсголын зэрэг хуулиуд нь үр дүнтэй болсон юм. Тиймээс ч түүнийг Шилэн данс, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль, Нийтийн сонсголын тухай хууль гэх мэт нийтийн сэтгэлд нийцсэн хуулиудыг батлуулсан гэдгээр нь салбарынхан андахгүй.

БИ ДАРГЫН ХҮҮХЭД БИШ. ГЭХДЭЭ ААВ МААНЬ “НОМЧИЙН ТЭРГҮҮН ӨӨДӨӨ” ГЭЖ СУРГАДАГ БАЙСАН. БИ ЭНЭ СУРГААЛААР ХҮМҮҮЖСЭН.

Тэрээр хуулийн хэрэгжилтийг нэхэж, шударга ёс, зарчмын асуудалд өөрийн гэсэн байр суурь дээрээ бат зогсдог, боловсролын салбарт дараагийн үеийн сайн хуульчдыг бэлдэн яваа багш нарын нэг юм. 2014 онд “Эрх зүйт ёс сан”-г үүсгэн байгуулсан. Дэлхийн том сургуулиудад Монголын бүх залуучууд суралцаж чадахгүй. Гэхдээ эх хэл дээрээ тэнд үздэг, судалдаг бүтээлүүдийг залуучууддаа уншиж, судлах боломжийг олгох үүднээс, тэр дундаа Оксфордын Их сургуулийн хэвлэлийн газрын “Тун товчхон танилцуулга”-ын 8 цувралын албан ёсны эрхийг авсан ба нийтдээ 40 гаруй ном эрхлэн гаргаж олны хүртээл болгоод байна. Энэ дундаас Адам Свифтийн “Улс төрийн философи”, Кэн Бинморын “Тоглоомын онол”, В.Н Мартин, М.Фредрих нарын “Хуулийн сургуульд сурсан 101 зүйл” номыг онцолж болох юм. Эдгээр номд Ардчиллын нэр зүүсэн бүхэн ардчилал байдаггүй тухай, өөрөөр хэлбэл мэдлэгтэй, өмчтэй, иргэн дээр суурилдаг, олонхийн сэтгэл хөдлөлд бус олонхын оюун ухаан, шүүмжлэл дээр ардчилсан нийгэм оршин тогтнодог.

Ч.Өнөрбаяр

Тийм учраас ардчилсан нийгэм мөнхийн олонх эсвэл мөнхийн цөөнх гэж үгүй. Намын тухайд ч өнөөдөр олонх бол маргааш цөөнх болж болно. Энэ бол зөв ардчилал. Олон улсын харилцаанд хүртэл аль нэг том улс л хождог биш харилцан ашигтай, эн тэнцүү байж хамтран хөгжих тухай өгүүлдэг.

Аав минь надад “Номчийн тэргүүн өөдөө” гэж сургадаг байсан. Энэ нь эрдэм ном эрхэм чухал бөгөөд тийм хүний амьдрал тэгш явдаг гэсэн утгатай. Тиймээс хүн төрөлхтөн хэдэн мянган жилийн турш эргэцүүлж тунгаагаад шүүж мэтгэлцээд ирчихсэн мэдлэгээс бид суралцах учиртай. Эртний Монголын төрийг атгаж явсан хүмүүс ч номч мэргэдүүд байж, хүрээллээ тийн тогтоодог байжээ. Яагаад Хубилай сэцэн хаан, Өгөөдэйг номч хаан гэдэг байсан юм бэ. Тэд өөрсдөө бичгийн өндөр боловсролтой номч хүмүүс байсан бөгөөд юмыг бодитоор үнэлж, асуудлыг эрүүлээр харж шийдвэр гаргадаг байж. Монгол эцэг эхчүүд үр хүүхдээ эрдэм номтой хүн болоосой гэж боддог. Номын баяраар хүмүүс олноор ирж, бие биедээ ном бэлэглэдэг. Ийм үндэстэн төдий л их биш.

Ийм хандлагыг харахаар Монголчуудад маань гэрэл гэгээ байна гэж хардаг. Юу чадна түүгээрээ гэдэг шиг цаашид ч олон бүтээлийг эх хэл дээрээ судлах боломжийг олгон, дэлхийн их дээд сургуулиудад бэстселлэр болсон эрхзүйн онол, сэтгэлгээний гол гол сонгодог бүтээлүүдийг эх хэлнээ орчуулан хэвлүүлж Монголын хууль, улс төр, нийгмийн шинжлэх ухааны салбарынхан төдийгүй уншигчдын оюунд үнэ цэнтэй хувь нэмэр оруулсаар явах болно.