2024.06.07

ИРЭЭДҮЙН “ЦАХИУРЫН ХӨНДИЙ”-Г БОЙЖУУЛАГЧ MStars Hub ХУРДАСГУУР

Интернет, програм хангамж, мобайл технологи, сошиал медиа ба олон нийтийн цахим сүлжээ, худалдаа ба дижитал гүйлгээ, өгөгдөл ба аналитик зэрэг дижитал технологийн бүрдэл хэсгүүд дэлхийн бөмбөрцөгийг улам нээлттэй, хавтгай болгож, цаг хугацаанаас үл хамаарч байна. Цаашлаад хиймэл оюун ухаан, кибер аюулгүй байдал ба нууцлал зэрэг нь та бидний амьдрал, салбар бүрийн хөгжлийг version 2.0 болгож байна.

Монгол Улс дижитал технологийн үйлдвэрлэгч бус хэрэглэгч улс болсон. Эдийн засаг нь ч ганц тулгууртай, нийт орлогын 70% нь уул уурхайн бүтээгдэхүүнээс орж ирдэг. Энэ салбар эрсдэлд орлоо гэхэд эдийн засгаа хэрхэх вэ гэдэг асуудал үүснэ. Тиймээс бид шинэ салбар, шинэ бүтээгдэхүүн бий болгож, эдийн засгаа солонгоруулах ёстой. Миний хийж буй ажил үүний л нэг өчүүхэн хэсэг.

Ч.Даваажамц "Mstar Tech" ХХК-ийн Гүйцэтгэх захирал

Бид шинэ технологи хийж буй залуусыг дэмжин ажилладаг. Ингэхдээ олон улсын жишгийн дагуу буюу дэлхийд алдартай, инновацын эх өлгий болсон “Цахиурын хөндий”-д 1950-иад оноос буй болсон жишгийг эх орондоо авчирж, нутагшуулан ажиллаж байна. Үүний тулд экосистемийн бүрдэл хэсгүүд байх хэрэгтэй.

Гэнэт ухаантай хүмүүс гарч ирээд агуу бүтээл хийж чадахгүй. Технологи бий болоход бүрдэл хэсгүүд хэрэгтэй. Эхлээд иргэд, хэрэглэгчдэд тулгарсан асуудлыг технологиор шийдэх шийдэл олох хүсэл, эрмэлзэлтэй залуус байх. Түүнийгээ старт ап болгоод хуулийн нэгж болохоор тэднийг дэмжигчид байх. Энэ нь манай байгууллага юм.

Старт ап болгон компани юм гэсэн ташаа ойлголт нийгэмд байдаг. Угтаа старт ап гэдэг бол “Тодорхойгүй орчинд эдийн засгийн үр өгөөжтэй асуудлыг шийдэхээр зорьж буй хүмүүсийн нэгдэл.” Тэд ирээдүйд юу болохыг мэдэхгүй. Жишээлбэл, “Googleдэх” гэдэг ойлголт, хэллэг 20-иодхон жилийн өмнөөс дэлхий дахинд бий болсон. Google-ийг анх зохиогчид ирээдүйд ийм хэмжээнд хүрнэ гэж мэдээгүй. Тэд өөрийн категиор буюу хайлтын системийн салбарыг бий болгосон. Дэлхий дээр хийгдэж байгаа бүх хайлтын 90% гаруй нь зөвхөн Google-ээр хийгддэг.

Стартапууд урд өмнө байгаагүй цоо шинэ бизнес моделийг бүтээж байгаа тул түүний ирээдүйд үйл ажиллагаа явуулах орчны дийлэнх факторууд тодорхойгүй байдаг, жишээ нь хайлтын систем нь бүтээгдэхүүн хэлбэрээр бий болж байж түүнийг нь ашигладаг хэрэглэгч нар бий болсон. Тэгэхээр ирээдүйд бий болох хэрэглэгчээ бүтээж байна гэж  ойлгож болно. Таамаглал дэвшүүлээд түүнийг батлах эсвэл няцаах  замаар бүтээгдэхүүнээ сайжруулсаар хэрэглэгчийн таашаалд нийцэх эцсийн бүтээгдэхүүний эрэлд явж байдаг. 

Монголын төр дижитал бизнесийг хөгжүүлж, “мэдлэг” олборлогчидоо дэмжих цаг болсон

Дижитал бизнес гэдэг бол уламжлалт бизнесээс ялгаатай. Миний үйлдвэрлэсэн талхыг 1000 хүн авдаг бол би 1000 ширхэг талх л үйлдвэрлэнэ. Харин дижитал бизнес бол нэг бүтээгдэхүүн үйлдвэрлээд түүнийг нь авахыг хүссэн хэдэн ч хүн хэрэглэх боломжтой гэдгээрээ ялгаатай. Магадгүй дэлхийн аль ч өнцгөөс тухайн бүтээгдэхүүнийг авах боломжтой учраас дотоодын зах зээл бус дэлхийн зах зээлд ч бүтээгдэхүүний борлуулж, доллар олох боломжтой.

Төр дижитал технологийн салбарт буй хувийн хэвшлийнхэндээ итгэж, хамтрах нь чухал. Бүх салбарт төр оролцоод ирэхээр менежментийн хувьд ямар алдаа бий болоод байгааг бид олон жишээнүүдээс харж байна. Израйль улс бол газар нутаг бага, үржил шимгүй, газрын баялаггүй улс хэрнээ дэлхийд тэргүүлэгч 30 гаруй дижитал технологи үйлдвэрлэгч компаниуд бий. Монгол Улс уул уурхайн баялагаа хэдэн жил олборлож, орлого олох вэ? Энэ бол хязгаарлагдмал. Харин бид мэдлэг, оюун санаагаа олборлож дэлхийн өнцөг булан бүрт хэдэн тэрбум хүнд борлуулах бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хязгаар үгүй.

Дижитал бизнесийн старт апуудад төрөөс бодлого хийгээд бодит дэмжлэг нэн шаардлагатай байна. Ингэхдээ богино хугацаанд лоозогносон том зорилго тавихаас илүү урт хугацаанд тууштай дэмжлэг хэрэгтэй. Түүнчлэн старт апуудад дэмжлэг үзүүлж буй компаниуд болон мэдлэг, технологид хөрөнгө оруулагчдыг дэмжих шаардлагатай байна.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn