УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Лок Сабхагийн спикер хатагтай Мейра Кумар нар уулзаж ярилцав
2010.06.28

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Лок Сабхагийн спикер хатагтай Мейра Кумар нар уулзаж ярилцав

УИХ-ын даргын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа БНЭУ-ын парламентын Лок Сабхагийн спикер эрхэмсэг хатагтай Мейра Кумар тэргүүтэй төлөөлөгчид өнөө өглөө их жанжин Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөжdemberel_darga_vizit01, эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.

Дараа нь УИХ-ын дарга Д.Дэмбэрэл эрхэмсэг хатагтай Мейра Кумарыг Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд хүндэтгэн угтаж, хатагтай Мейра Кумар хүндэтгэлийн дэвтэрт гарын үсэг зурав.

 

Монгол Улсын Их Хурлын дарга  Д.Дэмбэрэл дараа нь БНЭУ-ын парламентын Лок Сабхагийн спикер эрхэмсэг хатагтай Мейра Кумар тэргүүтэй төлөөлөгчдийг Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд хүлээн авч уулзаж, хоёр орны болоод парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

 

УИХ-ын дарга уулзалтын эхэнд хэлэхдээ, эрхэмсэг хатагтай Тантай урьд нь уулзаж байхдаа Монголд уулзах ерөөл тавьж байсан маань ийнхүү биелсэнд сэтгэл өндөр байна. Монгол, Энэтхэг хоёр орон өнө эртнээс уламжлалт харилцаагаа улам өргөжүүлэн хөгжүүлж ирсэн, түүх, соёлын нийтлэг зүйл олонтой. Бидний энэхүү уулзалт хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн тэмдэглэлт үед тохиож байгаа нь билэгдэлтэй юм хэмээн онцлон тэмдэглэлээ. Тэрбээр цааш нь, өнгөрсөн оны сүүлчээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНЭУ-д албан ёсоор айлчилсан нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг иж бүрэн түншлэлийн харилцааны түвшинд хүрснийг нотолсон түүхэн ач холбогдолтой үйл явдал болсныг онцлов.

Хоёр орны парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжиж, парламентын удирдлагууд удаа дараа харилцан айлчилсан нь улс хоорондын болон парламентын харилцааг хөгжүүлэхэд ихээхэн түлхэц үзүүлж буйг УИХ-ын дарга уулзалтын үеэр тэмдэглэв. Тухайлахад БНЭУ-ын парламентын Лок Сабхагийн спикер Г.Балаёги тэргүүтэй төлөөлөгчид 2001 онд Монгол Улсад айлчилсан, УИХ-ын дарга С.Төмөр-Очир тэргүүтэй төлөөлөгчид 2003 онд Энэтхэг Улсын парламент байгуулагдсаны 50 жилийн одй зориулсан олон улсын парламентын бага хуралд оролцсон, түүнчлэн парламентын гишүүд, Тамгын газар хоорондын уулзалт, арга хэмжээ өргөжиж байгаа, үүний нэг тод илрэл нь эрхэмсэг хатагтайн айлчлалын хүрээнд УИХ-ын Тамгын газар, Лок Сабхагийн Тамгын газар хоорондын хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурахаар төлөвлөж буйг дурьдлаа.

 

Хоёр орны харилцаа эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн бүхий л салбарт амжилттай хөгжиж, худалдааны харилцаа, бараа эргэлтийн хэмжээ өсч байгаа, манай улсын 200 гаруй оюутан залуус, төдий тооны хуврагууд Энэтхэг улсад суралцаж байгаа, түүнчлэн Энэтхэг улсын удаа дараагийн Элчин сайд нарын идэвхтэй хүчин чармайлтын үр дүнд манай төрийн албан хаагчдыг хэлний болон мэдээллийн технологийн сургалтад хамруулж байгааг УИХ-ын дарга онцлов. Мөн тус улсын орчин үеийн мэдээллийн технологийн ололтоос суралцах нь ирээдүйн гол чиглэл гэж үзэж буйгаа УИХ-ын дарга уулзалтын үеэр дурьдаад “Монгол Улс байгалийн нөөц баялгаа улс орны эдийн засгийн тулгуур хөгжлийн чиг хандлага болгож ашиглах зорилт тавьж байна. Энэхүү чиг хандлагад Энэтхэг улсын оролцоо боломж их бий гэж бид үздэг. Мөн цөмийн эрчим хүчний салбарыг хөгжүүлэх, энэ чиглэлийн нөөц баялгийг хамтран ашиглах, хөрөнгө оруулахыг хүсч хүлээж байдаг” гэлээ.

 

Эрхэмсэг хатагтай Мейра Кумар Монгол оронд зочлохыг урьж, халуун дотноор хүлээн авч хүндэтгэл үзүүлсэнд нь УИХ-ын даргад талархал илэрхийлээд “Эрхэм дарга Та 2700 гаруй жилийн түүхтэй хоёр орны харилцааны талаар онцлон дурьдлаа. Манай хоёр орон газар нутаг хол ч гэлээ дотно сэтгэлийн хувьд ойрын хөршүүд билээ. Хоёр ороdemberel_darga_vizit_copyн, ард түмнүүдийн харилцааг ойр дотно байхад буддын шашин, санскрит хэл хоёр гол үүрэг гүйцэтгэсэн гэж би боддог” гэлээ.

 

Монгол, Энэтхэгийн шинэ үеийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа нь 1994 онд Монгол Улсын Ерөнхийлөгч БНЭУ-д айлчилж найрсаг харилцааны баримт бичигт гарын үсэг зурсан тэр үеэс эхэлсэн гэж боддог тухайгаа хатагтай Мейра Кумар хэлээд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өнгөрсөн оны сүүлчээр Энэтхэг улсад хийсэн албан ёсны айлчлал нь хоёр орны харилцааг иж бүрэн түншлэлийн хэмжээнд хүргэсэн чухал ач холбогдолтой үйл явдал болсныг онцлов. Хоёр орны харилцааг ийм өргөн хүрээнд өргөжүүлэхэд парламент хоорондын харилцаа чухал үүрэг гүйцэтгэснийг тэрбээр дурьдаад парламент нь ард түмний үзэл бодлын ялгаа, байр суурийг төлөөлж нэгтгэж байдаг, ард түмний төлөөлөл учраас парламент хоорондын харилцааг өргөжүүлэх нь ард түмнүүдийн харилцаанд ихээхэн ач холбогдолтойг онцлов.

 

Хатагтай Мейра Кумар өнгөрсөн хугацаанд хамтын ажиллагааны харилцааны дагуу УИХ-ын Тамгын газрын ажилтнуудыг сургалтад хамруулж байсан уламжлалаа өргөжүүлж, сургалтад хамрагдах ажилтны тоог нэмэгдүүлэх боломжтой, мөн парламентын байнгын хороод, гишүүдийн хооронд харилцан санал бодол, мэдээлэл солилцох арга хэмжээг тогтмолжуулах саналтай байгаагаа УИХ-ын даргад дуулгалаа. Түүнчлэн хоёр орны худалдааг өргөжүүлэх, уул уурхайн салбараас гадна хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах ихээхэн боломж нөөц байгааг дурьдав.

 

Энэтхэгийн парламентын тэргүүн 2001 онд Монгол Улсад айлчилснаас хойш есөн жилийн дараа ийнхүү айлчилж буйдаа сэтгэл нэн таатай байгаагаа хатагтай Мейра Кумар илэрхийлээд “Өнгөрсөн есөн жилийг бид алдсан гэж үзэхгүй байна. Учир нь энэ хугацаанд хоёр орны харилцааны түүхэнд олон чухал үйл явдал болж, өнгөрсөн цаг хугацааны энэ орон зайг нөхсөн гэж бодож байна” гээд УИХ-ын даргыг энэ оны арванхоёрдугаар БНЭУ-д албан ёсоор айлчлахыг урилаа. Мөн өчигдөр монгол айлд зочлон залуухан гэр бүлийн амьдралтай танилцан цагаан идээ, айраг, ямааны сүү амсч, бэсрэг наадам, урлагийн тоглолт үзэж, төлөөлөгчдийн зарим нь морь унаж, нум сумаар харван монгол ахуйтай ойр дөт танилцаж хэзээ ч мардагдашгүй дурсамжтай үлдсэндээ сэтгэл өндөр байгаагаа хэллээ.

 

УИХ-ын дарга уулзалтын төгсгөлд хэлэхдээ, парламент нь ард түмнүүдийн харилцааг ойртуулахад гол үүрэгтэй, тэрчлэн хоёр орны эдийн засаг, соёлын бүхий л харилцааг хөгжүүлэх өргөн боломж байгаа, ялангуяа хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах шинэ боломж нөөц байна гэсэн хатагтай Мейра Кумарын саналыг дэмжиж буйгаа хэлээд монгол залуусыг Энэтхэгт сургах, төрийн албан хаагчдыг орчин үеийн мэдээллийн технологийн сургалтад хамруулах чиглэлд анхаарна гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.

 

Мөн БНЭУ-д айлчлахыг урьсанд нь хатагтай Мейра Кумарт хариу талархал илэрхийлээд хоёр орны болон парламент хоорондын харилцааг өргөжүүлэхэд хоёр талын дээд түвшний уулзалт айлчлалууд ихээхэн түлхэц үзүүлэх талаар эрхэмсэг хатагтайтай санал нэгтэй буйгаа онцлов.

 

Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь МАХН, АН-ын бүлгийн ахлагч Д.Лүндээжанцан, Ч.Сайханбилэг, УИХ дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Д.Одбаяр, тус бүлгийн дэд дарга Р.Гончигдорж, Монгол Улсаас БНЭУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.Энхболд, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, албаны бусад хүн байлцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.