2024.06.14

Монгол Улсыг хөгжүүлэх шинэ үеийн иргэдийг бэлдэхэд хөрөнгө оруулж байна

Хүн эх орондоо болон гадаадад хэрхэн амжилттай болон амжилтгүй амьдрах нь хувь хүний багаасаа авсан гэр бүлийн хүмүүжил, зан чанар, хандлагатай шууд холбоотой. Би хотод төрж өссөн, ХБНГУ-д сурч, амьдарч байгаад ирсэн. Төгсөж ирээд 10 гаруй жил нийслэл хотод ажиллаж, амьдарсан. Энэ хугацаанд эцэг, эхчүүд, хүүхэд залууст хувь хүний хөгжил, хүмүүжлийн талаарх сургалт тогтмол зохион байгуулж, эхнэртэйгээ хамтран энэ чиглэлийн олон ном орчуулан, хэвлэж олон нийтэд хүргэж ажилласан.

Харин Булган аймгийн Хутаг-Өндөр суманд малчин болох, шийдвэр гаргаж ирээд дөрвөн жил боллоо. Гадаад, дотоод, хот хөдөө ялгаагүй, шинэ газар бүр эрсдэл, сорилт,бэрхшээлтэй тулгардаг. Миний хувьд хаана ч амьдарсан хариуцлагатай байж, биеэ дайчилж, хүсэл мөрөөдлөө биелүүлэхийг эрмэлздэг. Үүнээс би эцэг эх, эмээ өвөө хэрхэн хүмүүжүүлсэн, цэцэрлэг, сургууль, их сургуульд сурсан, амьдралдаа үзэж туулсан зүйлс хүнд амьдралын ухаан, ур чадвар суулгаж, төлөвшилд маш гүнзгий нөлөөлдөг болохыг ойлгосон.

Би аав, ээж, эмээ, өвөөдөө эрхэлж өссөн, айлын том хүү. Гэр бүлийн гишүүдийн маань ихэнх нь философич, хүн судлаач мэргэжилтэй, хатуу юм шиг боловч маш их зарчимтай хүмүүсийн дунд өсөж, хүмүүжсэндээ талархаж, бахархаж явдаг. Тэд маань хэлсэн бол хий, чи өөрөө өөрийнхөө амьдралыг бүтээнэ, миний хүү онцгой үнэ цэнтэй шүү гэж хэлж, урамшуулж, зоригжуулж өсгөсөн. Сэтгэл хангалуун, аз жаргалтай амьдрахад энэ бүхэн нөлөөлж байна. Аав ээж минь надад үнэнч шударга, хөдөлмөрч байхыг үлгэрлэж, заагаагүй бол амьдралд хөлөө олохгүй, залхуурч сууж ч мэдэх байсан шүү дээ. 

Би бага байхдаа “боль, чи чадахгүй” гэдэг үгийг сонсож байгаагүй, харин “хийгээд үз, чи чадна” гэдэг үгийг их сонсож өссөн. Энэ нь миний өөртөө итгэх итгэлийг илүү төлөвшүүлсэн байх.

Өнөөдөр зориглож, төлөвлөөд хөдөөг зорьж ирэхэд, багаасаа төлөвшсөн энэ зан чанар нөлөөлсөн. Би хөдөөний амьдралд дуртай гэхдээ монголынхоо хөдөөг сайн мэдэхгүй. Харин Европт суралцаж байхдаа Германы фермер, Италийн усан үзмийн талбай Оросын тосгоны хүмүүсийн хөдөөгийн амьдралтай танилцаж, үүнийг монголдоо хэрэгжүүлэх боломжтой гэсэн төсөөлөлтэй болсон. Тэгээд олон жил төлөвлөж, бэлдэж байгаад Булган аймгийн Хутаг-Өндөр суманд шилжин ирсэн.

Манайх одоогийн байдлаар хонь, ямаа, үхэр, адуу гэсэн 300 орчим толгой малтай. Мөн гахай, тахиа, цацагт хяруултай. Ирэх жилээс тогтмол 200 хонь төллүүлж, 5-6 мэгж тэжээж жилдээ 100-120 гахай бойжуулахаар төлөвлөж байна. Энд амьдраад дөрвөн жил гардан мал, амьтан малласан туршлагадаа үндэслээд, хадлан өвс авах боломж, хөдөлмөрийн чадамж, хуваарилалт гээд олон хүчин зүйлийг бодолцож өрхийн аж ахуйдаа тохируулсан ийм тооцоолол гаргасан юм. Хөдөөд ажиллах хүчний дутагдал ихтэй байдаг, манайх ч бас тогтмол ажиллах хүн олж чадахгүй л байна.

Хөдөө хүмүүс дор бүрдээ өөрсдийн гэсэн мал ахуй, хийх зүйлтэй байдаг болохоор нэг газар тогтмол ажиллана гэдэг хэцүү. Түүнчлэн хүүхдийн мөнгө, бусад халамжийн мөнгөө амьдралын өдөр тутмын хэрэгцээндээ зориулахад нэмэрлэдэг учраас байнгын ажилд орох сонирхол бага байна. Хөдөө орон нутагт малын тэжээл тарих газар олддоггүй, хэрвээ үүнийг шийдэж чадвал малчдад тэжээлээ тарих сонирхол их бий. Баруун Европт төрийн өмчит компани техникээ түрээсэлдэг, хүмүүсийн талбай дээр очоод тэжээл, өвс хурааж, агуулах саванд нь хийж өгөөд төлбөрөө авчихдаг, бүх хүн үнэтэй тоног төхөөрөмжтэй байх албагүй.

Бас хонь хяргаж, ямаа самнаж өгдөг үйлчилгээ бий. Их ажлын үеэр малчид хонио хяргах уу, хонио хариулах уу гэсэн сонголттой тулгардаг, хүн хүч муутай. Ийм учраас хөдөөд малчдын ажлыг хөнгөвчилсөн орчин үеийн шинэ үйлчилгээг нэвтрүүлэх хэрэгцээ шаардлага байна. Манайх 12 сараас 04-р сар хүртэл малаа хашаад, тэжээдэг. Энэ хугацаанд Булган аймгийнхаа сумаар явж, эцэг эхчүүд, багш, сурагчдад зориулсан сургалт зохион байгуулдаг. Манайх таван хүүхэдтэй, бүгдээрээ насанд хүрсэн, их сургуульд сурч, эхнээсээ ажиллаж, бие даан амьдарч байгаа.

Манай гэр бүлд зочилж, туршлага судалъя гэсэн хүмүүс жилдээ 200 гаруй зочилдог. Ирсэн хүмүүсийг хүлээж авч, хоол цайгаар дайлж, хөдөөний амьдралаас ойлгож сурч байгаа зүйлээ хуваалцаж, аж ахуйгаа танилцуулдаг. Манай сургалтад суух, аж ахуй дээр ирж танилцаж, суралцах сонирхолтой хүмүүс их байгаа болохоор цаашдаа Өрхийн аж ахуйн сургалт, дадлагын төв байгуулах хүсэлтэй байна. Ийнхүү эцэг эхчүүд үр хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх талаар анхаарч, Монгол ахуй соёлоо зааж сургаж, гэр бүлээрээ цаг гаргаж, байгалийн сайханд амарч суралцсанаараа гэр бүл доторх харилцаа улам бэхжиж, өв тэгш бие хүн болж төлөвшихөд нь үр хүүхдэдээ илүү сайн тусалж чадна гэж бодож байна.

Манай улсын хөгжил, хувь хүний хөгжлөөс шууд хамаарна. Үүнд хөрөнгө оруулалт хийхээр миний гэр бүл нэг зорилго, тэмүүлэлтэй ажиллаж амьдарч байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn