ГАДААД УЛСАД БАЙГАА ИРГЭД САНАЛАА ӨГЧ БАЙНА
2024.06.21

ГАДААД УЛСАД БАЙГАА ИРГЭД САНАЛАА ӨГЧ БАЙНА

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар гадаад улсад байгаа иргэд (2024.06.20)-ны өдрийн 07.00 цаг (тухайн улсын орон нутгийн цаг)-аас саналаа өгч эхэллээ.

Гадаад улсад байгаа 13095 иргэн сонгуульд саналаа өгөхөөр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлсэн. Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэдсэн сонгогч 2024 оны 6 дугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд 07:00-22:00 цагийн хооронд /тухайн улсын орон нутгийн цагаар/ саналаа өгөхөөр бүртгүүлсэн тухайн Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт байрлах санал авах байранд гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэхтэйгээ биечлэн очиж саналаа өгнө.


 Сонгогчдын төлөөлөл Мөнхбатын Энхцэлмэг сэтгэгдлээ ирүүллээ. Тэрбээр "Би 18 настай. Анх удаа сонгуульд саналаа өгч байна. Осака хотын ахлах сургуульд суралцдаг.Өглөө босоод дээлээ өмсөөд гарсан чинь Монголдоо явж байгаа юм шиг санагдсан. Сонгууль анх удаа өгөхөд маш сайхан санагдлаа. Өглөө Төрийн дууллаа сонсоод анхны сонгогч болсондоо маш их баярлаж байна. Үеийнхэндээ сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэж уриалмаар байна" гэв.