НАЛАЙХ ДҮҮРЭГТ 270 МВт ХҮЧИН ЧАДАЛТАЙ ДУЛААНЫ СТАНЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 2025 ОНД ЭХЭЛНЭ
2024.06.24

НАЛАЙХ ДҮҮРЭГТ 270 МВт ХҮЧИН ЧАДАЛТАЙ ДУЛААНЫ СТАНЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 2025 ОНД ЭХЭЛНЭ

Сонгуулийн сурталчилгааны энэ өдөр Налайх дүүргийн 5, 6 дугаар хорооны иргэд, сонгогчидтой уулзлаа. Налайх дүүргийн 5 дугаар хороонд улсын төсвийн 9,7 тэрбум төгрөгөөр 640 хүүхдийн багтаамжтай сургууль баригдаж байгаа бөгөөд ирэх 2025 онд ашиглалтад орно.

Түүнчлэн 5 дугаар хорооны Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 74 дүгээр байрын 33 айлын орон сууцыг айл өрхүүдэд нь хувьчлах асуудлыг 2023 онд Засгийн газрын тогтоолоор шийдвэрлүүлсэн нь иргэдийн талархлыг хүлээжээ.

Өнгөрсөн дөрвөн жилд улс, нийслэлийн төсвөөр хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаас онцолбол, 5 дугаар хорооны “Гандан уул” хэсгийн цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх, Уурын зуухны хүчин чадлыг нэмэгдүүлэх, Ус түгээх ухаалаг байр, “Гандан амны” хүүхдийн тоглоомын талбайн тохижилт зэрэг иргэдийн амьдралд ойр ажлууд хийгджээ.

Тэгвэл Налайх дүүргийн 6 дугаар хороонд “Тэрэлж сүйх” ХХК-ийн урдаас Шилжрээ хүртэл 2,2 км авто зам тавьсан. Мөн Өрхийн эрүүл мэндийн төв, Цагдаагийн тасагт туулах чадвар сайтай автомашинаар парк шинэчлэл хийж, Тэрэлж шугуйн хэсгийн үерийн даланг мэргэжлийн байгууллагаар засварлуулсан бол Тэрэлжийн хэсэгт 168 хүүхдийн суудалтай сургууль, 100 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилга баригдаж байна.

Цаашид шинэ суурьшлын бүсийн цахилгаан хангамжийг шийдэх, төлөвлөлтгүй газар олголтыг цэгцлэх, аялал жуулчлалын бүсэд Тусгай хамгаалалттай газрын гэрчилгээ сунгах зэрэг асуудлыг шийдэж өгөхийг иргэд, сонгогчид хүсэж байлаа. Налайх дүүрэгт ирэх жилээс 270 МВт хүчин чадалтай Дулааны станцын бүтээн байгуулалт эхлэх учраас дүүргийн шинэ суурьшлын бүсүүдийн цахилгааны асуудал шийдэгдэнэ.