Ж.Батсуурь: Шинэ Зуунмод хот, Зайсанг Кувейтийн амтай холбох туннелийн цаад талд төрийн байгууллагууд, Засгийн газрын ордныг гаргана
2024.07.27

Ж.Батсуурь: Шинэ Зуунмод хот, Зайсанг Кувейтийн амтай холбох туннелийн цаад талд төрийн байгууллагууд, Засгийн газрын ордныг гаргана

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь ирэх дөрвөн жилд баримтлах бодлогын талаараа ярилаа.

Барилга, Хот Байгуулалтын Яам нь Шинэ засгийн газрын бүтцээр Хот Байгуулалт, Барилга, Орон Сууцжуулалтын Яам нэртэй болсныг тодотгосон юм.

Тэрбээр "Барилгын салбар 100 жилийн түүхтэй салбар. Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлдэг. Энэ нь тусгай зөвшөөрлийн асуудал, норм, норматив, боловсон хүчний сургалт зохион байгуулах зэрэг юм.

Ирэх дөрвөн жилд хот байгуулалт, барилга, орон сууцжуулалт үсрэнгүй хөгжинө гэж бодож байна. Зайсангийн амыг Кувейтийн амтай холбох туннель барих, метро, хурдны галт тэрэг, LRT-тай болох, Хөшигийн хөндийд шинэ Зуунмод, Хархорум хотыг байгуулах, улсын болон орон нутгийн чанартай хотуудыг байгуулж орон сууцжуулна. 

Тухайлбал дөрвөн жилийн хугацаанд Засгийн газрыг Улаанбаатар хотоос гаргана гэж төлөвлөж байна. Хөшигийн хөндийг дагасан шинэ Зуунмод хот, Зайсангийн амыг Кувейтийн амтай холбох гүүрний цаад талд төрийн байгууллагууд, Засгийн газрын ордныг гаргавал төв рүү ирж байгаа түгжрэл сарнина.

Хөшигийн хөндийд бууж байгаа зорчигчийн урсгалыг нийслэл рүү ирүүлэхгүйгээр орон сууцны хороолол, цэвэрлэх байгууламж, үйлчилгээний байгууллага бүхий хотыг дагасан хотуудыг бий болгоно.

Том зургаар нь авч үзвэл Улаанбаатарыг тэлж хуучин Буянт-Ухаа, Өлзийт хороолол, Хөшигийн хөндий хот, Майдар хотыг дагуулаад Налайхын замаар Амгалан өртөө зэргийг хамруулж Богд уулыг тойрсон хотуудыг байгуулна.

Харин хойд талаараа Амгалангаас Толгойт хүртэл том, том уулуудыг нүхлэх, давуулах зэргээр Чингэлтэй, Хайлааст, Баянхошууг хамарсан том тойрог үүсгэнэ. Ингэснээр хотын төвд байгаа орон сууцны үнэ буурах, төв рүү чиглэсэн хөдөлгөөн багасна. Эдгээр бүтээн байгуулалтыг хийх зардлыг төсвийн тодотголд тусгаж, энэ зун, намар эхлүүлнэ.

Аймаг, сум, хотод амьдарч буй иргэдийн амьдралын чанарыг ижил төстэй болгох бодлого баримтална. Ингэснээр утаа, стресс, түгжрэл, авлигал, хээл хахууль, төрийн дарамтыг арилгана гэж харж байгаа" гэв.

Төрөөс 21 аймаг болон 5,000-аас дээш хүн амтай сумыг орон сууцны дэд бүтцээр хангах бодлого барих бөгөөд энэхүү дэд бүтцэд тулгуурлан хувийн байгууллагууд орон сууц барих боломж бүрдэх аж.