Хөтөл “Цемент шохой” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа
2024.08.04

Хөтөл “Цемент шохой” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Цэвэгдоржийн Туваан, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яамны холбогдох албан тушаалтнууд оролцож тус компанийн үйл ажиллагаа, хэтийн төлөв, тулгамдаж буй асуудлуудтай танилцаж, санал солилцов.Хөтөл “Цемент шохой” ХХК-д 800 гаруй мэргэжилтэн, боловсон хүчин ажиллаж байгаа бөгөөд түүний 70 гаруй хувийг 35-40 насны залуучууд эзэлж байгаа аж. Хөтөл “Цемент шохой” ХХК нь байгуулагдсан цагаасаа эхлэн 40 гаруй жил Монгол Улсын эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулан Монгол Улсын барилгын материал үйлдвэрлэлийн төв байх алсын хараатайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Хөтөл цемент шохой ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баттүвшин уулзалтын эхэнд компанийнхаа үйл ажиллагааны талаар танилцуулж, өртөг зардлаа бууруулж, худалдан авах ажиллагааг танан ажиллаж байгаа талаар онцлон дурдав. Улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа бүтээн байгуулалтууд ТӨҮГ-ынхаа үйл ажиллагааг дэмжиж, улсынхаа чанар, стандартын шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг худалдан авалт хийхэд Засгийн газрын зүгээс бодлогын түвшинд анхаарч ажиллахыг салбарын сайдад уламжлав.

Цементийн худалдан авалт, нийлүүлэлтийг нэг эх үүсвэрээр нийлүүлэх, хангахад бодлогын түвшинд дэмжиж ажиллах нь эдийн засгийн ач холбогдолтой байгааг тэмдэглэв. Тус компанийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж 40 гаруй жил ашиглагдсан тул орчин үеийн стандарт, шаардлагад нийцүүлэн шат дараатайгаар солих, шинэчлэх асуудал бодитоор тулгамдаж байна гэв. Ингэснээр бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжтой юм.

Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан “Цемент шохой” ХХК-ийн нөхцөл байдалтай танилцаж, Засгийн газрын түвшинд харилцан уялдаа холбоог хангаж, ТӨҮГ-ын үйл ажиллагааг дэмжин ажиллахаа илэрхийлэв.