2024.08.18
12 улс, 21 аймгийн нийт 1400 гаруй өвлөн уламжлагч оролцож, 167 500 гаруй дотоод, гадаадын жуулчин үзэж сонирхлоо
Нүүдлийн ахуй амьдралын хэв маяг, соёлын биет бус өвийг дэлхий дахинд таниулах, түгээн дэлгэрүүлэх, нүүдлийн соёл иргэншил бүхий орнуудын соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх, соёлын өвийн өвөрмөц байдлыг сурталчлахаас гадна соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой “НҮҮДЭЛЧИН” дэлхийн соёлын фестиваль Налайх дүүргийн “Тайж” хайрханы бэлд гурван өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Энэ удаагийн нүүдлийн соёлын дахин давтагдашгүй мөн чанарын илэрхийлэл болсон соёлын биет бус өвийн долоон ай савд багтах өв соёлын зүйлсийг дэлгэн сонирхуулж, дээжлэн үзүүллээ. Наадамд Монгол орны дөрвөн зүг найман зовхис, 21 аймгаас хүрэлцэн ирсэн 1300 гаруй өв тээж, өвлөн уламжлагчид, дэлхийгээр тархан сууршсан нүүдлийн соёлын олон янз байдлыг зэрэгцүүлэн үзүүлж, таниулан сурталчилахаар 12 орны 150 орчим өв тээгчдийн төлөөлөл хүрэлцэн ирж, үндэстэн угсаатны язгуур өв соёл, билэг авьяасаа сорин, үзэгч түмнээ бахархан гайхуулсан юм.
Дэлхийн соёлын фестивалийг үзэн сонирхох иргэдэд отог, өртөө бүрээр зочлон өв соёлтойгоо танилцах, үзүүлэн тоглолт үзэж сонирхох, соёлын үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүн худалдан авах, хүүхэд багачууд гэр бүлд зориулсан соёлын боловсролын хөтөлбөрүүдэд хамрагдаж, амтат хоолоор үйлчлүүлэх боломжийг олгосноороо онцлог болсон юм. Мөн сур, шагайн харваа, үндэсний бөхийн барилдаан зэрэг олон талт арга хэмжээ, үндэсний хоол, контемпорари уран бүтээлчдийн үзэсгэлэнг үзэж сонирхлоо.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан