Д.Дэмбэрэл: Улсын Их Хурлаас баталсан хууль, шийдвэр, хөтөлбөрүүдийг бодитой ажил болгохоос их зүйл шалтгаална
2010.07.15

Д.Дэмбэрэл: Улсын Их Хурлаас баталсан хууль, шийдвэр, хөтөлбөрүүдийг бодитой ажил болгохоос их зүйл шалтгаална

-Улсын Их Хурлын 2010 оны хаврын ээлжит чуулганыг хааж Улсын Их Хурлын
дарга Д.Дэмбэрэлийн хэлсэн үг-

Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ,

Улсын Их Хурал 2010 оны хаврын ээлжит чуулганаа өндөрлөх гэж байна. Хаврын чуулганаар бид 130-аад хууль, шийдвэрийн төсөл хdemberel_05элэлцэж батлав. Эдгээр хэлэлцсэн асуудлуудын дотор улс орны хөгжил, хүн амын амьдралд үлэмж нөлөөтэй олон чухал хууль, бодлогын баримт бичгүүд багтаж байна.

Энэ удаагийн чуулганаар “Шинэ бүтээн байгуулалт”, “Монгол мал” үндэсний хөтөлбөр, Төмөр замын талаар баримтлах бодлого, Таван толгойн орд газрыг ашиглаж бүтээлч, далайцтай ажил өрнүүлэх томоохон шийдэлд бид хүрлээ. Эдгээр төсөл, хөтөлбөрүүдэд тусгагдсанаар Засгийн газар 2 жилийн дотор 1100 км төмөр зам тавьж, жил бүр 2-3 их наядаар тооцогдох хөрөнгө оруулалтаар Улаанбаатар, аймгийн төв, бусад суурин газарт орон сууц барих, хатуу хучилттай засмал зам тавих, цахилгаанжуулах, нийслэлийг утаагүйжүүлэх ажлыг зохион байгуулах юм. Мөн ойрын үед нүүрс олборлолтыг шат дараатай нэмэгдүүлж жилд 20-30 сая тоннд хүргэх зорилт тавьж байна. Үүний цаана орчин үеийн иж бүрэн тоноглол бүхий нүүрсний томоохон уурхай, боловсруулах үйлдвэрүүд, орон сууц, нийгэм соёлын бүхэл бүтэн цогцолборууд баригдах юм. Үндэсний компаниудаа дэмжин Таван толгойд хөрөнгө оруулах, хувьцаа эзэмших, үр бүтээлтэй ажиллах боломжийг олгохуйц эрх зүйн үндсийг тавьлаа. Нэг үгээр хэлбэл Таван толгой, Оюу толгойн ордыг тойрсон хоосон маргаанаас бодит ажилд шилжих боломж бүрэн нээгдлээ. Үндэсний компани аж ахуйн нэгжүүдэд олборлож, боловсруулсан бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд үнэ хүргэж борлуулах, бас зах зээл, хэрэглэгчээ олж, тээвэрлэлтийг зохицуулах, энэ бүх ажлыг явуулах хөрөнгийн эх үүсвэрийг олж босгох хариуцлагатай бөгөөд том зорилт ноогдож байна.

Хүний хөгжил сангийн хуулиар ашигт малтмалын стратегийн ордыг эргэлтэнд оруулсны орлогоос нөөц ашигласны төлбөр, улсад ногдох хувьцаа, үнэт цаас, урьдчилгааны тодорхой хувийг энэ санд төвлөрүүлж иргэддээ адил тэгшээр хишиг, хувь хүртээхээр үүний өмнө бид шийдвэрлэсэн. Энэ удаа Таван толгойн ордын талаар Улсын Их Хурал шийдвэр гаргахдаа 10 хувьтай тэнцэх хэсгийг Монгол Улсын иргэдэд хувьцаагаар хүртээх боломж олгож байна. Дээр дурдсан хөтөлбөр, зорилт, хийх шаардлагатай ажлын тооцоог Засгийн газар Улсын Их Хуралд төлөвлөн оруулсан болохоор хэрэгжих үндэстэй гэдэгт бид итгэж байна. Энэ бүхэн хамтарсан Засгийн газрын ажиллах чадамж, хариуцлагын шалгуур болох  нь ойлгомжтой.

Уул уурхайн аж үйлдвэрийг цаашид хөгжүүлэхэд ахиц дэвшил гаргах бодлогын өөр нэг асуудлыг бид зэс хайлуулах үйлдвэр байгуулах тухай шийдэл гэж үзэж байна. Улсын Их хурал тогтоол гарган энэ ажлыг эхлүүлэх хугацааг тогтоож өгсөн. Ер нь ашигт малтмалыг хөдөлмөр, өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгон экспортлохыг улс орны нэн чухал зорилт болгон тавьж байна. Зэсийн баяжмалаас цэвэр зэс, алт, бусад ховор металлыг ялган авах нь эдийн засгийн ихээхэн өгөөжтэй. Улмаар орчин үеийн цахилгаан тоног төхөөрөмж, түүний эд анги үйлдвэрлэх, нүүрсийг баяжуулах болон коксжуулах, өөрийн орны төмөрлөгийн түүхий эд болгон ашиглаж үйлдвэрлэлийн төрөл, цар хүрээг өргөтгөж чадвал Монгол хүний ажлын байр нэмэгдэнэ. Ийнхүү боломжийг орхигдуулан олон жилийг өнгөрөөлөө.

Улирлын нөхцөл байдлаас улбаатай махны илүүдэл хомсдолын аль алинаас нь шалтгаалсан үнийн өсөлт, бууралт гарч байна.  Энэ байдлаас ангижрах арга бол мал аж ахуйн гаралтай түүхий эдээ орчин үеийн үйлдвэрийн аргаар боловсруулах явдал билээ. Малыг эрүүлжүүлэх, үүлдэр угсааг сайжруулах нь саяхан бидний баталсан “Монгол мал” хөтөлбөрийн үндэс юм. Үүнээс дутахгүй чухал ач холбогдолтой бидний баталсан нэгэн баримт бичиг бол өндөр технологийн талаар төрөөс баримтлах бодлого юм. Технологиор уралдах болсон өнөө үед энэ нь цаг үеэ олсон шийдвэр гэж үзэж байна.

Бид монгол хүн бүрийг ажилтай, орлоготой байлгах нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа ч өнөөдөр иргэдийн нийгмийн асуудал хүндэрч урьд урьдынхаас илүү их анхаарал татаж байна. Ажилгүйдэл тууштай буурахгүй, иргэдийн амьжиргааны түвшин доогуур байгаад Улсын Их Хурлын гишүүд Та бид зохих дүгнэлт хийж, нэгдсэн ойлголтод хүрсэн гэж бодож байна. Хүний амьжиргааны баталгаажих доод түвшинг сард 101,6 мянган төгрөг байхаар Үндэсний статистикийн хорооноос тогтоожээ. Гэтэл цалингийн доод хэмжээ сард 108 мянган төгрөг, дундаж тэтгэвэр 96  мянган төгрөг байна. Нийт тэтгэвэр авагчдын 50 хувийг эзэлдэг 140 мянган хүний бүрэн тэтгэврийн доод хэмжээ 81 мянган төгрөг, 42 мянган хүний амьдралын үндэс болсон халамжийн тэтгэвэр сардаа дөнгөж 41 мянган төгрөг байна. Зонхилох иргэдийн амьжиргаа амьжиргааны баталгаажих доод түвшингээс доогуур оржээ. Нөхцөл байдлыг харгалзан Улсын Их Хурал, Засгийн газраас төрийн албан хаагчдын цалин, өндөр настны тэтгэврийг 10 дугаар сарын 1-нээс 30 хувь нэмэгдүүлэхээр төсөвт тодотгол хийв. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн талаар нэмэлт арга хэмжээ авлаа. Алдарт эх одонгийн нөхцлийг хөнгөлж, дагалдах мөнгийг нэмэх шийдвэр гаргалаа. Гэхдээ иргэдийн амьжиргааны байдалтай харьцуулахад эдгээр арга хэмжээ нь хангалттай бус гэдэг нь хэнд ч ойлгомжтой. “Халамж хавтгайрсан” гэх буюу иргэдэд төсвөөр хуваарилах туслалцааг хумих, урьд нь хүрсэн түвшингээс нийгмийн халамжийг бууруулах гэсэн элдэв арга саам, оролдлого ашиггүй болох нь бодит тооцоо ийнхүү харуулж  байна. Ийм учраас 2011 оны төсвөөр хүн амын нийгмийн хамгааллын нэмэлт арга хэмжээг авах шаардлагатай гэж үзэж байна.

Засаг захиргааны бүх байгууллагууд зардал ихтэй үрэлгэн байдлыг хумиж, орлого хуримтлуулах чамгүй нөөц боломж бидэнд байна. Төсөвт зардлыг хэмнэхэд зайлшгүй гэж үзэх захиргааны шинэчлэлийг хойш тавьсаар өдий хүрлээ. Төсөв хэлэлцэх бүрд уг асуудлыг ярьж, ярих бүрдээ Улсын Их Хурал тогтоолоор Засгийн газарт үүрэг өгчээ. Саяхан төсөв хэлэлцэхдээ захиргааны зардлыг 6 тэрбум төгрөгөөр буурууллаа. Удирдлагын шат дамжлага, давхардлыг арилгаж, үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлж, засаглалын байгууллагууд чадварлаг ажиллах, хариуцлагын зөв тогтолцоог бүрдүүлэх нь чухал зорилтын нэг хэвээр үлдэж байна.

Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчид болох аймаг, нийслэлийн Засаг дарга нарын зүгээс хууль хэрэгжүүлэх ажил сул гэж дээрээс үзэж байхад, доороо эрх мэдлийн “хомсдол”-д орсноос ажил явуулах боломжгүй гэж тайлбарлан бие бие рүүгээ хариуцлагаа түлхэдэг дутагдлыг нэн даруй засах шаардлагатай байна. Нэгдсэн төсвийн хууль, төсвийн удирдлага санхүүжилтийн хуулийг бүхэлд нь авч үзэж төвлөрлийг сааруулах, нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагууд үр бүтээлтэй ажиллах боломж олгохуйц бодлого зохицуулалтын арга хэмжээг авах болно. Энэ удаагийн чуулганаар төсвийн тогтвортой байдлыг хангах тухай хууль батлан гаргасан нь энэ талаархи чухал алхам болсон. Сумын хөгжлийн санд зориулан дунджаар нэг суманд 70 орчим сая, нийтдээ 24 тэрбум төгрөгийг энэ удаа төсөвт тусгав. Ирэх оны төсвөөр энэ хэмжээг сум бүрд нэмэх боломжтой гэж Улсын Их Хурлын гишүүд үзэж байна. Хөдөөд хөгжил, ажлын байр нэн шаардлагатайг бид сайн ойлгож байна.

Улсын Их Хурлаас баталсан хууль, шийдвэр, хөтөлбөрүүдийг бодитой ажил болгохоос их зүйл шалтгаална. Шат шатандаа санаачилга гарган хяналт, хариуцлагыг өндөржүүлье. Ядуурал, ажилгүйдэл, дэг журамгүй байдал гээд бидний сэтгэлийг зовоосон олон асуудал хэвээр байна. Санхүү, эдийн засгийн хямралд нэрвэгдсэн нөхцөл байдал дээр суурилсан нийгмийн бухимдал, дургүйцлийг далим болгож, төрийн нэр хүндийг гутаах гэсэн оролдлогыг янз бүрийн түвшинд санаатай, санамсаргүй зохион байгуулах боллоо. Монгол төрийн нэр хүндийг унагавал улс сульдан доройтно гэдгийг иргэн бүр сайтар тунгаан бодох нь оюун санааны хийгээд энгийн ухамсрын түвшинд анхаарах асуудлын нэг мөн.

Сүүлийн жилүүдэд хуримтлагдсан нийгмийн баялгийн зохистой бус хуваарилалт, авлигын тархалт, шударга бус байдлаас үүдэлтэй зохисгүй олон үр дагаварын хар сүүдэр өнөөдрийн Улсын Их Хурал, Засгийн газар дээр ч тусч байна. Ийм болохоор Улсын Их Хурлын гишүүд бид илүү их хариуцлагатай, санаачлагатай ажиллах шаардлагатай юм. Сонгогчдынхоо итгэлийг дааж ажиллах талаар гишүүд бид өөрсддөө дүгнэлт хийх нь зүйтэй.  Улс оронд бүх юм болж бүтэхгүй байгаа мэтээр явуулдаг суртал нэвтрүүлэгт бид автах ёсгүй. Ийм нөхцөл байдлын үед бид Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинэчлэн баталлаа.

Сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр 2008 оны сонгуулийн дараачаас эхлэн ажилласан билээ. Сонгууль сонгочдын итгэл үнэмшил дээр бус мөнгөн дээр явагддаг нь нууц бишээ. Элдэв булхай луйвар, хяналт, хариуцлагын тогтолцооны гажигтай талуудыг нэн даруй засах нь чухал. Сонгуулийн хууль юуны өмнө иргэдэд ойлгомжтой, иргэдийн болон орон нутгийн төлөөллийг хангахуйц байх нөхцлийг бүрдүүлэх ёстой. Сонгогчдын санал Улсын Их Хурлын суудалд бүрэн тооцогдож, санал тоолох, дүнг гаргах үйл явц нь хэнд ч ойлгомжтой ил тод, эцэстээ маргаан гарч сонгогчдын итгэл алдарсан байдалд хүргэхгүй байхаар Улсын Их Хурлын сонгуулийн хуулийг батлах зорилт тавьж байна.

Үндсэн хуулиас эхтэй төрийн төв болон орон нутгийн  байгууллагад учирч буй бэрхшээлийг олж харахгүй, бүх юм болж байгаа мэтээр хандах аргагүй байна. Улсын Их Хурлаас ажлын хэсэг гарч, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн төслийг боловсрууллаа.

Орчны бохирдолт, цөлжилт, хуурайшилт, байгалийн тэнцэл алдагдах, усны нөөц хомсдохоос урьдчилан сэргийлэх, агаарын бохирдлыг арилгах, ховордсон ан, амьтдыг хамгаалахтай холбогдсон багц асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэж шийдвэрлэлээ. Бичил уурхайн тухай хууль ч мөн энэ шаардлагын үүднээс батлагдсан юм. Байгаль орчин, ан амьтанд учруулсан хохирлыг заавал нөхөн төлүүлж байхаар тогтож, иргэд энэ талаар нэхэмжлэл гаргах эрхтэй боллоо. Байгалийн тэнцэл алдагдвал улс үндэстэн төдийгүй, дэлхий ертөнц оршин тогтнох уу, үгүй юу гэдэгт хүрнэ. Монголчууд бид байгаль экологийн гамшгийг байнга амсдагийн хувьд илүү мэдрэмжтэй хандаж хамгаалалтын арга хэмжээг эрх зүйн түвшинд авч байна. Алт эдлэхгүйгээр хүн зуу наслаж болох ч, аяга ус уухгүйгээр өдрийн насыг ч авч чадахгүй гэдгийг санавал эдгээр хууль, хөтөлбөрийн цаана ямар их утга учир, ач холбогдол оршиж байгааг иргэд ойлгох бизээ.

Хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудал 67 хувийн биелэлттэй байна. Бидний төлөвлөснөөс төлөвлөөгүй хэлэлцсэн асуудлын тоо даруй 3 дахин давжээ. Хууль санаачилагчдын санал болгосон бараг бүх асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэж болохоор байна.

Улсын Их Хурал амлалтын гэмээр  жагсаалтаар ажиллах бус бодитой, зайлшгүй шаардлагатай бодлого, хууль, шийдвэрийн төслийг хэлэлцэн баталж, харин биелэлтэнд нь үр өгөөжтэй хяналт тавьж ажиллах хэрэгтэй байна. 

Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Их Хурлын 2010 оны хаврын ээлжит чуулганы ажиллагаа өндөрсөнийг  мэдэгдье.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.