Ядуурлыг бууруулахад хамтран ажиллана
2024.08.27

Ядуурлыг бууруулахад хамтран ажиллана

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Ази номхон далайн бүсийн захирал Канни Вигнаража, Монгол дахь суурин төлөөлөгч Матилда Димовска тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын зүгээс өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Засгийн газартай хэрэгжүүлж ирсэн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтын ажиллагаанд талархал илэрхиийлж, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан нийгэм, эдийн засгийн ногоон хөгжлийг дэмжих бодлогын арга хэмжээний талаар санал солилцлоо. Ялангуяа энэ хүрээнд пассив технологи, карбон кредитийг нэвтрүүлэх асуудал чухал болохыг онцлон дурдав.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Засгийн газрын зорилт, үйл ажиллагааг олон улсын арга аргачлал, жишигт нийцүүлж, нутагшуулахад мэргэжлийн түвшинд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ. Талууд цаашид хүний хөгжлийн үзүүлэлтийг сайжруулах, ядуурлыг бууруулах арга аргачлалыг боловсруулах, ногоон зээл, санхүүжилтийг төрөлжүүлэх болон техник технологи, инновацийн асуудлыг ногоон шилжилтийн бодлогод тусгах чиглэлээр хамтран ажиллаж, техник туслалцааны төсөл хэрэгжүүлэхээр тохиролцлоо.