Тяньжинчууд Улаанбаатарт хөрөнгө оруулна
2010.07.28

Тяньжинчууд Улаанбаатарт хөрөнгө оруулна

towe(Өглөөний сонин)- БНХАУ-ын Тяньжин хотын Улстөрийн зөвлөлдөх зөвлөлийн дарга Син Юань Мин тэргүүтэй улстөр, бизнесийн хүрээний 40 гаруй төлөөлөгч манай улсад айлчилж байна.

БНХАУ-ын Тяньжин хотын төлөөлөгчид өчигдөр Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг болон нийслэлийн удирдах ажилтнуудтай уулзах үеэрээ эдийн засаг, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. БНХАУ-ын Засгийн газар Тяньжин хотыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын онцгой бодлого явуулдаг. Улаанбаатар хот тус хотын давуу талыг ашиглаж, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх концепцийг хоёр хотын хэлэлцээрт суулгахаар уулзалтын үеэр ярилцлаа. Түүнчлэн Тяньжин нь манай улсын хувьд далайд гарах хамгийн дөт гарц. Энэ оны эхний таван сарын байдлаар 90 сая ам долларын бараа эргэлт Тяньжинаас Монгол руу орсон талаар ноён Син Юань Мин дурдав.

Хамтын ажиллагаа зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй, цаашид Монгол улс, Улаанбаатар хотод ямар хөрөнгө оруулалт хийж болох, мөн боловсруулах болон технологийн үйлдвэрлэл байгуулах талаар сонирхохоор ирсэн гэдгээ төлөөлөгчдийн тэргүүн илэрхийллээ.

Улаанбаатар хот 1992 онд Тяньжинтай ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосон бөгөөд өнгөрсөн оны аравдугаар сард тус хотод «Улаанбаатар төлөөлөгчийн газар»-аа нээжээ. Тус газар нь Тяньжин хотод Улаанбаатарыг төдийгүй Монгол улсаа төлөөлөх аж. Ингэснээр хоёр хотын хамтын ажиллагаа улам сайжрах боломж бүрдэх юм байна.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.