“Дэлхийн Энхтайванч 1000 эмэгтэй” үзэсгэлэн нээлтээ хийлээ
2010.08.25

“Дэлхийн Энхтайванч 1000 эмэгтэй” үзэсгэлэн нээлтээ хийлээ

“Дэлхийн Энхтайванч 1000 эмэгтэй”-н амжилтыг харуулсан үзэсгэлэн дэлхийн 30 гаруй улс оронд аялаад Монгол Улсад хүрэлцэн ирж өнөөдөр нээworld_womenлтээ хийлээ.

Энэхүү үзэсгэлэнгийн монгол дахь үйл ажиллагаа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, “Энхтайвны төлөө” дэлхий нийтийн эмэгтэйчүүдийн, тэр дундаа монгол эмэгтэйчүүдийн үйлсийг дэмжиж мэндчилгээ явууллаа.

Уг мэндчилгээнд:“Дэлхийн аль ч улс гүрэнд тухайн орны эмэгтэйчүүд хүний эрх, эрх чөлөөг чандлан сахих, байгаль орчныг хамгаалах, энх амгалан амьдралыг тогтоох үйлсэд үлэмж хувь нэмэр оруулж, нийгмийн шударга ёсны төлөө цуцашгүй тэмцэгчид байж чаддаг билээ. Улс орон бүхэнд нэгэн зорилгын төлөө тэмцэж яваа эдгээр эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон 1000 эмэгтэйчүүд Нобелийн Энхтайвны шагналд нэр дэвшиж байгааг миний бие талархан дэмжиж байна.

Тэдгээрийн дотор хүний эрх, иргэний нийгмийн харилцаа, хүрээлэн буй орчин, эрүүл мэнд, боловсролын салбарыг хөгжүүлэхэд амжилт гаргаж яваа Монголын 9 эмэгтэй багтаж байгаа нь Монголын эмэгтэйчүүдийн бахархам гавьяаг илтгэсэн үйл явдал болж байна.

Эх хүн үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө бүхнийг зориулдаг учраас хүмүүний жам ёсны эрхийг хэнээс ч илүү мэдэрч, шударга ёсыг сахин хамгаалах үйлсэд хоёрдмол сэтгэлгүй зүтгэж чаддаг. Тиймээс ч тэд иргэдийн тэгш эрх, энх амгалан амьдрал, аюулгүй орчинг бүрдүүлэхийн төлөө саад бэрхшээлийг үл ажран тэмцэж ирсэн билээ. Энэ ч утгаараа Монголын ардчиллын хөгжилд эмэгтэйчүүд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан бөгөөд цаашид ч иргэний нийгмийг цогцлоон бүтээх үйлсэд хөтөч нь байх болно гэдэгт эргэлзэхгүй байна...” гэсэн байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.