Ч.Ундрам: Багшийн цалинг ирэх дөрвөн жилд 1,000 ам.долларт хүргэнэ
2024.11.13

Ч.Ундрам: Багшийн цалинг ирэх дөрвөн жилд 1,000 ам.долларт хүргэнэ

"Багш нарын цалингийн нэмэгдэл зургаан хувь байгааг хэзээ нэмэгдүүлэх" талаар УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ч.Ундрамаас сэтгүүлчид асуулт асуув.

Сэтгүүлчийн асуултад тэрбээр "Аль ч нам эсвэл дөрвөн жилийн хугацаанд хийх ажлаа мөрийн хөтөлбөртөө тусгадаг. Иймд багш нарын цалинг нэмэхийн тулд орлогоо бодитой өсгөх шаардлагатай байна. Тэгэхээр орлогоо нэмэгдүүлэхийн тулд боомтуудаа холбох, мега төслүүдээ эхлүүлэх ажлыг санхүүжилтийг ирэх оны төсөвт тусгаад байна.

Цалингийн зардлыг дагаад нийгмийн даатгалын шимтгэл, татвар жил бүр нэмэгдэж байдаг. Өнөөдөр цалин нэмээд маргааш улс дампуурчихвал яах вэ гэдэг асуудал ард нь яригддаг.

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хөдөө орон нутагт ажиллаж байгаа багш нарт нэмэгдэл өгдөг байдлыг хуулийн хүрээнд шийдсэн. Иймд ирэх дөрвөн жилийн хугацаанд багш нарын цалинг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана.

Эдийн засагч хүний өнцгөөс харахад төгрөгийн ханшаа чангаруулах ёстой. Ингэснээр одоо авч байгаа цалин нь 1,000 ам.долларт хүрэх давуу талтай. Өөрөөр хэлбэл төсөв болон мөнгөний бодлогоо уялдуулж явбал төгрөгийн ханш чангарах боломжтой" хэмээн хариулав.