Монгол үндэстэн мянга мянган жилдээ бахархан дурсах өдөр тохиож байна
Бүгд Найрамдах улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ой тохиож байна.
Бахархалт эл өдөрт зориулан УИХ-ын гишүүн А.Ганбаатар өөрийн байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр хэлэхдээ “1924 оны 9 дүгээр сарын 8-нд Нийслэл хүрээнд эхэлсэн Монгол Улсын анхдугаар Их хуралд Халхын дөрвөн аймаг, Дөрвөдийн хоёр аймаг, Алтай ба Хөвсгөлийн урианхай хошууд, Дарьганга, Ховдын тариачин хошуу болон ардын цэргийн ангиудаас нийт 90 хүн төлөөлөгчөөр сонгогдсоноос 77 нь оролцсон.
Хоёр сар гаруйн турш хуралдсаны эцэст одоогоос яг нэг зуун жилийн өмнөх энэ өдөр анхны Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласан билээ.
6 бүлэг, 50 зүйл бүхий энэ хуулийн тэргүүн буюу 1 дүгээр бүлэгт “Монголын жинхэнэ ардын эрх чөлөөг илтгэн тунхаглах нь” хэмээжээ.
Монгол Улс туурга тусгаар төр улсаа дэлхий дахинд зарлаж, хуульчилсан нь үндэстний ой санамжид өнө мөнхөд үлдэх буй заа!
Их зохиолч Д.Нацагдорж энэ үйл явдлыг “Үзэгдээгүй сонин гайхамшигт явдал болж, олон ард түмний сэтгэлийг ихэд хөдөлгөсөн” хэмээн тэмдэглэсэн байдаг. Монгол үндэстэн зуу зуун, мянга мянган жилдээ бахархан дуурсагдах ерөөл өргөөд, Монгол Улс анхны Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны анхны 100 жилийн ойн мэндийг дэвшүүлье” хэмээв.