О.Саранчулуун: ЕБС хүүхэд хамгаалах бодлогоо дээрэлхэлтийн эсрэг арга хэмжээтэй эндүүрдэг
2024.11.28

О.Саранчулуун: ЕБС хүүхэд хамгаалах бодлогоо дээрэлхэлтийн эсрэг арга хэмжээтэй эндүүрдэг

ЮНЕСКО-гоос жил бүрийн арваннэгдүгээр сард “Сургуулийн орчин дахь хүчирхийлэл, дээрэлхэлт, цахим дарамтыг устгах олон улсын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. 

Уг өдрийн хүрээнд Хүний эрх хамгаалагч Хүчирхэг залуус ТББ Mongolian National Commission for UNESCO-той хамтран “Сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт ба гадуурхалтын эсрэг“ үндэсний форумыг зохион байгуулж байна.

Энэхүү форумд УИХ дэргэдэх Ялгаварлан гадуурхалтын эсрэг ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн О.Саранчулуун панелистаар оролцлоо.

Тэрбээр хэлэхдээ “Салбаруудын төлөөлөл цуглаж, сургуулийн орчин дахь дээрэлхэлт буюу BULLYING, бусад ялгаварлан гадуурхалт хэрхэн өрнөж, ямар үр дагавруудыг үүсгэж байгаа тухай хэлэлцлээ. Тэгвэл яаж үүний эсрэг үр дүнтэй бодлого боловсруулах вэ гэдэг дээр санал, бодлоо мөн солилцсон юм.

Сургуулиуд хүүхэд хамгаалах бодлого гаргасныгаа дээрэлхэлтийн эсрэг арга хэмжээ авчихлаа гэж эндүүрээд байдаг. Дахиад сургууль бүрт дээрэлхэлтийн эсрэг бодлого байх хэрэгтэй. Бид зүгээр л асуудлыг сөхөж, хэдэн талаас нь ярьсан үр дүнгүй яриаг нэгээр нэмэхийг хүсэхгүй байна.

Иймд хэлэлцүүлгийн үр дүнд ЕБС бүр дээрэлхэлтийн эсрэг бодлоготой болох тухай албан тоот хүргүүлэхээр болов. Үр дүн хариугаа хуваалцана” хэмээн мэдэгдэв.