Л.Энх-Амгалан: Монгол Улсын шинжлэх ухааны ажилтны өдрийн мэндийг өргөн дэвшүүлье
2024.11.29

Л.Энх-Амгалан: Монгол Улсын шинжлэх ухааны ажилтны өдрийн мэндийг өргөн дэвшүүлье

Монгол Улсын хөгжлийн түүчээ болсон шинжлэх ухааны салбарын эрдэмтэн, судлаач, албан хаагч, ажилтан Та бүхэндээ Монгол Улсын шинжлэх ухааны ажилтны өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Монгол Улсын хөгжил шинжлэх ухаанд суурилдаг, төрийн бодлого, төрийн шийдвэр бүр шинжлэх ухаанч байдаг, шинжлэх ухааны салбарын үе үеийн эрдэмтэн судлаачдын нийгмийн асуудалд төр анхаарал хандуулдаг, бүх талаар дэмждэг байх ёстой. Боловсрол, шинжлэх ухааны сайдаар 3,6 жил ажиллах хугацаанд Шинжлэх ухааны салбарын тогтолцооны шинэчлэлүүд хийхийг зорьж ажиллажээ.

САНХҮҮЖИЛТИЙН ТОГТОЛЦООНЫ ШИНЭЧЛЭЛ:
Олон улсын шинжлэх ухааны байгууллагуудын үндсэн санхүүжилтийг хэлбэр болох өрсөлдөөнт болон тогтмол санхүүжилтийн эрх зүйн орчныг бүрдүүлэн энэ төрлийн санхүүжилтийг олгож эхлээд байна.

ГАРААНЫ КОМПАНИ, ИННОВАЦЫГ ХӨГЖҮҮЛЭХЭД:
Бүх төрлийн гарааны компани болон программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид 5 төрлийн татварын дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчин бүрдэн, хэрэгжиж эхлээд байна. Түүнчлэн, Монгол Улсад инновацын соёлыг идэвхжүүлэн, орон нутаг, бүс, нийслэлд тулгамдаж буй асуудлыг иргэдийн оролцоотойгоор инновац, технологи ашиглан шийдэх үндэсний хэмжээний “MON-X” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байна.

ХҮНИЙ НӨӨЦИЙН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ, ЦАЛИН, ОЮУНЫ ҮНЭЛЭМЖИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХЭД:
Салбарын албан хаагчдын цалингийн системд өөрчлөлт оруулан шатлалгүй болгож, доод хэмжээг 1,100,000.0₮ байхаар буюу 41.5 хувиар нэмэгдүүлсэн, залуу судлаачдын оюуны үнэлэмжийг дээшлүүлэн "Хүрэлтогоот" -ийн шилдэг 14 судлаачдад олгодог байсан 4 сая төгрөгийг 10 сая болгон нэмэгдүүлэн, шинжлэх ухааны шилдэг бүтээлийн тусгай грантыг бий болгов.

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛЫН УЯЛДААГ ХАНГАХ, ПРАКТИК ҮР ДҮНГ САЙЖРУУЛАХАД:
Хэрэгцээнд тулгуурласан салбар дундын болон салбар дамнасан судалгаа, шинжлэх ухааны төслийг дэмжих, төслийн бүтцэд өөрчлөлт оруулан улсын захиалгат, технологийн туршилт зүгшрүүлэлт, инновацын грантын тоог нэмэгдүүлэх бодлогыг баримтлан, ажиллаж байна.

ЦАХИМ, НЭЭЛТТЭЙ ШИНЖЛЭХ УХААНЫГ ХӨГЖҮҮЛЭХЭД:
“Судлаачийн мэдээллийн сан” системийн хөгжүүлэн, data.stf.gov.mn цахим портал дээр 1993-2020 онуудад хийгдсэн нийт 4436 судалгааны ажлын тайлан, үр дүнг олон нийтэд ил болгож, олон улсын мэдээллийн санг эрдэмтэн судлаач нар ашиглах эрхийг бий болгосон.
Өнөөдрийн байдлаар Скопус мэдээллийн санд бүртгэлтэй Монгол улсаас 9138 бүтээл, нийт эшлэл 150688, h-index 138-д хүрсэн байна. Жилд авагдаж буй эшлэлийн тоо 2008 онд 2032, 2022 онд 20614-д хүрсэн нь 10 дахин нэмэгдсэн байна.

ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ, ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД:
Монгол улсын 21 аймаг, нийслэлд Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийг байгуулан үйл ажиллагааг нь эхлүүлэн, Шинжлэх ухааныг түгээх аяныг 10 аймагт зохион байгуулаад байна. Хөрш орнууд болон хөгжингүй орнуудтай хамтарсан судалгааны тоог нэмэгдүүллээ.

САЛБАРЫН ДЭД БҮТЦИЙГ БИЙ БОЛГОХОД:
“Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийг нэгдсэн цогцолбор” төсөл амжилттай хэрэгжиж байна. 2024 оноос тус цогцолборын лабораторийн барилгууд хэсэгчлэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД:
Салбарын суурь хууль болох Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийг 2024 оны УИХ-ын хаврын чуулганаар батлуулж, эрх зүйн орчныг бүрдүүлж чадлаа.

ҮНДЭСНИЙ ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД:
Залуу эрдэмтэн судлаачдынхаа орон сууцны асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллах болно.

Хүндэтгэсэн, УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан