Ш.Сайхансамбуу: Өдийд тэр залуу цаазлуулчихсан л байх байсан
-Танаас Нямсүрэн гэж нэг иргэнд их тус болсон тухай тодруулах гэсэн юм?
-Олон жилийн өмнөх явдал шүү дээ. За байз 2001 онд шиг санагдаж байна. Би татварын хэргээр баривчлагдаад “Ганц худаг”-ийн мөрдөнд сууж байсан юм. Тэнд 14 хонохдоо тэр залуутай нэг өрөөнд байлаа. Увс аймгийн Наранбулаг сумын уугуул Мянгадын Нямсүрэн гэдэг хүн. Мань эр хүн амины хэргээр хуулийн дээд авсан тухайгаа ярихгүй юу. Болсон явдлын талаар л үнэнээ хэлсэн гэсэн үг л ээ.
-Хүн алаагүй гэдгээ л үнэнээр нь яриа биз?
-Тэгсэн. Уг нь хулгайн олон үйлдэлтэй. Бараа агуулдаг контейнер ухдаг байсан юм билээ. Бараг 150 ч билүү хулгайн хэрэг хүлээлгэсэн гэж байгаа.
-Хүлээлгэж гэхээр тулгачихсан гэсэн үг үү?
-Ер нь эзэн нь олдохгүй хэргийг энэ мэтийн нөхдөд тулгаад хүлээлгэчихдэг гэж ярьдаг. Дарамталж байгаад л олон хэрэг хүлээлгэдэг. Тэгээд олон хэрэг илрүүлсэн гэж шагнал урамшил авдаг бололтой. Тэр хүн амины хэргийг ч гэсэн хоёр гурван жил хорьж, дарамталж байгаад л хүлээлгэсэн байсан.
-Тэгээд цааз авсан байсан болж байна уу?
-Харин тийм. Уг нь нас барсан хоёр нөхөртэй хамт архидсан л юм байна лээ. Нас барсан шалтгааныг нь шүүх эмнэлэг гадны нөлөөгүй, өвчний хүндрэлээс гэж тогтоосон гэсэн. Анхан шатны шүүхээс хүн амины хэргийг нь хэрэгсэхгүй болгоод, хулгайн хэргээр нь ялласан юм байна лээ. Тэгсэн цагдаагийн нэг хошууч Гансүх билүүдээ, мань нөхрийг хоригдлуудаар дарамтлуулж хэрэг хүлээлгээд, түүнийгээ “бууны нохой” гэх ховч нөхрөөр гэрчлүүлээд, хүн амины хоёр ноцтой хэрэг илрүүлсэн нэр зүүсэн гэдэг юм.
-Тэр Гансүх нь одоо хаана ажилладаг бол?
-Гансүх биш юм байна. Батсүх гэдэг шиг билээ. СБД-ийн л мөрдөн байцаагч байсан санаж байна. Том хэрэг илрүүлсэн учир хурандаа цолоор шагнуулж, орон сууцтай болсон төдийгүй албан тушаал ч ахисан гэж сонссон.
-Тэгээд цааз авсан байхад нь та яаж тусалсан юм?
-Нямсүрэн зайлуул, Увсын олон хүүхэдтэй айлын том нь гэдэг юм. Хотод ирээд хулгай хийдэг болсон. Гэрийнхэнтэйгээ холбоо тасраад удчихсан болохоор бүр горьдлого тасарсан гэсэн үг л дээ. Өмгөөлөгч авах мөнгө ч байхгүй. Байлаа ч шоронгоос хаана хэнд хандахаа ч мэдэхгүй л байхгүй юу. Гурван удаа цааз сонссон төдийгүй, нэг удаа гавлагдаад явсан гэж байгаа. Тэгээд би өрөвдөөд өмгөөлөгч олж өгнө гэж амласан юм. Гараад Цэрэндулам гэж гавьяат өмгөөлөгчтэй уулзаж мөнгө төгрөгийг нь төлөхөөр тохирсон. Шууд зөвшөөрөөгүй л дээ. Хэрэгтэй танилцаж байгаад хариу өгье гэсэн. Танилцсаныхаа дараа болмоор юм байна. Би өмгөөлнөө л гэсэн.
-Гэхдээ хүн амины хэрэг нь хэвээрээ үлдсэн бололтой юм даа?
-Түүнийг нь сайн мэдэхгүй. Ямар ч гэсэн цаазлах ял нь өөрчлөгдөж, хорих ял авсан байсан. 25 жил өгснөөс гянданд нэг жил, чанга дэглэмд таван жил, үлдсэн нь жирийн дэглэмтэй хорихоор болсон доо. Хулгайч нарт дуртай хэн байхав. Гол нь хүнийх нь хувьд л өрөвдсөн. Тэгээд ч цагдаагийнхны ёс зүйгүй байдалд их дургүйцсэн л дээ. Туслах, хөөцөлдөх хүнгүй нэгнийг цаазлахаа ч юман чинээ бодохоо больсон нь арай ч дэндсэн санагдсан.
-Түүнээс хойш дахин уулзсан уу?
-Уулзсан, уулзсан. Хоёр гурван ч удаа уулзаж, эргэлт оруулж, бас хэдэн төгрөг өгч байсан шүү. Эхэндээ ч хүнд байх шиг харагдсан. Зүүн хараад хоригдож байгаад дэглэм бууран Авдрантад ирсэн хойно нь нэг уулзсан. Орчиндоо дасаад ч юм уу овоо өнгө зүс орчихсон байсан. Надад их баярладаг юм байна лээ. Ямар сайндаа л хүзүүндээ миний зургийг жижигхэн гуунд хийгээд зүүчихсэн байсан гээч.
-Одоо ч гэсэн хуулийнхан өмгөөлөгчөөр дамжуулан хүнээс мөнгө нэхдэг тухай яриа гараад л байх юм ?
-Тэр үнэн шүү дээ.
Олхонууд ШААБАР
Эх сурвалж: Өдрийн сонин