294 сумын 796 ЕБС, цэцэрлэг, дотуур байрыг стандарт шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжтай болгоно
2024.10.30

294 сумын 796 ЕБС, цэцэрлэг, дотуур байрыг стандарт шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжтай болгоно

Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн "Ажлын хэсэг байгуулах тухай" 01 дүгээр тогтоолоор төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрын нүхэн жорлонг орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын явцад дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан.

Ажлын хэсгийн ахлагчаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын Байнгын хорооны дарга Ч.Ундрам ажиллах бол гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа, Д.Рэгдэл, М.Сарнай, Б.Хэрлэн, С.Эрдэнэбат нар багтжээ. Ажлын хэсэг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хуралдаж, төслийн явцын талаар мэдээлэл сонсож, Ажлын удирдамжаа баталлаа.

4 үе шаттай хэрэгжиж буй энэхүү төсөлд нийт 17 аймгийн 294 сумын 796 ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрыг орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжтай болгоно. Өнөөдрийн байдлаар Улсын хэмжээнд: 

Байнгын ашиглалтад оруулах комисс ажилласан 142 сумын 424 объект;

Комисс ажиллахад бэлэн болсон 34 сумын 82 объект;

Барилга угсралтын ажил үргэлжилж байгаа 90 сумын 206 объект;

Барилга угсралтын ажлын тендер зарлагдсан 10 сумын 21 объект;

Ажлын зураг төсөл магадлалд хянагдаж байгаа 8 сумын 37 объект;

Гэрээ цуцлагдаж байгаа 10 сумын 26 объект байна.

Ажлын хэсэг дараах асуудлуудад анхаарч ажиллана. Үүнд:

Ариун цэврийн байгууламжийн засвар болон цэвэрлэгээ үйлчилгээ хариуцах бүтэц, орон тоог бий болгох, шаардагдах санхүүжилтийг шийдвэрлэх;

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрын цэвэрлэгээ, үйлчилгээний зардлыг нэмэгдүүлэх /00-ын цаас, саван гэх мэт

Ашиглагчийн урсгал зардал /цахилгаан, цэвэр, бохир ус, засвар үйлчилгээ хийх гэх мэт/-ыг нэмэгдүүлэх;

Аймаг, сумдын Засаг дарга нарыг үүрэгжүүлж, стандарт мөрдүүлэх, боловсролын сургалтын байгууллагын орчны нүхэн жорлонг устгуулах;

Төслийн 1, 2 дугаар ээлжийн гэрээний дүнгээс магадлалаар баталгаажиж өссөн зөрүүг шийдвэрлэх;

Сумдын шинэчлэл төслийн хүрээнд хийгдэж байгаа цэвэр, бохир усны төв шугамыг яаралтай ашиглалтад оруулах;

Төслийн санхүүжилтийн хэмнэлтээс зарим сумдын цэвэр ус түгээх, бохир ус татан зайлуулах машин авах асуудлыг шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд суралцагчид цэвэр ус уух боломжийг хангах зэрэг болно.