Төр, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх эрх зүйн орчныг боловсронгуй болгох үүрэг бүхий ажлын хэсэг хуралдлаа
УИХ-ын даргын 2024 оны 94 дүгээр захирамжаар байгуулагдсан Төр, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх зарчмын хүрээнд холбогдох эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар судлах, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн анхдугаар хуралдаанаа энэ сарын 19-нд зохион байгуулав.
Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг ахалж, Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар, А.Ариунзаяа, О.Батнайрамдал, П.Батчимэг, Б.Бат-Эрдэнэ, Ш.Бямбасүрэн, А.Ганбаатар, Г.Ганбаатар, П.Ганзориг, Б.Жаргалан, М.Мандхай, М.Нарантуяа-Нара, Б.Найдалаа, О.Номинчимэг, Б.Пунсалмаа, Д.Пүрэвдаваа, С.Цэнгүүн, Ө.Шижир, Д.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан.
Хуралдаанд 12 гишүүн оролцсон бөгөөд ЗГХЭГ, Бүтээмжийн үндэсний хороо, Монополын газар зэрэг холбогдох байгууллагын албан тушаалтнууд оролцож, мэдээлэл хийлээ. Тухайлбал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Монополын газраас төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар товч мэдээлэл хийлээ. Тус газар Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийг хамгаалах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай, Зар сурталчилгааны тухай хуулийн хэрэгжилтэд бүрэн хяналт тавин ажиллаж байгааг дурдлаа.
2024 оны байдлаар дөрвөн мэдээлэл гомдол хүлээж авах сувгаар нийт 3500 орчим өргөдөл, гомдол ирсэн. 2023 онд 228 өргөдөл гомдол ирж байсан бол 2024 оны өнөөдрийн байдлаар 530 орчим өргөдөл, гомдол ирснийг шийдвэрлэн ажилласан гэв. Монгол Улсын хэмжээнд монопол болон давамгай байдалтай тогтоогдсон хуулийн этгээдүүд байдаг. Үүнд зах зээлийн судалгаа хийж давамгай юм уу, монопол уу гэдгийг тогтоодог байна.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 135 монопол аж ахуйн эрхлэгч байгаа бол, 173 аж ахуй эрхлэгч нь зах зээл дээр давамгай байдалтай буюу гуравны нэгээс дээш хувийг дангаар эзэлдэг гээд өргөдөл, гомдол шийдвэрлэлт бол жилээс жилд нэмэгдэж байгаа.
Төрийн бүтээмжийн үндэсний хорооны холбогдох мэдээлэлд тус тус хийлээ. Үндэсний хорооны үйл ажиллагааны зорилго нь хууль, тогтоомжийн үнэлгээ хийж, төр хувийн хэвшлийн байр суурийг тусгаж, технологид суурилж Засгийн газрын үйл ажиллагааг сайжруулахад чиглэж, төрийн хүнд суртлыг бууруулах, илүүдэл зохицуулалтыг халах, төрийн байгууллагын бүтцийг шинэчлэн тогтоох, үр дүнгүй зардлыг танах үндсэн чиг үүрэгтэй аж. Мөн зардал бууруулж, ил тод байдлыг нэмэгдүүлж богино хугацааны үр дүнд гаргах, урт хугацаанд үр ашигтай, бизнес эрхлэхэд таатай засаглал бий болгоно гэж байлаа.